Цаг биш, сүрэг

Бид ихэнхдээ байгууллагыг цаг шиг механик бүтэцтэй, түүнийхээ дагуу ажилладаг гэж боддог. Гэтэл үнэндээ байгууллагын механик бүтэц бол ихэвчлэн цаасан дээр буусан зүйлс бөгөөд бүрэн хэрэгжих боломжгүй байдаг. Учир нь байгууллагыг бүрдүүлж буй хүн бол өөрөө механик биет, объект биш юм аа. Хүн бол амьд бодгаль бөгөөд сэтгэл хөдлөл, түүнээс улбаатай төөрөгдөл, гажуудалд байнга автаж явдаг. Тэгэхээр байгууллага гэдэг нь амьд хүнээс бүрдсэн амьд биет юм. Ийм амьд биетийг бид 100% машин техник шиг системчилж болохгүй. Амьд биетийг яаж системлэх вэ?

Нийтэлсэн: admin

|

September 22, 2026

|

1 мин унших

|

76 үзэлт

|

Бичсэн:С.Өнөр Редактор:Б.Пунцаг

Бид ихэнхдээ байгууллагыг цаг шиг механик бүтэцтэй, түүнийхээ дагуу ажилладаг гэж боддог. Гэтэл үнэндээ байгууллагын механик бүтэц бол ихэвчлэн цаасан дээр буусан зүйлс бөгөөд бүрэн хэрэгжих боломжгүй байдаг. Учир нь байгууллагыг бүрдүүлж буй хүн бол өөрөө механик биет, объект биш юм аа. Хүн бол амьд бодгаль бөгөөд сэтгэл хөдлөл, түүнээс улбаатай төөрөгдөл, гажуудалд байнга автаж явдаг. Тэгэхээр байгууллага гэдэг нь амьд хүнээс бүрдсэн амьд биет юм. Ийм амьд биетийг бид 100% машин техник шиг системчилж болохгүй. Амьд биетийг яаж системлэх вэ?

Сүргийн сэтгэлгээ

Энд сүргийн сэтгэлгээ гэдэг нь бусдыг бодолгүй дагах сүргийн сэтгэлгээ (herd mentality) биш, харин нэг чиглэлээ ойлгосон хүмүүс төвөөс алхам бүрээ заалгалгүйгээр хоорондоо зохицон ажиллахыг хэлнэ.

Хүн амьтан аль аль нь зохион байгуулалтад орохдоо эрт цагаас сүрэг үүсгэж байв. Төрөлхөөс заяагдсан сүргийн сэтгэлгээ нь эртний түүхтэй. Биологийн хувьд орчин үеийн хүн 300,000 жилийн өмнө үүссэн бол суурин амьдрал, газар тариаланд тулгуурласан томоохон нийгмийн зохион байгуулалт ойролцоогоор 12,000 жилийн өмнөөс эрчимжиж эхэлжээ. Тэгвэл 288,000 жил буюу 96 хувьд нь хүн сүрэглэж амьдарсан, түүнээс өмнөх өвөг нь мөн адил сүрэг үүсгэж байсан аж. Тэгэхээр сүргийн сэтгэлгээ гэдэг нь бидний хувьд хувьслын үр дүнд бий болсон биологийн өгөгдөл юм. Ийм сүрэглэг сэтгэлгээтэй бодгалийг хэрхэн системчлэх вэ?

Корнэлл их сургуулийн профессор Дерек, Лаура Кабрера нар 2018 онд Flock, not Clock номдоо энэ асуултад хариулахаар зорьжээ. Байгууллагыг цаг шиг бус, сүрэг шиг төсөөл. Цагны араа бүрийн байрлал, үүрэг, хөдөлгөөн урьдчилан тогтоогдсон байдаг. Харин сүрэгт хэн нэг нь бүх хөдөлгөөнийг нэг бүрчлэн удирдахгүй ч бүхэлдээ чиглэлтэй, зохион байгуулалттай хөдөлж чаддаг. Байгууллага яагаад заавал сүрэг шиг байх хэрэгтэй вэ? Учир нь түүний дотоодод байгаа хүмүүс амьд төдийгүй гаднах орчин нь ч мөн механик биш юм.

Гадаад орчин ба дасан зохицох систем

Өнөөгийн бизнесийн орчныг VUCA хэмээн тодорхойлох нь бий. Volatile буюу хувьсамтгай, Uncertain буюу тодорхойгүй, Complex буюу нийлмэл, ээдрээтэй, Ambiguous буюу олон янзаар тайлбарлагдаж болох орчин. Зах зээл, технологи, хэрэглэгч, өрсөлдөгч, төрийн бодлого бүгд хөдөлгөөнтэй. Өнөөдрийн зөв шийдвэр маргааш буруу ч болж болно.

Харин бид ийм орчныг LAMO сэтгэлгээгээр ойлгох гээд байдаг. Linear буюу шугаман, Anthropocentric буюу хүн төвтэй, Mechanistic буюу механик, Ordered буюу бүхнийг эмхлэн ангилж болох мэт сэтгэнэ. Бодит ертөнц сүлжээ байхад бид шулуун сум зурна. Олон хүчин зүйл харилцан нөлөөлж байхад нэг шалтгааныг голчлон хайна. Ирээдүй тодорхойгүй байхад таван жилийн төлөвлөгөөг таван жилийн дараах бодит байдлын зураг мэт үзнэ. Товчхондоо VUCA орчныг LAMO сэтгэлгээ, байгууллага, зохион байгуулалтаар удирдах гэж оролддогоос хамаг зовлон, бэрхшээл үүсдэг.

Сүрэг гэхээр дүрэм журамгүй, хүн бүр хүссэнээ хийдэг байгууллага гэсэн үг биш. Шувуудын сүргийг харахад төвд нь нисэх нэг “захирал шувуу” бусдадаа секунд тутам “за одоо зүүн тийш 17 градус эргэ” гэх мэт тушаал өгдөггүй. Гэсэн ч сүрэг чиглэлээ хамт өөрчилж, мөргөлдөхгүй хөдөлж чаддаг. Учир нь бодгаль бүр хэдхэн энгийн дохио, зарчмыг дагаж, орчиндоо хариу үзүүлдэг. Ийм системийг нийлмэл дасан зохицох систем гэдэг. Улс орон, нийгэм, байгууллага, бүлэг бол нийлмэл дасан зохицох систем юм.

VMCL сэтгэлгээ

Байгууллагад ийм чиг баримжааг юу бий болгох вэ? Кабрера нар Vision, Mission, Capacity, Learning буюу VMCL гэсэн дөрвөн үндсэн зарчмыг санал болгодог.

Vision (Алсын хараа) бол бид хаашаа явах вэ гэсэн асуулт. Байгууллагын алсын хараа гоё сонсогдох өгүүлбэрээс илүү зүйл байх ёстой. Бидний ажил амжилттай болбол ямар ирээдүй бий болох вэ гэдэгт хүмүүс ойролцоо хариулт өгч чаддаг байх хэрэгтэй. Үгүй бол нэг хэлтэс борлуулалтыг, нөгөө нь зардлыг, гурав дахь нь эрсдэлийг, дөрөв дэх нь өсөлтийг хамгийн чухал гэж үзээд тус тусдаа зөв боловч бүхлээрээ зөрүүтэй хөдөлж болно.

Mission (Даалгавар) бол тийшээ хүрэхийн тулд бид юу хийдэг вэ гэсэн асуулт. Алсын хараа ирээдүйг заадаг бол даалгавар өдөр тутмын үйлдлийг заана. Тиймээс байгууллагын жинхэнэ даалгаврыг ханан дээрээс бус, даваа гарагийн өглөө хүмүүс нь юу хийж байгаагаас харах боломжтой. Хэрэв өдөр тутмын ажил алсын хараа руугаа хөтлөхгүй байгаа бол аль нэг нь буруу байна.

Capacity (Чадавх) бол даалгаврыг хийх чадвар бидэнд байна уу гэсэн асуулт. Зөв стратеги, сайхан хүсэл хоёр дангаараа хангалтгүй. Хүн, ур чадвар, мэдээлэл, технологи, процесс, мөнгө, эрх мэдэл байхгүй бол даалгавар цаасан дээрээ л үлдэнэ. Чадавх гэдэг нь бидэнд юу байгаа тухай бус, хийх ёстой зүйл буюу даалгавраа хийхэд юу бэлэн байгаа тухай ойлголт юм.

Харин Learning (Суралцахуй) бол энэ гурвыг амьд байлгадаг зүйл. Өнөөдрийн алсын хараа, даалгавар, чадавх маргаашийн орчинд тохирохгүй болж болно. Тиймээс суралцана гэдэг ажилтнаа сургалтад суулгах төдий зүйл биш юм. “Бид ийм болно гэж бодсон, гэтэл өөрөөр боллоо. Яагаад?” гэж байнга өөрсдөөсөө асууж чаддаг байхыг хэлнэ.

Суралцахуй бол байгууллагын хувьд төлөвшүүлэхэд хамгийн хэцүү чадваруудын нэг. Учир нь хүн хийсэн төлөвлөгөөгөө зөв байгаасай гэж хүсдэг. Удирдлага гаргасан шийдвэрээ хамгаална. Хүссэн зүйлээ үнэн гэж итгэх, өмнөхтэйгээ зууралдах гажуудал хурц илэрдэг. Алба нэгж төслөө амжилттай болсон гэж тайлагнах сонирхолтой. Ингээд доороос гарсан муу мэдээ дээшлэх тусам зөөлөрч, эцэстээ PowerPoint дээр сайхан харагдаж эхэлдэг. Суралцахуй гэдэг нь төлөвлөгөөг хамгаалах бус, бодит байдлыг сонсох чадвар юм. Амьд ертөнцөд дасан зохицох чадвар нь тэсэж үлдэх, өсөж хөгжих үндсэн нөхцөлийн нэг гэдгийг санах хэрэгтэй.

VMCL-ийн дөрвөн хэсгийг нийлүүлбэл санаа нь тун энгийн. Алсын хараа чиглэл өгнө. Даалгавар хөдөлгөөн бий болгоно. Чадавх хөдөлж чадах боломжийг бүрдүүлнэ. Суралцахуй нь өмнөх гурвыг аль нэг нь буруу явж эхэлмэгц өөрийгөө засах, хооронд нь уялдуулах боломж олгоно.

Ингэж чадвал удирдлага бүх нөхцөлд зориулсан журам урьдчилан бичих шаардлага багасна. Угаас ийм журам бичих боломжгүй. Хүмүүс жижиг шийдвэр бүр дээрээ “энэ бидний очихыг хүссэн ирээдүйтэй нийцэж байна уу, бидний хийх ёстой ажил мөн үү, хийх чадавх байна уу, өмнөхөөсөө юу сурсан бэ?” гэж асууж чадна. Эндээс л цаг (clock) нь flock (сүрэг) болж эхэлнэ дээ.

Гэхдээ нэг чухал ялгааг анзаарах ёстой. Байгууллагын зарим хэсэг цаг шиг ажиллах ёстой. Банкны гүйлгээ, онгоцны засвар, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаанд стандарт, нарийвчлал зайлшгүй хэрэгтэй. Процессийг стандартчилж, механикжуулж болно. Харин бүхэл байгууллагыг механик систем гэж ойлгож болохгүй.

Эцэст нь эхний асуултдаа буцъя. Амьд биетийг яаж системлэх вэ? Амьд биш болгох замаар биш. Хүн бүрийг араа шүд болгож, бүх үйлдлийг нь урьдчилан тогтоохын оронд хаашаа явахаа хамт ойлгодог, тийшээ хүрэхийн тулд юу хийхээ мэддэг, хийх чадавхаа бүрдүүлдэг, бодит байдал өөрчлөгдөхөд өөрийгөө засаж чаддаг систем бий болгох хэрэгтэй.

Сайн байгууллага цаг шиг ажиллах албагүй. Цаг нарийн боловч өөрөө дасан зохицдоггүй, хөшүүн. Сүрэг төгс биш ч дасан зохицдог. Тиймээс байгууллагыг системчилнэ гэдэг нь түүнийг улам сайн цаг болгох тухай бус, улам сайн сүрэг болгох тухай юм.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment