Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?

KEYNOTE SPEECH #02 ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив? ИЛТГЭСЭН Ж.Санчир (Оксфордын их сургуулийн судлаач) Эмхэтгэсэн: А.Эрдэнэжаргал Хянасан: Б.Пунцаг Видео: YouTube дээр үзэх Policy 2.0 хөтөлбөрийн Keynote Speaker Series цувралын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр илтгэсэн Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчирын “Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?” сэдэвт […]

Нийтэлсэн: admin

|

October 5, 2026

|

1 мин унших

|

5 үзэлт

|

KEYNOTE SPEECH #02 ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ

Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?

ИЛТГЭСЭН Ж.Санчир (Оксфордын их сургуулийн судлаач)
Эмхэтгэсэн: А.Эрдэнэжаргал
Хянасан: Б.Пунцаг

Policy 2.0 хөтөлбөрийн Keynote Speaker Series цувралын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдөр илтгэсэн Оксфордын их сургуулийн судлаач Ж.Санчирын “Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?” сэдэвт лекцийг хураангуйлав.

Удиртгал

Социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш 30 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол Улс ардчилсан сонгуулийг тогтмол зохион байгуулж, барууны орнуудад түгээмэл хэрэглэгддэг олон бодлого, хууль, стратеги, агентлаг, институцийн хэлбэрүүдийг бараг бүгдийг нэвтрүүлсэн. Хувийн өмч, бизнесийн бүлэг, хөрөнгө болон эдийн засгийн нөлөө бүхий, эрх мэдэлтэй хүмүүс ч цөөнгүй бий болов. Гэвч эдийн засаг яагаад бүтээмж, өрсөлдөөнд суурилсан тогтолцоо болон бүрэн төлөвшиж чадахгүй байна вэ? Яагаад төсвийн савлагаа, авлига, төрийн нөөцийн үр ашиггүй хуваарилалт зэрэг асуудал дахин дахин давтагдсаар байна вэ?

Энэ асуулт өөр нэг суурь асуулттай холбогддог. Монголын сүүлийн 30 гаруй жилийн шилжилтийг ер нь юу гэж нэрлэх вэ? Шилжилт гэдэг нь өөрөө дуусдаг үзэгдэл үү? Эцсийн зогсоол бий юу? Зүүн Европын пост-социалист орнуудын шилжилтийн туршлагыг тайлбарлахад хэрэглэдэг ойлголтууд ч, Орос болон Төв Азийн орнуудад хэрэглэдэг тайлбар ч Монголын улс төр, эдийн засгийн онцлогийг бүхэлд нь бүрэн илэрхийлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, Монголын шилжилт аль хэдийн танил болсон нэг загварын хуулбар биш бөгөөд өөрийн дотоод логиктой үзэгдэл байж болох юм.

Энэ хураангуйн төвд тавигдах нэг санаа нь Монголын хөгжлийн хүндрэлүүдийг ганц салбарын алдаа, нэг бодлогын доголдол, эсвэл хэдхэн улстөрч, албан тушаалтны үйлдлээр тайлбарлахад хангалтгүй гэсэн асуудал юм. Олон улсын байгууллагуудын Монголын талаар гаргасан 80 орчим тайланг нэгтгэн харахад салбар бүрт давтагддаг асуудлуудын цаана нийтлэг улс төрийн эдийн засгийн нэг логик ажиглагддаг.

Тэр нь рент буюу зах зээлийн ердийн өрсөлдөөнөөс гадуур, тодорхой эрх, нөөц, лиценз, хамгаалалт эсвэл төрийн шийдвэрт хүрэх давуу байдлаас үүсэх орлого юм. Рент өөрөө заавал авлига гэсэн үг биш. Харин түүнийг хэнд, ямар нөхцөлөөр хуваарилж, бүтээмж эсвэл гүйцэтгэлтэй холбож чадаж байна уу гэдэг нь улс төрийн эдийн засгийн гол асуудал болдог.

Ийм орчинд хөгжсөн орнуудын институцийн эцсийн хэлбэрийг шууд хуулбарлах нь хүссэн үр дүнг автоматаар бий болгохгүй. Хууль, агентлаг, стратеги, ил тод байдлын механизм бий болгосон ч тэдгээрийн цаадах эрх мэдэл, урамшуулал, рентийн хуваарилалтын бүтэц өөрчлөгдөөгүй бол реформ хэлбэрийн шинэчлэл төдий үлдэх боломжтой. Тэгсээр ч ирэв. Тиймээс гол асуудал нь “сайн засаглал” хэрэгтэй эсэхэд бус, түүний зарчмуудыг Монголын бодит улс төр, эдийн засгийн нөхцөлд ямар дараалал, ямар механизмаар ажиллуулах вэ гэдэгт оршино.

Энэхүү хураангуй таван хэсэгтэй. Эхний хэсэгт хөгжлийг шат дараалсан, нэг чиглэлтэй зам гэж харах хандлага Монголын шилжилтийг яагаад бүрэн тайлбарлаж чаддаггүйг тайлбарлана. Хоёрдугаар хэсэгт 80 орчим тайланд давтагддаг салбарын асуудлуудыг нэгтгэж, тэдгээрийг холбож буй рентийн логикийг тайлбарлана. Гуравдугаар хэсэгт сонгууль, хууль, төсөв, хувийн хэвшил, хөдөлмөрийн зах зээлээр дамжуулан сайн засаглалын стандарт жор Монголд хэрхэн өөрөөр ажилладгийг задлана. Дөрөвдүгээр хэсэгт институцийн хэлбэрийг хуулах реформ яагаад давтан бүтэлгүйтдэг, үүнээс өөрөөр Бангладеш, Вьетнамын туршлагаас харагдах бодит асуудлаас эхэлж, ажилласан үр дүнгээр тэлэх хандлагыг авч үзнэ. Тавдугаар хэсэгт “Алсын хараа 2050” зэрэг иж бүрэн урт хугацааны төлөвлөгөөг жишээ болгон, төлөвлөлтийн хэлбэр ба бодит хэрэгжилтийн хоорондын зөрүүг авч үзнэ.

Монголын шилжилтийг юу гэж нэрлэх вэ?

Хөгжлийг шат дараалсан, нэг чиглэлтэй зам гэж харах хандлагын сонгодог жишээ бол В.Ростоугийн эдийн засгийн өсөлтийн таван үе шаттай загвар юм. Энэ загварт бүтээмж багатай уламжлалт нийгэм хөрөнгө оруулалт, дэд бүтцийн сууриа бүрдүүлж, аж үйлдвэржилт эрчимжих хөөрөлт (take-off)-ийн шатыг дамжин, эцэст нь өндөр түвшний массын хэрэглээтэй нийгэм болно гэж үздэг.

↑ Хөгжлийн түвшин / бүтээмж
  1. 1. Уламжлалт нийгэм Хөдөө аж ахуй давамгай, бүтээмж бага
  2. 2. Хөөрөлтийн өмнөх нөхцөл Хөрөнгө оруулалт, дэд бүтэц, шинэ элит
  3. 3. Хөөрөлт
    (take-off)
    Аж үйлдвэржилт огцом түргэснэ
  4. 4. Төлөвшил рүү тэмүүлэх Технологи тархаж, эдийн засаг төрөлжинө
  5. 5. Өндөр түвшний массын хэрэглээ Орлого, хэрэглээ, үйлчилгээ тэлнэ
Цаг хугацаа →
Зураг 1. Ростоугийн эдийн засгийн өсөлтийн таван үе шат

Ийм загварын давуу тал нь хөгжлийн урт хугацааны өөрчлөлтийг ойлгомжтой, дэс дараатай үе шат болгон харуулдагт оршино. Гэвч хөгжлийг урьдчилан тогтоосон заавал тодорхой нэг төгсгөлд хүрэх зам мэтээр төсөөлдөг тул Монгол шиг пост-социалист, уул уурхайгаас өндөр хамааралтай эдийн засгийн бодит замналыг бүрэн тайлбарлахад хязгаарлагдмал.

Шугаман хөгжлийн энэхүү төсөөлөл Монголд хэр гүн суусныг ШУА-ийн Философийн хүрээлэнгээс зохион байгуулсан Монголын хөгжлийн тухай илтгэлүүдэд нийгэм тодорхой нэг чиглэлд хөгжих ёстой, социалист үе нь тэр замын гажилт байсан гэх суурь дүгнэлтүүд давтагдаж байсан нь тод харуулдаг. Нийгэм тодорхой шат дамжлагыг дараалан туулж хөгждөг гэсэн социализмын үеийн формацийн онолын нөлөө сэтгэлгээнд одоо ч хадгалагдсаар байна. Хэрэв социализм “гажсан үе” байсан бол Монгол Улс өнөөдөр яг ямар шатанд байна вэ, дараагийн шат юу байх тухай ярьсан хүн алга.

Өнгөрсөн 30 гаруй жилийн шилжилтийн талаарх тайлбарууд ч эрс тэс, хуваагдмал, хоорондоо зөрчилтэй дүр зургийг харуулна. Нэг талаас өнөөгийн хүндрэлүүдийг зах зээлийн тогтолцоонд шилжихэд зайлшгүй тохиолдох түр зуурын шилжилтийн өртөг гэж үздэг. Нөгөө талаас хувьчлал, либералчлал, зах зээлийн реформын үндсэн чиглэл өөрөө буруу байсан гэсэн шүүмжлэл бий. Дундаа уулзах цэггүй ийм хуваагдлыг бодитоор дүгнэхгүй бол энэ нь бид ер нь хаашаа явж байна вэ гэсэн илүү суурь асуудал, эргэлзээ рүү хөтөлж цаашдаа нийгмийн хамтын амьдрал, улс төрийн боломжит ирээдүйн тухай хамтын төсөөлөл ямар ч зүг чиггүй, ирээдүйн төсөөлөлгүй (political imaginary) болох эрсдэл дагуулдаг.

Political imaginary үгүй болоход хүмүүсийг нэгтгэж байсан итгэл үнэмшил, харилцан итгэлцэл нуран унадаг. Эхлээд иргэд төр засаг, шүүх, сонгуулийн тогтолцоог шударга ажиллах чадвартай гэдэгт итгэхээ болино. Улмаар нийгмийн тулгуур баганууд ганхаж, институцийн задрал гүнзгийрдэг. Эдгээр институцийн үйл ажиллагаа доголдохын хэрээр улс төрийн гутранги үзэл нийгэмд давамгайлж эхлэх бөгөөд олон нийт илүү гэгээлэг ирээдүйг төсөөлөх чадвараа алдаж, бидний эрч хүч хөгжил дэвшилд тэмүүлэхээсээ илүү айдас түгшүүрт автаж, эсвэл өнгөрснийг төгс сайхан мэтээр төсөөлөн санагалзахад чиглэдэг. Биднийг холбох хамтын түүх, ирээдүйн нийтлэг алсын хараа үгүй болоход иргэд нийтийн хэрэгт оролцохоос хөндийрч, амиа бодох хандлага давамгайлан, зөвхөн өөрийн амьжиргаа, аюулгүй байдалд анхаарах болно. Ийнхүү нийгмийн холбоос суларснаар хамтын үнэт зүйлсийн орон зай эзгүйрдэг.

Тэгвэл Монголын шилжилтийг юу гэж нэрлэх вэ? Зүүн Европын пост-социалист орнуудын шилжилтийг судалгаанд капиталистгүй капитализм (capitalism without capitalists) гэж тодорхойлдог. Оросын Большевикийн хувьсгалаас өмнө эдгээр орны ихэнхэд газар эзэмшдэг, тариа тарьдаг, зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг хөрөнгөтөн анги, хөрөнгийг үнэлж хамгаалдаг хууль шүүхийн тогтолцоо тодорхой хэмжээнд оршин байсан. Социализмын үед хувийн хөрөнгөтөн анги ихээхэн алга болсон ч зах зээлийн тогтолцоонд шаардагдах зарим институцийн суурь бүрэн устгагдаагүй байв. Иймээс социализмын дараах шилжилт нь зах зээлийн тогтолцоог бүхэлд нь шинээр бүтээхээс илүү өмнөх институцийн зарим суурийг сэргээх шинжтэй явагдсан гэж тайлбарладаг.

Харин Орос болон Төв Азийн орнуудын шилжилтийг эсрэгээр нь “капитализмгүй капиталистууд” гэж дүгнэдэг. Хөрөнгөтэй хүмүүс гарч ирсэн ч өрсөлдөөнт зах зээл, өмчийн эрхийн найдвартай хамгаалалт, алагчлалгүй дүрэм зэрэг капиталист тогтолцооны институц бүрэн төлөвшөөгүй гэсэн утгатай. Монголын өнөөгийн байдал энэ тайлбарт ойр байж магадгүй. Хөрөнгө, бизнес, эдийн засгийн болон улс төрийн нөлөө бүхий бүлгүүд бий болсон ч эдгээр нь өрсөлдөөнт, бүтээмжид суурилсан капиталист институцтэй хэр зэрэг зэрэгцэн хөгжсөн бэ гэдэг асуулт нээлттэй хэвээр байна. Гэхдээ Монголын улс төрийн өрсөлдөөн, сонгууль, иргэний нийгмийн орчин нь Орос, Төв Азийн зарим орноос ялгаатай тул уг тодорхойлолтыг шууд хуулан хэрэглэхэд мөн учир дутагдалтай.

ШИЛЖИЛТИЙН ХОЁР ТАЙЛБАР
Хөрөнгөтэй хүмүүс ба зах зээлийн институц
ЗҮҮН ЕВРОПЫН ТУХАЙ ТАЙЛБАР
Капиталистгүй
капитализм
Хөрөнгөтөн анги
Социализмын үед хувийн хөрөнгөтөн анги ихээхэн алга болсон.
Институцийн суурь
Зах зээлд шаардлагатай зарим суурь бүрэн устгагдаагүй.
Шилжилтийн шинж
Өмнөх институцийн зарим суурийг сэргээх.
ОРОС, ТӨВ АЗИЙН ТУХАЙ ТАЙЛБАР
Капитализмгүй
капиталистууд
Хөрөнгөтэй бүлгүүд
Хөрөнгө, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүс гарч ирсэн.
Институцийн төлөвшил
Өрсөлдөөн, өмчийн эрхийн хамгаалалт, алагчлалгүй дүрэм бүрэн төлөвшөөгүй.
Гол зөрүү
Хөрөнгөтэй хүмүүс бий болсон ч капиталист институц бүрэн бүрэлдээгүй.

Монголын шилжилтийг эдгээр тайлбараар бүрэн илэрхийлж болох уу? Монголын сонгууль, улс төрийн өрсөлдөөн, иргэний нийгмийн онцлогийг хамтад нь харах шаардлагатай.

Эхийн тайлбарыг нэгтгэсэн харьцуулалт.

Доктор Буяндэлгэрийн Мандухайн нэгэн өгүүлэл шилжилттэй холбоотой асуудлыг өөр өнцгөөс тавьдаг. Шилжилт гэдэг ер нь дуусдаг юм уу? Хэрэв дараагийн тогтсон шат байхгүй бол пост-социалист орнууд өөр өөрийн хэлбэрээр удаан хугацаанд оршсоор, барууны нийгэм адил “хөгжих” албагүй байж болно. Энэ өнцгөөс Монголын өнөөгийн байдал нь дуусгаагүй түр зуурын шилжилт бус, өөрийн гэсэн тогтвортой шинжүүдтэй улс төр, эдийн засгийн тогтолцоо байж ч болох юм.

Өмнөд Солонгосын нэгэн судлаач үүнтэй төстэй үзэгдлийг “шахагдсан модерн” (compressed modernity) буюу бусад оронд олон арван, бүр олон зуун жилээр явагдсан улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт маш богино хугацаанд шахагдан, давхцан явагдах үзэгдэл гэж тайлбарладаг. Солонгос бусад орны 200–400 жилд туулсан өөрчлөлтийг 1960-аад оны сүүлээс 2020 он хүртэл жаран ч хүрэхгүй жилд багтаан туулсан тул олон зөрчил нэг дор давхцсан байдлаар хөгжжээ. Гэвч энэ ойлголт ч Монголын шилжилтийн улс төрийн эдийн засгийн онцлогийг бүхэлд нь тайлбарлахад хангалтгүй.

Иймээс Монголын сүүлийн 30 гаруй жилийн өөрчлөлтийг нэг бэлэн нэр томьёонд багтаахын оронд эхлээд түүний бодит шинжийг асуух нь илүү үр дүнтэй: Капиталистууд байх шиг. Харин капитализм нь хаачив?

80 орчим тайлангийн онош: Рент бүтээмжийг орлох нь

1990-ээд оноос хойш Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын байгууллага Монголын эдийн засаг, төсөв, засаглал, хөдөлмөрийн зах зээлийн талаар олон тайлан, оношлогоо гаргажээ. Эдгээрээс 80 орчмыг нь нэгтгэн харахад салбар бүрт өөр нэрээр илэрдэг ч ижил төстэй бүтцийн хүндрэлүүд давтагдана. Төсөвт мөчлөг дагасан зарлага, улсын хөрөнгө оруулалтад улстөржсөн төслийн сонголт, уул уурхайд орлогын хуваарилалт, төрийн албанд патронаж, хувийн хэвшилд бүтээмж ба санхүүжилтийн хүндрэл, хөдөлмөрийн зах зээлд ур чадварын зөрүү, хийдэл зэрэг асуудал нийтлэг. Эдгээрийг нэгтгэн харахад 200 орчим нэр томьёоны цаана нэг улс төрийн эдийн засгийн механизм тодорно. Тэр нь улс төрийн эдийн засгийн ухагдахуун болох — рент.

Рент гэдэг нь зах зээлийн ердийн өрсөлдөөнөөс гадуур, тодорхой эрх, нөөц, лиценз, хамгаалалт эсвэл төрийн шийдвэрт хүрэх давуу байдлаас үүсэх нэмэлт өгөөж юм. Рент өөрөө заавал авлига байх албагүй. Гол асуудал нь түүнийг хэнд, ямар нөхцөлөөр хуваарилж, бүтээмж эсвэл гүйцэтгэлтэй холбож чадаж байна уу гэдэгт оршино.

Зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлснээр ашиг олох нэг хэрэг. Харин тусгай зөвшөөрөл, улс төрийн холбоо, хязгаарлагдмал нөөцөд давуу нэвтрэх боломж орлогын гол эх үүсвэр болбол өрсөлдөж бүтээмжээ нэмэгдүүлэхээс илүү давуу эрхэд хүрэх нь ашигтай орчин бий болно. Сүүлийн үед манай зарим улстөрчид үүнийг намын эдийн засаг, хамжлаг эдийн засаг зэргээр тодорхойлох гэж оролдож буй нь нийгмээ ойлгох гэсэн эрэл хайгуул амь бөх оршсоор буйг илтгэх шиг...

Тайлангуудад давтагддаг асуудлын харьцангуй жин
Рент
Хамгийн их жинтэй
Төсөв
Хууль
Ур чадвар
ЖДҮ
Орон нутаг

Баганын урт зөвхөн харьцангуй жин заана; эх слайдад тоон утга байхгүй.

Зураг 2. Монголын талаарх тайлангуудад (2010–2025) давтагддаг асуудлуудын харьцангуй жин

Ялангуяа 2022 оноос хойших тайлангуудад төсөв, төрийн зарцуулалт, төрийн өмчит компани, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал илүү тод тавигдах болсон. Энэ нь асуудлыг нэг хүн, нэг байгууллагын алдаагаар тайлбарлахад хангалтгүй. Төсөв, лиценз, төрийн өмч, худалдан авалтыг тойрсон хуваарилалт улс төр, бизнесийн урамшуулалтай холбогдвол рент нь тохиолдлын гажуудал бус, тогтолцооны нэг хэсэг болж хувирна.

Ийм нөхцөлд албан ёсны дүрэм нэг талд, бодит шийдвэрийг чиглүүлдэг албан бус эрх мэдэл нөгөө талд зэрэгцэн оршиж болно. Үүний үр дүнд шинэ бүтээгдэхүүн, технологи, ур чадвар, бүтээмжид хөрөнгө оруулахаас илүү нөөцийн хуваарилалтад давуу байр суурь эзлэх урамшуулал хүчтэй болно.

Өөрөөр хэлбэл, бүтээмжээр өрсөлдөх урамшуулал сулрах тусам рентэд хүрэх өрсөлдөөн хүчтэй болж болно. Эндээс дараагийн асуулт ургана. Ийм улс төр, эдийн засгийн орчинд хууль дээдлэх ёс, хариуцлага, ил тод байдал зэрэг “сайн засаглал”-ын стандарт реформууд яагаад хүлээсэн үр дүнгээ тэр бүр өгдөггүй вэ?

Сайн засаглал Монголд яагаад ажиллахгүй байна вэ?

Олон улсын санхүүгийн байгууллагууд, донорууд Монгол мэт шилжилтийн орнуудад “сайн засаглал” (good governance)-ын үзэл баримтлалыг байнга зөвлөж, засаглалыг үүгээр хэмжиж ирсэн. Түүний гол бүрэлдэхүүн нь хариуцлага, чадвартай хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчилгүй төрийн алба, ил тод худалдан авалт, хууль дээдлэх ёс юм.

Хүснэгт 2. Сайн засаглалын суурь зарчим ба Монголын дүгнэлт

Зарчим Юуг шаарддаг вэ Монголын дүгнэлт
Хууль дээдлэх ёс Урьдчилан таамаглахуйц, алагчлалгүй мөрдүүлэлт Дүрэм бий ч хэрэгжилт жигд бус
Авлигыг хязгаарлах Төрийн албыг хувийн ашиг сонирхлоос ангид байлгах Рент өндөртэй хэсгүүд их
Мэргэшсэн төрийн алба Мэргэшил, тогтвортой байдал, хэрэгжүүлэлт Чадавх жигд бус, улстөржсөн
Хариуцлага Сонгууль, аудит, шүүх, иргэдийн дуу хоолой Сонгууль бодит боловч бусад механизм сул
Ил тод байдал Мэдээлэл, төсөв, шийдвэрийн нээлттэй байдал Мэдээлэл нээлттэй болсон ч шийдвэрт нөлөөлөх чадвар хязгаарлагдмал
Оролцоо Иргэд бодит шийдвэрт нөлөөлөх боломж Оролцоо процедурын түвшинд үлдэх тохиолдол бий

Эдгээр зарчим өөрсдөө асуудал биш. Харин хууль дээдлэх ёс, авлигыг хязгаарлах, мерит төрийн алба, ил тод байдал, иргэдийн оролцоог нэгэн зэрэг бүрэн бүрдүүлэхийг реформын урьдчилсан нөхцөл гэж үзэхэд бэрхшээл үүсдэг. Хөгжил судлалын зарим хандлага өнөөгийн хөгжсөн орнууд ч эдгээр институцийг нэг дор бүрдүүлээгүй, харин урт хугацааны улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн явцад аажмаар төлөвшүүлсэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл сайн засаглалтай холбоотой зарчим, институцүүд нь суурь нөхцөл бус өөр өөрийн замаар хөгжсөн барууны улс орнуудын эцсийн байдал юм.

Иймээс асуудал нь “сайн засаглал хэрэгтэй юу?” гэхээс илүү аль асуудлыг түрүүлж шийдэх, ямар эрх мэдэл ба ашиг сонирхлын орчинд реформ хэрэгжих боломжтой вэ гэдэгт шилжинэ. Гетеродокс улс төрийн эдийн засгийн хандлага ч стандарт институцийн хэлбэрээс илүү тухайн орны бодит эрх мэдэл, урамшуулал, рентийн бүтцийг эхэлж ойлгохыг чухалчилдаг.

Ардчилал ба патронаж зэрэгцэн оршдог

Сайн засаглалын энгийн логикоор өрсөлдөөнт сонгууль улстөрчдөд хариуцлага тооцож, намууд бодлогоор өрсөлдөх урамшуулал бий болгоно. Гэвч сонгуулийн өрсөлдөөн төрийн нөөц, албан тушаал, төсвийн хуваарилалттай нягт холбогдсон орчинд өөр механизм зэрэг ажиллаж болно.

Үүний нэг нь патронаж буюу улс төрийн дэмжлэгийг албан тушаал, нөөц, төрийн боломжтой солилцох харилцаа юм. Ийм тогтолцоо улс төрийн оролцогчдын хувьд тодорхой нөхцөлд рационал байж болох тул өрсөлдөөнт сонгуультай зэрэгцэн удаан хугацаанд орших боломжтой. Ингэхээр сонгууль тогтмол явагдаж байгаа эсэхээс гадна төрийн нөөцийг ямар дүрмээр, хэнд, ямар шалгуураар хуваарилж байгааг харах шаардлагатай.

Хууль дээдлэх ёс: дүрэм байхаас хэрэгжих хүртэл

Шүүхийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулах нь сайн засаглалын үндсэн жор. Гэвч институц, байгууллага байгуулагдсан нь хууль бүх талд ижил хэрэгжинэ гэсэн баталгаа биш.

Энд бодит эрх мэдэл хаана төвлөрч, дүрмийг хэнд, ямар нөхцөлөөр хэрэгжүүлдэг вэ гэсэн улс төрийн эдийн засгийн асуулт гарч ирнэ. Рентийн томоохон ашиг сонирхол хөндөгдөх үед зөвхөн хуулийн текст бус, түүнийг хэрэгжүүлэх улс төрийн болон институцийн боломж шийдвэрлэх үүрэгтэй. Тиймээс бүх зөрчлийг нэгэн зэрэг онилохоос илүү хөгжлийн үр дүнд хамгийн их хор хөнөөл учруулж буй рентийн сүлжээ, сонгомол хэрэгжилтийг эхэлж тодорхойлох нь илүү бодитой реформын стратеги байж болно.

Төсөв: рент, хариуцлага, төрийн чадавхын огтлолцол

Төсөвт сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлнэ гэдэг нь санхүүгийн сахилга бат, ил тод байдал, үр дүнтэй аудит, өгөөжтэй хөрөнгө оруулалтыг шаардана. Монголын хувьд уул уурхайн орлогын савлагаа төсөвт хүчтэй дамждаг. Түүхий эдийн үнэ өсөх үед орлого нэмэгдэж, түүнийг даган зарлага тэлэх хандлага бий болдог. Ийм нөхцөлд мэдээллийг ил тод болгох нь чухал боловч дангаараа мөчлөг дагасан зарлага, улс төржсөн хөрөнгө оруулалтын сонголтыг хязгаарлахад хангалтгүй.

Тиймээс хяналт нь зөвхөн улсын төсвийн шууд зарлагаар хязгаарлагдахгүй, төрийн өмчит компани, төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэг төсвийн гаднах (quasi fiscal) эрсдэлийг мөн хамрах шаардлагатай. Төсөв бол зөвхөн мөнгө хуваарилах механизм биш. Рентийн хуваарилалт, төрийн чадавх, иргэдийн төрд итгэх итгэл огтлолцдог гол талбарын нэг юм.

ЖДҮ ба бүтээмж: бизнесийн орчноос цааш

Хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих уламжлалт зөвлөмж нь зөвшөөрөл, зохицуулалтын дарамтыг багасгах, өмчийн эрхийг хамгаалах, бизнесийн орчныг сайжруулахад төвлөрдөг. Гэвч Монголын хувьд зөвхөн саадыг арилгаснаар бүтээмж автоматаар өсөхгүй. Эрэлт, нийлүүлэлтийн сүлжээ, хүний капитал, стандарт, логистик, технологи, менежментийн чадавх зэрэг олон хүчин зүйл зэрэг шаардлагатай.

Иймээс салбар бүрийн өсөлтийг хамгийн хүчтэй хязгаарлаж буй саадыг тодорхойлж, төрийн дэмжлэг, санхүүжилтийг хэмжигдэхүйц гүйцэтгэл, суралцахуйтай холбох шаардлагатай. Зорилго нь зөвхөн бизнес хийхэд саадгүй орчин бүрдүүлэх бус, бүтээмжтэй бизнес бий болох чадавхыг хөгжүүлэхэд оршино. Бүтээмжтэй бизнес нь харин цаашаа илүү цэвэр бизнесийн орчныг шаардах, хянах нөлөө, нөөцтэй тоглогчдыг бий болгож, сайн засаглалын замыг тавьдаг.

Хөдөлмөр: ашиглагддаггүй хүн капитал

Хөдөлмөрийн зах зээлийн асуудлыг ажилгүйдэл, ур чадварын зөрүү, эмэгтэйчүүдийн оролцоо, залуусын ажил эрхлэлтээр хэмжих нь түгээмэл. Гэвч эдгээр үзүүлэлтийн цаадах эдийн засгийн бүтцийг хамтад нь харах шаардлагатай. Чанартай ажлын байр цөөн бий болгодог өсөлтийн бүтэц, боловсрол ба ажил олгогчдын эрэлтийн зөрүү, асаргааны ачаалал, пүүсүүдийн сул чадавх нь хөдөлмөрийн нөөцийг бүрэн ашиглахад саад болдог.

Түүнчлэн Монголын өрх, гэр бүлийн харилцаа ажил эрхлэлт, орлого, асаргаа, зээл зэрэг шийдвэрт хүчтэй нөлөөлдөг. Иймээс хөдөлмөрийн асуудлыг зөвхөн хувь хүний түвшний үзүүлэлтээр бус өрх, эдийн засгийн бүтэцтэй нь хамтад нь харах шаардлагатай. Хүүхэд өвдөхөд хамаатнууд ээлжилж асардаг, өвөө эмээ нь хамтран хардаг, хүүхдэдээ байр авахад гэр бүлээрээ нийлж мөнгө босгодог нийгэмд ажил эрхлэлт, зээлжих чадварыг айл өрх, хамаатан садны хүрээгээр харвал шал өөр дүр зураг гарна. Иймээс ажилгүйдлийг хэрхэн шийдэх нь юуны өмнө нийгмээ зөв уншиж чадах эсэхээс хамаарна.

Хэлбэрийг хуулснаар функц бий болдоггүй

“Сайн засаглал”-ын зарчмууд абстракт байдлаар харвал буруу биш. Харин амжилттай орны хууль, институц, стратеги, дүрэм журмын гадаад хэлбэрийг хуулбарлахад тэдгээрийн гүйцэтгэдэг функц мөн автоматаар бий болно гэж үзэх нь асуудалтай. Хөгжлийн судалгаанд ийм үзэгдлийг изоморфик дуурайлт (isomorphic mimicry) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, институц гаднаасаа орчин үеийн, олон улсын жишигт нийцсэн мэт харагдавч бодит асуудлыг шийдэх чадвар нь өөрчлөгдөхгүй үлдэх боломжтой. Притчетт, Эндрюс, Вулкок нар үүнийг чадавхын занга буюу институцийн хэлбэр шинэчлэгдсэн ч хэрэгжүүлэх бодит чадавх нэмэгдэхгүй гацсан нөхцөлтэй холбон тайлбарладаг.

Монголд институц, хууль, стратеги, байгууллага, дүрэм журмыг олон улсын загварт нийцүүлэн шинэчлэх оролдлого олонтаа хийгдсэн ч тэдгээрийн функц бодитоор ажиллах эсэх нь улс төрийн мөчлөг, эрх мэдлийн бүтэц, хэрэгжүүлэх чадавхаас хамаардаг.

  1. Хэлбэр нэвтрүүлэх Хууль, стратеги, агентлаг, журам
  2. Улс төрийн хүчин зүйл Богино сонгуулийн мөчлөг, эвслийн наймаа
  3. Хэрэгжилт Дүрэм заримд нь үйлчилж, заримд нь үйлчлэхгүй
  4. Үйлчилгээ хүргэлт сулрах Хэрэгжүүлэх шатанд чадавхын асуудал гарна
  5. Итгэл элэгдэх Иргэд амлалт харна, нийтийн үнэ цэнэ бага мэдэрнэ

Эрэмбэлж, дараалуулахгүй бол реформ дахин бүтэлгүйтэж, иргэдийн итгэл, урам улам хугарна.

Зураг 3. Реформ давтан бүтэлгүйтэх механизм

Шинэ реформ эхлэхэд богино хугацааны улс төрийн тооцоо, эвсэл, ашиг сонирхлын зөрчил хэрэгжилтийг сулруулж болно. Дүрэм зарим тохиолдолд үйлчилж, заримд нь хэрэгжихгүй байх, институцын чадавх хүрэлцэхгүй байх үед реформ хүлээсэн үр дүндээ хүрэхгүй. Үр дүнгүй шинэчлэл давтагдах тусам иргэдийн итгэл буурч, дараагийн реформыг хэрэгжүүлэх улс төрийн боломж ч хумигдана. Ингэхээр асуудал нь дахин нэг зөв институц импортлоход бус, ямар асуудлыг ямар нөхцөлд бодитоор шийдэж чадах вэ гэдгээс эхлэхэд оршино.

Рентийг устгах бус, ангилах

Улс төрийн эдийн засгийн хандлага рентийг бүхэлд нь, нэг дор арилгаж болно гэсэн төсөөллөөс болгоомжилдог. Муштак Ханы үзэж буйгаар гол асуудал нь рент оршиж байгаа эсэхээс илүү ямар рент ямар үр дагавар бий болгож байна вэ гэдэгт төвлөрнө.

Уул уурхай, төрийн өмчит компани, худалдан авалт, лиценз, газар, хөнгөлөлттэй санхүүжилт зэрэг олон сувгаар рент үүсэж болно. Зарим нь ямар ч гүйцэтгэлийн шаардлагагүйгээр ашиг хүртэх боломж олгож, бүтээмжийг сулруулна. Харин зарим дэмжлэгийг суралцахуй, экспорт, технологи нэвтрүүлэлт, хэмжигдэхүйц үр дүнтэй холбож чадвал эдийн засгийн чадавх бий болгоход ашиглах боломжтой. Тиймээс реформ дараах гурван асуултаас эхэлж болно.

Аль рент хамгийн их хор хөнөөл учруулж байна вэ? Аль нь суралцахуй, бүтээмжийг дэмжих боломжтой вэ? Хэн гүйцэтгэл шаардаж чадах вэ?

Рентийн эх үүсвэрүүд
  • Байгалийн баялаг
  • ТӨК
  • Худалдан авалт
  • Лиценз
  • ЖДҮ-ийн санхүүжилт
  • Хотын газар
  • Намын санхүүжилт

Эдгээр рент улс төрийн эвслийг тогтоон барьдаг тул рент бол засаглалын “валют”.

Гол ялгаа
Болзолгүй хуваарилагддаг рент
эсвэл
Бүтээмж, суралцахуй, экспортын үр дүнтэй уялдсан рент
Реформыг эхлүүлэх гурван асуулт
  1. Аль рент сүйтгэгч, паразит шинжтэй вэ?
  2. Аль нь суралцахуйг санхүүжүүлж чадах вэ?
  3. Хэн гүйцэтгэл шаардаж чадах вэ?
Зураг 4. Муштак Ханы хандлага: рент бол засаглалын “валют”

Ханы тайлбарласнаар аливаа реформ гурван талаас бүрддэг. Эдгээр нь бодлогын баримт бичиг, түүнээс ашиг хүртэх бүлэг, түүнийг хянах бүлэг юм. Энэ гурвыг нэг тодорхой асуудлын эргэн тойронд холбож чадвал реформ тогтвортой явна.

Бангладешийн бөс даавуу, бэлэн хувцасны салбарын жишээ үүнийг тод харуулдаг. Тэнд бүх салбарын институцийг нэг дор шинэчлэхийн оронд экспортын тодорхой салбарт анхаарч, үйлдвэрлэгчид, төр, зах зээлийн хяналт хооронд гүйцэтгэл шаардах харилцаа аажмаар бүрэлджээ. Энд гол санаа нь нэг улсыг бүхэлд нь “сайн засаглалтай” болгоод дараа нь үйлдвэрлэл хөгжсөнд бус. Харин тодорхой салбарт бодлого, ашиг хүртэгч, гүйцэтгэл шаардах механизм хоорондоо холбогдож чадсан явдал юм.

Бодит асуудлаас эхэлж, жижгээр туршиж суралцах

Изоморфик дуурайлтаас гарах өөр нэг хувилбар нь бүх тогтолцоог нэг дор шинэчлэх бус, тодорхой асуудлаас эхлэх хандлага юм. Притчетт, Эндрюс, Вулкок нарын problem-driven буюу асуудалд тулгуурласан арга нь эхлээд бодит саадыг тодорхойлж, жижиг хүрээнд шийдэл туршихыг санал болгодог. Ажиллахгүй бол засна, ажиллавал нөхцөлдөө тохируулан өргөжүүлнэ. Ингэхэд амжилтын шалгуур нь олон улсын “зөв” хэлбэрийг хуулсан эсэх бус, асуудлыг бодитоор шийдэж чадсан эсэх болно.

Жишээлбэл, хөрөнгө оруулагчдад хэд хэдэн саад тулгарч байвал бизнесийн орчныг бүхлээр нь нэг дор шинэчлэхийн оронд хамгийн өндөр өртөгтэй, шийдэх боломжтой хоёр гурван асуудлыг эхэлж онилж болно. Вьетнамын туршлага ч ийм логикийг харуулдаг. Экспортын өрсөлдөх чадварт шууд саад болж байсан бичиг баримт, гарал үүслийн гэрчилгээ, гаалийн процесс зэрэг тодорхой асуудлыг үе шаттай шийдвэрлэснээр экспортын салбаруудын буюу институцын үйл ажиллагааны чадавх сайжирсан. Өөрөөр хэлбэл, хэлбэрээс функц рүү биш, асуудлаас шийдэл рүү шилжих тухай юм.

АСУУДАЛД ТУЛГУУРЛАСАН АРГА
Бодит саадаас эхэлж, ажилласан шийдлийг тэлэх
  1. Бодит саадыг тодорхойлох Хамгийн өндөр өртөгтэй, шийдэх боломжтой асуудлыг онилох
  2. Жижгээр турших Тодорхой асуудалд тохирсон шийдлийг жижиг хүрээнд хэрэгжүүлэх
  3. Үр дүнг шалгах Асуудлыг бодитоор шийдэж чадсан эсэхийг үнэлэх
АЖИЛЛАХГҮЙ БОЛ Засаж, дахин турших ↺

Суралцсан зүйлдээ тулгуурлан шийдлийг өөрчилж, туршилтын шат руу буцна.

АЖИЛЛАВАЛ Нөхцөлдөө тохируулан өргөжүүлэх

Бодит үр дүн гаргасан шийдлийг хамгаалж, ажиллах боломжтой хүрээнд тэлнэ.

Эхийн санааг нэгтгэсэн схем: турших, суралцах, засах, үр дүнгээр нь тэлэх.

Урсгалтай нь ажиллах

Үүнтэй төстэй өөр нэг хандлага нь Брайн Левийн “урсгалтай нь ажиллах” (working with the grain) үзэл юм. Гол санаа нь бодит улс төр, институцийн орчныг байхгүй мэт төсөөлж, төгс тогтолцоо шууд байгуулахыг оролдохын оронд байгаа нөхцөл дотор ажиллах боломжтой цэгийг олоход оршино.

Энэ аналитик хүрээнд Монголыг өрсөлдөөнт улс төрийн институцтэй боловч албан бус харилцаа, патронаж, рентийн хуваарилалт зэрэгцэн оршдог тогтолцоо гэж авч үздэг. Ийм нөхцөлд бүх асуудлыг хамарсан максималист реформ бодитоор хэрэгжихэд хүндрэлтэй. Харин төсөв, улсын хөрөнгө оруулалт, гааль, татвар зэрэг стратегийн тодорхой салбарт ажилладаг чадавхын “арлууд” бий болгож, тэндээс амжилттай шийдлийг тэлэх боломжтой.

Эхний алхам нь реформын нэр өгөх бус, яг ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа оновчтой тодорхойлох явдал.

“Оновчтой тодорхойлно гэдэг чинь ажлын 50 хувь.”

Дараа нь хамгийн өндөр үнэ цэнтэй, хэрэгжих боломжтой өөрчлөлтөөс эхэлнэ. Жижиг боловч бодит үр дүн гарвал түүнийг хамгаалах, цааш өргөжүүлэх сонирхолтой бүлгүүд бий болж, реформын улс төрийн суурь аажмаар тэлж болно.

“Алсын хараа 2050”: яагаад бүгдийг нэг дор төлөвлөх гээд байна вэ?

Монгол дахь хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг харьцуулахад нэг сонирхолтой ялгаа ажиглагддаг. Зарим хөгжсөн оронд бодлого салбарын түвшинд, харьцангуй жижиг хүрээнд хэрэгждэг бол хөгжиж буй орнуудад олон салбар, олон зорилтыг нэг дор багтаасан урт хугацааны иж бүрэн төлөвлөгөө түгээмэл байдаг.

Судлаач Ж.Санчир энэ үзэгдлийг “Алсын хараа 2050”-ийн жишээн дээр хоёр түвшинд авч үзэв. Трансцендентал шүүмжлэл нь ийм баримт бичиг яагаад, ямар институцийн нөхцөлд бий болсныг гаднаас нь харна. Харин имманент шүүмжлэл нь баримт бичгийг өөрийнх нь зорилго, логик, хэмжүүрээр дотроос нь шалгана.

Гаднаас нь харахад: ийм баримт бичиг яагаад бий болдог вэ?

Эхний тайлбар нь олон улсад түгээмэл болсон төлөвлөлтийн хэлбэр юм. “Алсын хараа 2050” зорилго, тулгуур чиглэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ, индикаторын бүтцээрээ орчин үеийн хөгжлийн төлөвлөлтийн нийтлэг хэлбэрийг дагадаг. Ийм баримт бичиг нь ирээдүйн хөгжлийг зорилго, үзүүлэлт, хугацаа, төсвөөр хэмжиж болох зүйл болгон зохион байгуулахыг зорьдог.

Хоёрдугаарт, бодлогыг өгөгдөл, тооцоо, загварчлалын хэлээр илэрхийлэх нь мэргэжлийн бодлого боловсруулахын чухал шинж болжээ. Макро эдийн засгийн загвар, хүн амын төсөөлөл, төсвийн тооцоо, хэмжигдэхүйц индикатор ашиглах нь төр ирээдүйгээ урьдчилан харж, төлөвлөж, хянах чадвартай гэсэн дүр төрхийг бий болгодог.

Гуравдугаарт, бодлого боловсруулагчдын мэргэжлийн орчин нь өөрөө ийм хэлбэрийн сэтгэлгээ, бодлого, бичиг баримтыг үйлдвэрлэх хөрс болдог. Төрийн албан хаагч, зөвлөх, олон улсын байгууллагын мэргэжилтнүүд зорилго, индикатор, логик хүрээ, хяналт-үнэлгээ зэрэг нийтлэг ойлголт, аргачлалыг ашигладаг. Ийм нийтлэг мэдлэг, хэл бүхий мэргэжлийн хүрээг эпистемик нийгэмлэг (epistemic community) гэж нэрлэдэг.

Дөрөвдүгээрт, урт хугацааны стратеги нь зөвхөн төлөвлөлтийн хэрэгсэл бус легитим байдлын хэрэгсэл болж чадна. Төр ийм баримт бичгээр дамжуулан иргэд болон гадаад түншүүдэд “бид чадамжтай, ухаалаг, стратегитай, ирээдүй рүү чиглэсэн улс” гэдгээ харуулдаг.

Дотроос нь харахад: зорилго, индикатор, өнөөгийн байдал холилдсон

“Алсын хараа 2050” Монголын хөгжлийг өнгөрсөн, өнөө, ирээдүй гэсэн гурван түвшинд харьцуулж, 2050 онд хүрэх хүсэмжит төлөвийг тодорхойлсон.

Хүснэгт 3. “Алсын хараа 2050”-ийн үндсэн үнэт зүйлс: өнгөрсөн, өнөө, ирээдүй

Хэмжүүр Өнгөрсөн: Их Монгол Улс Өнөө: 2010 оны Монгол Ирээдүй: 2050 оны Монгол
Засаглал Мэргэдийн зөвлөл, Их засаг хууль Тогтворгүй засаглал, хөгжлийн тодорхойгүй философи Хууль ёсны засаглал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Ногоон хөгжил Мөнх хөх тэнгэр Байгалийн баялгийг шүтсэн Ногоон амьдралын хэв маяг
Нийгмийн хөгжил Мөнх хөх тэнгэрийн дор бүгд тэгш Дэлхийн хөгжлийн суурь үзүүлэлт хангалтгүй нийгэм Дундаж орлоготой, боловсролтой, эрүүл, идэвхтэй иргэн
Эдийн засаг Дэлхийн баялгийг хуваарилагч Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг Олон тулгуурт эдийн засагтай, өндөр хөгжилтэй улс
Дэд бүтэц, бүс нутаг Торгоны зам, өртөө Байршил таатай ч хуваарилалт үр ашиггүй Мэдээллийн технологийн дэвшилд суурилсан хөгжил
Монгол хүн Их Монгол Улсын иргэн Хүний хөгжлийн үзүүлэлт доогуур Ирээдүйдээ итгэлтэй, чинээлэг дундаж давхаргын иргэн
Үндэсний үнэт зүйл Нүүдлийн өвөрмөц соёл, сэтгэлгээ Үнэт зүйлсээ алдсан Монгол Үндэсний өвөрмөц байдал, дархлаагаа гүн ухамсарласан үндэстэн
Үндэсний аюулгүй байдал Pax Mongolica, алтан гэрэгэ Хоёр том гүрний дунд орших Монгол Өрсөлдөх чадвартай Монгол

Эх сурвалж: илтгэлийн слайд дахь “Алсын хараа 2050”-ийн англи хувилбарын хүснэгтээс орчуулав.

Хүснэгтээс хүсэмжит ирээдүйн дүр зураг тодорхой харагдана. Харин шүүмжлэлийн гол цэг нь өнөөгийн нөхцөлөөс тэр ирээдүйд хэрхэн хүрэх вэ гэдэг механизм хангалттай тодорхой эсэхэд оршино. Жишээлбэл, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг олон тулгуурт болгоно гэдэг нь зорилгын хувьд ойлгомжтой. Гэхдээ аль салбар ямар бүтээмжийн түвшинд хүрэх, ямар саадыг эхэлж шийдэх, ямар институци хариуцах, ахицыг юугаар хэмжих вэ гэдэг нь тусдаа асуудал.

Зарим үзүүлэлтийг задлахад өнөөгийн байдал, зорилтот түвшин, бодлогын арга хэмжээ, индикаторын ялгаа бүдгэрсэн тохиолдол харагдана. “Аж үйлдвэрийн аргаар боловсруулсан махны нийт хэрэгцээнд эзлэх хувь” гэх мэт хэмжүүр нь өнөөгийн нөхцөлийг тайлбарлаж байна уу, зорилтот түвшин тогтоож байна уу, эсвэл бодлогын үр дүнг хэмжих индикатор уу гэдэг нь тодорхой бус байж болно.

Энд өмнөх хэсгийн хэлбэр ба функцийн асуудал дахин гарч ирнэ. Өргөн хүрээтэй алсын хараа, олон зорилго, нарийн индикатор бүхий баримт бичиг боловсруулах нь төлөвлөлтийн хэлбэрийг бий болгоно. Харин тэдгээрийг бодит салбарын асуудал, төсөв, хэрэгжүүлэгч байгууллага, хариуцлага, хэмжигдэхүйц үр дүнтэй холбохгүй бол төлөвлөгөө өөрөө хэрэгжилтийг бий болгохгүй.

Шинэ сэргэлтийн бодлогын талаар Судалгааны хүрээлэнгийн хийсэн дүгнэлт ч ижил асуудлыг хөнддөг. Төслийн сонголт, техник-эдийн засгийн үндэслэл, хугацаа, нөөц, хүлээгдэж буй үр дүнгийн хоорондын холбоо сул бол бодлого зорилгодоо хүрэх эсэхийг урьдчилан үнэлэхэд хүндрэлтэй.

Тиймээс гол асуулт нь Монголд алсын хараа хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт биш. Харин алсын харааг бодит асуудал, хэрэгжүүлэх чадавх, төсөв, хариуцлага, хэмжигдэхүйц үр дүнтэй хэрхэн холбож байна вэ гэдэгт оршино.

АЛСЫН ХАРАА БА ХЭРЭГЖИЛТ
Хүсэмжит ирээдүйд хүрэх холбоосууд
  1. Алсын хараа Ямар өөрчлөлтөд хүрэхийг хүсэж байна вэ?
  2. Бодит асуудал Түүнд хүрэхэд саад болж буй аль асуудлыг эхэлж шийдэх вэ?
  3. Төсөв ба хэрэгжүүлэх чадавх Ямар нөөцөөр, ямар байгууллагын чадавхаар хэрэгжүүлэх вэ?
  4. Хариуцлага Хэн хэрэгжүүлж, хэн гүйцэтгэл шаардах вэ?
  5. Хэмжигдэхүйц үр дүн Бодит ахиц гарсныг юугаар хэмжих вэ?
Эхийн санааг нэгтгэсэн схем. Эдгээр нь хэрэгжилтийг хангах харилцан холбоотой бүрэлдэхүүнүүд бөгөөд заавал дагах хатуу дараалал биш.

Дүгнэлт

Монголын сүүлийн 30 гаруй жилийн шилжилтийг юу гэж нэрлэх вэ гэсэн асуулт эцэстээ нэг сонирхолтой дүр зураг руу хөтөлнө. Ардчилсан сонгууль, хууль, янз бүрийн стратеги, агентлаг бий. Хувийн өмч, хөрөнгө мөнгө, эдийн засаг, улс төрийн нөлөө бүхий тоглогчид ч бий болсон. Гэвч уул уурхайн орлого төсөв, төрийн өмчит компани, бусад хуваарилалтын сувгаар эдийн засагт хүчтэй нөлөөлсөөр, олон салбарт бүтээмжид суурилсан өрсөлдөөн сул хэвээр байна.

“Капиталистууд нь бол ёстой хангалттай их байх шиг байна. Капитализм нь хаачив?”

Энэ асуулт зөвхөн хөрөнгөтэй хүмүүс байгаа эсэх тухай биш. Капитализм нь өмчийн эрх, өрсөлдөөн, бүтээмж, ур чадвар, технологи, бизнесийн чадавх, зах зээлийн сахилга зэрэг олон институци, дадал, харилцааны нийлбэр бөгөөд их урт хугацаанд төлөвшдөг. Нөгөө талаар барууны орнуудад өнөөдөр харагдаж буй капитализм нь олон арван жил хөдөлмөрчид, активистууд, үйлдвэрчний эсэргүүцлийн үр дүнд бий болсон зөвшилцөл гэж ойлгож болно. Ийм ээдрээтэй, нийллэг, түүхэн процессыг нэг стратегиар төлөвлөх, эсвэл хөгжсөн орны институцийн хэлбэрийг шууд хуулбарлах замаар бий болгох боломж үгүй.

Тиймээс хөгжлийн бодлогын гол асуулт капитализмын ямар хэлбэрийг яаж байгуулах вэ гэхээс илүү бүтээмжтэй, хүртээмжтэй, хүнлэг эдийн засгийн харилцаа, анги давхрагыг бодит салбар, бодит асуудлын түвшинд хэрхэн бий болгох вэ гэдэгт шилжинэ. Үүний тулд бүх тогтолцоог нэг дор өөрчлөх бус, хамгийн чухал саадыг тодорхойлж, жижгээр туршиж, ажилласан шийдлийг үр дүнгээр нь тэлэх хандлага илүү бодитой.

Өөрөөр хэлбэл, реформын амжилтыг шинэ хууль, стратеги, агентлагийн тоогоор бус, бодит асуудлыг шийдэж, бүтээмжтэй чадавх бий болгож чадсан эсэхээр хэмжих хэрэгтэй. Иймдээ ч Монголын шилжилт дууссан эсэхээс илүү ямар тогтолцоо бодитоор бүрэлдэж байна вэ гэдэг асуулт цаашид ч нээлттэй хэвээр үлдэнэ.

Ашигласан эх сурвалж

  1. Andrews, M., Pritchett, L., & Woolcock, M. (2019). Building State Capability: Evidence, Analysis, Action. Oxford University Press.
  2. Buyandelgeriyn, M. (2008). Post-Post-Transition Theories: Walking on Multiple Paths. The Annual Review of Anthropology, 235–50.
  3. Kyung-Sup, C. (2022). The Logic of Compressed Modernity.
  4. Mulgan, G. (2020). The Imaginary Crisis (and how we might quicken social and public imagination). UCL, Demos Helsinki and Untitled.
  5. Mushtaq H. Khan, K. S. (2000). Rents, Rent-Seeking and Economic Development: Theory and Evidence in Asia. Cambridge: Cambridge University Press.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment