Удиртгал
Сүүлийн өдрүүдэд нүүрсний экспорт, төмөр замын мега төсөлтэй холбоотой авлигын дуулиан болон Ерөнхийлөгчийн огцрох мэдэгдэл нийгмийг доргиож байна. Олон нийт үүнийг улс төрийн тэмцэл, хувь улстөрчдийн ёс зүйн доголдол мэтээр харж байгаа ч, үүний цаана Монголын эдийн засгийн хамгийн том бөгөөд суурь гажуудал нуугдаж буй. Энэ нь манай институцийн тогтолцоо шинээр баялаг бүтээхээс илүүтэй, төрийн эрх мэдлийг ашиглан бэлэн баялгаас хуваарилж авахыг илүү ихээр урамшуулж байгаа явдал юм. Энэхүү нийтлэлээр бид эдийн засаг дахь рент хайх (rent-seeking) үзэгдэл гэж юу болох, энэ нь хууль зүйн хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгтэй хэрхэн огтлолцдог болон эдийн засагт ямар хэмжээний хохирол учруулдгийг тайлбарлах болно.
Баялаг бүтээх үү, эсвэл баялгийг дахин хуваарилах уу?
Бизнес эрхлэгчдэд ашиг орлогоо нэмэгдүүлэх хоёр зам бий. Эхнийх нь, шинэ технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүнээ сайжруулан, зардлаа бууруулах замаар хэрэглэгчдийн таашаалд нийцэх. Хоёр дахь нь, хууль тогтоогчид эсвэл шийдвэр гаргагчидтай тохиролцож, өрсөлдөгчдөө зах зээлээс шахах журам, тушаал, шийдвэр гаргуулах, эсвэл төрөөс онцгой эрх, тендер авах.
Эхний зам нь эдийн засагт шинээр үнэ цэн бүтээж, нийт баялгийг (бялууг) томруулдаг. Харин хоёр дахь нь зөвхөн хэдийнээ бий болсон баялгаас өөртөө илүү том зүсэм авахыг зорьдог бөгөөд нийгэмд ямар ч нэмэлт баялаг бүтээдэггүй. Эдийн засгийн шинжлэх ухаанд энэхүү хоёр дахь замыг рент хайх (rent-seeking) үйл ажиллагаа гэж нэрлэдэг.
Технологио шинэчлэх
Чанараа сайжруулах
Зардлаа бууруулах
Онцгой эрх авах
Давуу зохицуулалт бий болгуулах
Энд рент гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн түрээс бус, харин зах зээлийн өрсөлдөөнөөр биш төрийн бодлого, зохицуулалтын давуу байдлыг ашиглан олж буй илүүдэл ашиг гэсэн утгыг илэрхийлнэ.
Огтлолцол: Рент хайх ба Эрх мэдлээ урвуулан ашиглах
Эдийн засагчдын рент хайх хэмээн нэрлэдэг үзэгдлийг өнөөгийн нийгэмд хамгийн ойрхон, хялбар буулгаж харах боломжтой үзэгдэл бол Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нь нэг зоосны хоёр тал юм.
Аливаа бизнес төрийн хөшүүргийг ашиглан зохиомол давуу байдал (шууд тендер, лиценз, хөнгөлөлт) олж авахыг хичээх нь эдийн засгийн рент хайх үйлдэл бол, тэрхүү рентийг хууль зөрчин олгож, бусдад давуу байдал бий болгож буй төрийн албан хаагчийн үйлдэл нь албан тушаалын гэмт хэрэг болж хувирдаг.
Албан ёсны статистик мэдээллээс харахад, Монголд рент хайх үйл ажиллагаа институцийн түвшинд ямар өргөн хүрээнд хэрэгжиж буй нь тодорхой харагдана. Сүүлийн найман жилийн (2017-2024) хугацаанд анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн энэ төрлийн хэргийн тоо 65 дахин өссөн бол, ял шийтгүүлсэн хүний тоо 228 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн шүүхээр шийдвэрлэгдсэн нэг хэрэгт дунджаар 1.2-1.5 яллагдагч ногдож байгаа нь рент хайх үйл ажиллагаа нь ганц нэг хүний үйлдэл бус, бүлэглэлийн шинжтэй хэрэгждэгийг нотолж байна (Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, 2025).
Рент хайх нь эдийн засагт ямар хохиролтой вэ?
Түүхэн сургамж
Энэхүү үзэгдэл эдийн засагт ямар аймшигтай хохирол учруулдгийг 1974 онд эдийн засагч Энн Крюгер (Anne Krueger)-ийн судалгаа харуулдаг. 1960-аад оны үед Энэтхэг болон Турк улсууд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах нэрийдлээр импортын бараанд хатуу хязгаарлалт тогтоож, зөвхөн лицензтэй хүмүүст импортлох эрх олгож байв. Үүний үр дүнд компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бус, харин төрийн албан хаагчдыг лоббидож импортын лиценз олж авахад хамаг хүч, нөөцөө баржээ. Крюгерийн тооцоолсноор, энэхүү рент хайх үйл ажиллагаанаас үүдэлтэй нийгмийн алдагдал Энэтхэгийн ДНБ-ий 7.3 хувь, Туркийн ДНБ-ий 15 хувьтай тус тус тэнцэж байв (Krueger, 1974).
Өнөөгийн АНУ-д ч рент хайх үйл ажиллагаа өндөр түвшинд явагддаг. Татвар тайлагналын "TurboTax" програмыг хөгжүүлэгч "Intuit" компани үүний сонгодог жишээ юм. АНУ-ын Засгийн газар иргэдэд үнэ төлбөргүйгээр татвараа тайлагнах цахим систем нэвтрүүлэхээр оролдсон боловч уг компани хуулийг батлуулахгүй, төслийг гацаахын тулд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 25-30 сая ам.долларыг лоббид (нэгэн төрлийн rent-seeking) зарцуулжээ. Тэд энэ мөнгийг програмаа сайжруулахад бус, хэрэглэгчийн үнэгүй үйлчилгээ авах боломжийг хааж, монопол байдлаа хамгаалахад зарцуулжээ (Elliott & Kiel, 2019).
Бүтээмжийн уналт ба Ур чадварын буруу хуваарилалт
Рент хайх тогтолцооны хамгийн том хор уршиг нь хулгайлагдсан мөнгөний алдагдал төдий биш, харин хүний нөөц, авьяас чадварын буруу хуваарилалт юм.
Хэрэв эдийн засагт шинээр баялаг бүтээхээс илүү төрийн шийдвэрт нөлөөлөх нь ашигтай болчихвол компаниуд шилдэг инженер, эрдэмтдийг бус, харин төрийн албан хаагчидтай "хэл амаа ололцдог" зуучлагчдыг өндөр үнээр ажилд авч эхэлдэг. Улс орны өндөр боловсролтой залуус технологийн стартап байгуулж, инновац хийхийн оронд уул уурхайн лиценз хөөцөлдөж, тендерийн бичиг баримт зохицуулагч болон хувирдаг. Энэ нь урт хугацаандаа улс орны нийт бүтээмжийг зогсонги байдалд оруулдаг.
Судалгаа · Технологи
Шинэ бүтээгдэхүүн · Инновац
Төрийн шийдвэрт нөлөөлөх
Лиценз, тендер хөөцөлдөх
Бизнесийг буруутгах уу, эсвэл тогтолцоог засах уу?
Рент хайхыг зөвхөн бизнес эрхлэгчдийн ёс зүйгүй үйлдэл мэтээр хялбарчлан ойлгож болохгүй. Өрсөлдөөний давуу талыг олж авах, татварын хөнгөлөлт хүсэх, татаас авах нь хуулийн хүрээнд өрнөж байдаг л үйл явц. Тиймээс зөвхөн бизнесүүд рүү хуруугаа чичлэх нь өрөөсгөл юм. Бизнес бол ашиг олох зорилготой байгууллага бөгөөд тэд өгөгдсөн тоглоомын дүрмийн хүрээнд өөрсдөдөө хамгийн ашигтай хувилбарыг л сонгоно.
Асуудлын үндэс нь манай улсын институцийн орчин бүтээмжээс илүүтэй төрийн хөшүүргийг ашигтай болгож урамшуулж байгаад оршино. Тиймээс шийдэл нь хувь хүний ёс зүйд найдах бус, харин төрийн шийдвэр гаргалтыг ил тод болгох, эдийн засаг дахь төрийн оролцоо, төсвийн төвлөрлийг хумих, институцийн гажуудлыг засахад чиглэх ёстой. Төрийн худалдан авалтыг 100 хувь нээлттэй болгох, шууд гэрээ хийх хуулийн цоорхойг хаах, аливаа зохицуулалт тогтоохын өмнө нөлөөллийн судалгааг хараат бусаар хийдэг байх зэрэг нь рент хайгчдын орон зайг хязгаарлах, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийн хөрсийг устгах үндсэн алхмууд юм.
Төрийн худалдан авалтыг 100 хувь нээлттэй болгох.
Шууд гэрээ хийх боломж олгодог хуулийн цоорхойг хаах.
Аливаа зохицуулалт тогтоохын өмнө нөлөөллийн судалгаа хийх.
0 Comments