Эдийн засгийг ойлгохын тулд хүмүүсийн шийдвэрийг ойлгох хэрэгтэй

POLICY 2.0 НИЙТЛЭЛ Бичсэн: Б.Пунцаг Редактор: С.Өнөр 2026 оны Эдийн засгийн Нобелийн шагналыг энгийнээр тайлбарлах нь Танд гэнэт нэг сая төгрөгийн нэмэлт орлого орж ирлээ гэж бодъё. Та тэр мөнгөөрөө юу хийх вэ? Магадгүй удаан авахыг хүссэн зүйлээ худалдаж авна. Эсвэл хадгаламждаа хийнэ. Зарим хүн зээлээ төлөх бол өөр нэг нь өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулна. […]

Нийтэлсэн: admin

|

2026-10-21

|

1 мин унших

|

80 үзэлт

|

POLICY 2.0 НИЙТЛЭЛ

2026 оны Эдийн засгийн Нобелийн шагналыг энгийнээр тайлбарлах нь

Танд гэнэт нэг сая төгрөгийн нэмэлт орлого орж ирлээ гэж бодъё. Та тэр мөнгөөрөө юу хийх вэ? Магадгүй удаан авахыг хүссэн зүйлээ худалдаж авна. Эсвэл хадгаламждаа хийнэ. Зарим хүн зээлээ төлөх бол өөр нэг нь өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулна.

Харин энэ нэг сая төгрөг ганц удаа орж ирэх биш, цалин тань сар бүр ийм хэмжээгээр нэмэгдэхээр болсон бол яах вэ? Тэгвэл таны гаргах шийдвэр өөр байж магадгүй. Энэ хоёр тохиолдолд таны авсан мөнгөний хэмжээ ижил боловч ирээдүйн талаарх хүлээлт өөр учраас зарцуулалт ч өөрчлөгдөнө.

Нэг сая төгрөг: хоёр өөр хүлээлт
НЭГ УДААГИЙН ОРЛОГО 1,000,000 ₮

Зөвхөн нэг удаа нэмэлт мөнгө орж ирнэ.

САР БҮРИЙН НЭМЭГДЭЛ +1,000,000 ₮

Цалин сар бүр энэ хэмжээгээр нэмэгдэнэ.

Эхийн жишээ. Орлого орж ирэх давтамж өөр тул ирээдүйн хүлээлт, зарцуулах шийдвэр ч ялгаатай байж болно.

Энгийн мэт санагдах энэ ялгаа эдийн засгийн бодлогод асар чухал нөлөөтэй. 2026 оны Эдийн засгийн Нобелийн шагналыг хүртсэн Америкийн эдийн засагч Роберт Э. Холл (Robert E. Hall), Майкл Вүүдфорд (Michael Woodford) нарын судалгааны гол санаа ч үүнтэй холбоотой. Тэд эдийн засгийг бүхэлд нь ойлгохын тулд эхлээд иргэд, компаниуд хэрхэн шийдвэр гаргадаг, тэр шийдвэрт ирээдүйн талаарх хүлээлт хэрхэн нөлөөлдгийг судлах хэрэгтэйг харуулсан юм. (The Royal Swedish Academy of Sciences, 2026a)

Эдийн засгийг удирдах нь яагаад хэцүү байдаг вэ?

Эдийн засаг үргэлж тогтвортой өсдөггүй. Зарим үед бизнесүүд ашигтай ажиллаж, ажлын байр нэмэгдэж, хүмүүсийн орлого өсдөг. Харин зарим үед борлуулалт буурч, компаниуд ажилтнаа цомхотгож, өрхүүд хэрэглээгээ танахад хүрдэг. Засгийн газар болон төв банк эдгээр огцом савлагааг аль болох зөөлрүүлэхийг зорьдог.

Жишээлбэл, эдийн засаг удааширч, хүмүүсийн худалдан авалт буурахад төр зарлагаа нэмэгдүүлэх, төв банк бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засгийг дэмжиж болно. Харин эрэлт хэт өсөж, үнэ хурдтай нэмэгдэх үед эсрэг арга хэмжээ авах шаардлага гарч болно. Үүнийг эдийн засгийг тогтворжуулах бодлого гэж нэрлэдэг. Гэхдээ асуудал нь ийм арга хэмжээ үргэлж санаснаар нөлөөлдөггүйд оршино.

Тухайлбал, төрөөс мөнгөн дэмжлэг олгоход хүмүүс түүнийгээ бүгдийг нь зарцуулна гэж тооцож болохгүй. Төв банк бодлогын хүүгээ буурууллаа гээд компани болгон зээл авч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхгүй. Яагаад гэвэл хүмүүс ирээдүйдээ итгэж эсвэл эргэлзэж, өөр өөр нөхцөлд өөр өөр шийдвэр гаргадаг.

Роберт Холл: Хүмүүс зөвхөн өнөөдрөөр амьдардаггүй

Өмнө нь эдийн засагчид өрхийн хэрэглээг өнөөдрийн орлоготой нь шууд холбож тайлбарлах нь түгээмэл байв. Орлого өсвөл хэрэглээ нэмэгдэнэ, орлого буурвал хэрэглээ багасна гэсэн үг. Гэвч Роберт Холл 1978 оны судалгаагаараа үүнээс илүү нарийн зүйлийг харуулсан. Хүмүүс өнөөдөр хэдэн төгрөг олж байгаагаас гадна ирээдүйд хэр хэмжээний орлого олохоо төсөөлж, хэрэглээгээ төлөвлөдөг.

Жишээ нь, та ирэх сард ажлаасаа гарч магадгүй гэж санаа зовж байвал өнөөдөр хангалттай орлоготой байсан ч томоохон худалдан авалтаа хойшлуулж болно. Харин удахгүй тушаал дэвшиж, орлого тань тогтвортой нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байвал хэрэглээгээ эртнээс нэмэгдүүлж магадгүй.

Холлын судалгааны нэг чухал санаа нь хүмүүс ирээдүйн талаарх мэдэж буй мэдээллээ өнөөдрийн шийдвэртээ тусгадаг учраас хэрэглээний дараагийн өөрчлөлт ихэвчлэн шинээр ирсэн, урьдчилан мэдэх боломжгүй мэдээлэлтэй холбоотой байдаг гэсэн дүгнэлт юм.

Мэдээж хүн бүр ийм байдлаар шийдвэр гаргах боломжтой биш. Хадгаламжгүй, зээл авах боломжгүй өрхийн хувьд ирээдүйн орлогоос илүү өнөөдөр гар дээрээ хэдэн төгрөг байгаагаас хэрэглээ нь шууд хамаарна. Харин санхүүгийн боломжтой өрх орлогын түр зуурын өөрчлөлтөд хэрэглээгээ төдийлөн өөрчлөхгүй байж болно. Иймээс төрөөс ижил хэмжээний мөнгөн дэмжлэг олгоход нэг өрх шууд зарцуулж, нөгөө нь хадгалах боломжтой.

Ижил дэмжлэг, ялгаатай шийдвэр
САНХҮҮГИЙН БОЛОМЖ ХЯЗГААРЛАГДМАЛ

Өнөөдрийн хэрэгцээ

Хадгаламжгүй, зээл авах боломжгүй өрхийн хэрэглээ өнөөдрийн орлогоос шууд хамаарна. Нэмэлт мөнгийг өдөр тутмын хэрэгцээнд зарцуулж болно.

САНХҮҮГИЙН БОЛОМЖТОЙ

Ирээдүйн төлөвлөгөө

Орлогын түр зуурын өөрчлөлтөд хэрэглээгээ төдийлөн өөрчлөхгүй байж болно. Нэмэлт мөнгийг хадгалах боломжтой.

Эхийн санааг нэгтгэв. Энэ нь өрх бүр заавал ижил шийдвэр гаргана гэсэн ангилал биш.

Энэ бол Холлын судалгаанаас гарч буй бодлогын чухал сургамж юм. Төр хэдэн төгрөг зарцуулж байгаагаас гадна тэр мөнгө хэнд очиж, тухайн хүн ямар шийдвэр гаргах нь чухал.

Майкл Вүүдфорд: Төв банкны шийдвэр бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Холл өрхүүд хэрхэн шийдвэр гаргадагт анхаарсан бол Майкл Вүүдфорд эдгээр шийдвэр, компаниудын үнэ тогтоолт, төв банкны бодлого хоорондоо хэрхэн холбогдохыг тайлбарлах загварыг хөгжүүлжээ. Үүнийг Шинэ Кейнсийн загвар (New Keynesian model) гэж нэрлэдэг.

Энэ загварын санааг өдөр тутмын нэг жишээгээр ойлгож болно. Таны ойролцоох кофе шоп сүү, кофе, түрээс, ажилчдын цалингийн зардал нэмэгдэхэд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөх шаардлагатай боллоо гэе. Гэхдээ өртөг нэмэгдэх бүрд маргааш нь үнээ өөрчилдөггүй. Өрсөлдөгчдийн үнэ, хэрэглэгчдийн худалдан авах чадвар, цаашдын зардлаа харгалзаж шийдвэр гаргана. Эдийн засагт үнийг шууд өөрчлөхгүй, тодорхой хугацаанд барьдаг энэ үзэгдлийг үнийн хөшүүн байдал гэж нэрлэдэг.

Нөгөө талд нь төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүллээ гэж бодъё. Үүний нөлөөгөөр банкны зээлийн хүү өсвөл иргэд зээл авч худалдан авалт хийхээ хойшлуулах, компаниуд хөрөнгө оруулалтаа багасгах боломжтой. Ингэснээр нийт эрэлт удааширч, үнийн өсөлтийн дарамт буурч болно. Гэвч энэ нөлөө шууд, нэгэн зэрэг илэрдэггүй.

Бодлогын хүү хэрхэн нөлөөлж болох вэ?
  1. 01 · БОДЛОГО Бодлогын хүү нэмэгдэх
  2. 02 · ШИЙДВЭР Зээлийн хүү өсвөл Зээлээр хийх худалдан авалт, хөрөнгө оруулалт саарч болно.
  3. 03 · ҮР НӨЛӨӨ Нийт эрэлт удаашрах Үнийн өсөлтийн дарамт буурч болно.
Эхийн тайлбарыг нэгтгэв. Нөлөө нь шууд, хүн бүрд ижил илрэхгүй бөгөөд нөхцөл, хүлээлтээс хамаарна.

Зарим хүн өмнө нь авсан тогтмол хүүтэй зээлтэй байж болно. Зарим компани хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө өөрчлөхгүй буюу инерц хадгалагдана. Мөн иргэд ирээдүйд хүү буурна гэж үзвэл өнөөдөр өөр шийдвэр гаргаж болно. Вүүдфордын судалгаа эдгээр нөхцөлийг нэгтгэн авч үзэж, төв банк хүүгээ өөрчлөхөд эдийн засагт ямар үр дагавар гарч болохыг тооцоолох чадварыг сайжруулсан давуу талтай. Энэ эрдэмтний хөгжүүлсэн загварыг өнөөдөр дэлхийн олон төв банк, сангийн яам бодлогын шийдвэр гаргахдаа ашиглаж байна. (The Royal Swedish Academy of Sciences, 2026b)

Үнэ өсөх бүрд нэгэн ижил арга хэмжээ авах ёстой юу?

Дээрх асуулт бол хоёр судлаачийн бүтээлийн ач холбогдлыг ойлгох бас нэг жишээ. 1970-аад онд дэлхий даяар газрын тосны үнэ огцом өссөнөөр үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт удааширсан үе байлаа. Гэтэл өсөлт саарсан атлаа инфляц нэмэгдэж байв. Өмнө нь эдийн засаг удааширвал эрэлтийг дэмжих шаардлагатай гэж үздэг байсан. Гэвч энэ удаад эрэлтийг нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг улам даамжруулах эрсдэлтэй тулгарав. Учир нь асуудал хүмүүс худалдан авалт хийхээ больсонд биш, харин бараа үйлдвэрлэх өртөг өсөж, нийлүүлэх боломж хумигдсанд байсан юм.

Ижил удаашралын цаана өөр шалтгаан байж болно
ЭРЭЛТИЙН ТАЛ

Хүмүүс хэрэглээгээ танах

  1. Ирээдүйдээ итгэлгүй болох
  2. Хэрэглээгээ бууруулах
  3. Нийт эрэлт саарах
НИЙЛҮҮЛЭЛТИЙН ТАЛ

Үйлдвэрлэх өртөг нэмэгдэх

  1. Түлш, түүхий эдийн үнэ өсөх
  2. Үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх
  3. Нийлүүлэх боломж хумигдах

Шалтгаан өөр бол бодлогын хариу ч ялгаатай.

Эхэд дурдсан хоёр нөхцөлийг харьцуулав.

Ижилхэн эдийн засгийн удаашрал ч өөр өөр шалтгаантай байж болно. Хүмүүс ирээдүйдээ итгэлгүй болж, хэрэглээгээ бууруулсан уу, эсвэл түлш, түүхий эдийн үнэ өсөж, үйлдвэрлэлд хүндрэл учирсан уу? Эдгээр нөхцөлд хэрэглэх зохистой бодлого заавал ижил байх албагүй. Тэгэхээр эдийн засгийн бодлого боловсруулагчид зөвхөн инфляц хэдэн хувь, өсөлт хэдэн хувь байгааг харахаас гадна тэдгээр үзүүлэлт яагаад өөрчлөгдөж байгааг ойлгох шаардлагатай.

Төв банкны мэдэгдэл чухал

Вүүдфордын судалгаа зөвхөн бодлогын хүүгийн өөрчлөлт бус, төв банкны ирээдүйн бодлогын талаарх мэдээлэл ч эдийн засагт нөлөөлдгийг харуулсан юм. Жишээлбэл, хүмүүс ирэх жил үнэ дахин огцом өснө гэж таамаглавал өнөөдөр илүү их худалдан авалт хийж ч магадгүй. Компаниуд ч цаашдын зардлаа тооцон бүтээгдэхүүний үнээ урьдчилан нэмэгдүүлэх боломжтой. Харин төв банк инфляцыг тогтворжуулах тууштай бодлого хэрэгжүүлнэ гэдэгт иргэд, бизнес эрхлэгчид итгэж байвал ирээдүйн үнийн өсөлтийн хүлээлт илүү тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.

Тиймээс төв банк зөвхөн зөв шийдвэр гаргахаас гадна яагаад ийм шийдвэр гаргаснаа ойлгомжтой тайлбарлах нь чухал. Өөрөөр хэлбэл, итгэлцэл өөрөө эдийн засгийн бодлогын үр нөлөөнд нөлөөлдөг.

Энэ судалгаа Монголд юуг харуулж байна вэ?

Монголд бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх бүрд иргэд Монголбанкны үйл ажиллагааг шүүмжилж, яагаад инфляцыг бууруулж чадахгүй байна вэ хэмээн байнга асуудаг. Монголбанкны боловсруулсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-д сүүлийн 15 жилийн ердөө 5 жилд нь инфляц зорилтот түвшинд байсныг онцолжээ.

Тухайлбал, 2026 оны наймдугаар сард жилийн инфляц 12.5 хувьд хүрсэн байна. Энэ үед махны үнэ өмнөх жилийнхээс 49.8 хувь, шатахууны үнэ 28.2 хувиар өссөн бөгөөд зөвхөн энэ хоёр бүлгийн үнийн өсөлт нийт инфляцад 6.1 нэгж хувийн шууд нөлөө үзүүлсэн гэж тооцжээ. Эдгээр тоо 2026 оны Нобелийн шагналтнуудын судалгааны нэг чухал санааг ойлгоход тусална.

Монголын инфляц · 2026 оны наймдугаар сар
12.5% Жилийн инфляц
МАХНЫ ҮНЭ +49.8%

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан өсөлт

ШАТАХУУНЫ ҮНЭ +28.2%

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулсан өсөлт

6.1 нэгж хувь Мах, шатахууны үнийн өсөлтийн нийт инфляцад үзүүлсэн шууд нөлөө
Эх сурвалж: Монголбанк (2026), 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл. 6.1 нь нэгж хувиар хэмжсэн нөлөө бөгөөд үнийн өсөлтийн хувьтай адил үзүүлэлт биш.

Махны үнэ нийлүүлэлт багассанаас өсөж байгаа бол бодлогын хүү нэмлээ гээд зах зээлд нийлүүлэх махны хэмжээ шууд нэмэгдэхгүй. Шатахууны үнэ гадаад зах зээл дээр өссөн бол зөвхөн дотоодын хэрэглээг хязгаарлах замаар асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ энэ нь төв банк юу ч хийж чадахгүй гэсэн үг биш. Үнийн анхны өсөлт бусад бараа, үйлчилгээний үнэ болон хүмүүсийн ирээдүйн хүлээлтэд нөлөөлөхөөс сэргийлэх шаардлагатай.

Нөгөө талаас, Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх эсвэл иргэдэд мөнгөн дэмжлэг олгох үед хүмүүс нэмэлт орлогоо хэрхэн зарцуулах нь чухал. Нэмэлт орлого хэрэглээг нэмэгдүүлбэл бараа, үйлчилгээний эрэлт өсөж, инфляцын дарамт нэмэгдэх сөрөг үр дагавартай. Харин өрхүүд мөнгөө хадгалах, зээлээ төлөхөөр шийдвэл үр нөлөө нь өөр байна. Энэ бол Роберт Холлын судалгаагаар тайлбарлаж болох асуудал юм.

Мөн Монголбанк 2027 оны бодлогын төсөлдөө инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах зорилт дэвшүүлж, бодлогын шийдвэр болон ирээдүйн чиглэлээ олон нийтэд илүү ойлгомжтой тайлбарлах арга хэмжээ тусгажээ. Учир нь иргэд үнэ цаашид өснө гэж итгэх тусам аль болох эрт худалдан авалтаа хийхээр шийдэж, компаниуд зардлын өсөлтийг урьдчилан тооцож үнээ нэмэгдүүлэх магадлалтай. Харин инфляц тогтворжино гэдэгт итгэвэл тэдний шийдвэр өөр болно. Энэ нь Майкл Вүүдфордын судалгаанд онцолсон ирээдүйн хүлээлт, төв банкны итгэлцлийн ач холбогдлыг тодотгон харуулах юм. (Монголбанк, 2026)

Ийнхүү 2026 оны Нобелийн шагналтнуудын судалгаа Монголын эдийн засагт ч нэг чухал сургамж өгч байна. Инфляцыг бууруулахын тулд зөвхөн хүүг өөрчлөх бус, үнэ яагаад өсөж байгааг ойлгож, төсөв болон мөнгөний бодлогыг уялдуулж, иргэдийн ирээдүйд итгэх итгэлийг хадгалах шаардлагатай.

Дүгнэлт

Роберт Холл, Майкл Вүүдфорд нарын судалгаа эдийн засгийн бүх асуудлыг шийдвэрлэх шидтэй онол, шийдэл санал болгоогүй. Тэдний хөгжүүлсэн загварууд ч төгс биш бөгөөд эдийн засаг өөрчлөгдөх хэрээр улам боловсронгуй болж байна. Гэхдээ тэд макро эдийн засгийг ойлгох, бодлого боловсруулах арга барилд томоохон өөрчлөлт авчирсан юм.

Тэдний судалгаанаас авах хамгийн чухал санаа нь тун энгийн. Засгийн газар мөнгө зарцууллаа гээд бүгд түүнийг шууд хэрэглэдэггүй. Төв банк хүүгээ өөрчиллөө гээд бүх хүн, компани ижил хариу үйлдэл үзүүлдэггүй. Учир нь эдийн засгийн шийдвэр бүрийн цаана харилцан адилгүй, ялгаатай нөхцөл байдал бүхий ирээдүйгээ өөр өөрөөр төсөөлж буй хүмүүс бий.

Эдийн засаг бол зөвхөн тоо, график, өсөлт, инфляцын тухай биш. Эдийн засаг бол хүмүүсийн сонголт, шийдвэр, ирээдүйдээ итгэх итгэлийн нийлбэр юм. 2026 оны Эдийн засгийн Нобелийн шагнал бидэнд үүнийг дахин сануулж байна.

Ашигласан эх сурвалж

  1. The Royal Swedish Academy of Sciences. (2026a). Microfoundations deliver macro insights: Popular science background to the Prize in Economic Sciences 2026. PDF унших.
  2. Монголбанк. (2026 оны 10 дугаар сарын 5). Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл. Эх сурвалж үзэх.
  3. The Royal Swedish Academy of Sciences. (2026b). Scientific Background on the Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 2026. PDF унших.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment

Нийтлэлийн талаар санал бодлоо хуваалцаарай.