Удиртгал
Ижил хэмжээний орлоготой хоёр өрхийг төсөөлье. Нэг нь сургууль, эмнэлэг, цэвэр ус, найдвартай дэд бүтцэд ойр амьдардаг бол нөгөө нь эдгээр үйлчилгээг авахын тулд стандарт бус замаас эхлээд олон хүндрэл даван туулах шаардлагатай гэе. Орлогоор нь хэмжвэл энэ хоёр өрхийн амьжиргааны түвшин ижил харагдаж болох ч бодит амьдрал дээр тэдний боломж, сонголт, амьдралын чанар харилцан адилгүй. Нэн ялангуяа ядуурлын тухай асуудлыг хэмжих үед орлого дангаараа хангалттай сайн үзүүлэлт болдоггүй. Бид ядуурлыг зөв хэмжиж чадаж байна уу?
Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/116 дугаар тушаалаар “Олон хэмжээст ядуурлын индекс тооцох аргачлал” батлагджээ. Энэхүү аргачлал нь ядуурлыг зөвхөн мөнгөн хэрэглээний түвшнээр бус, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, амьдрах орчны нөхцөлөөр нь хамтад нь хэмжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь ядуурлыг хэмжих техник, арга зүйн шинэчлэл төдий биш, харин ядуурлын шалтгаан, хэлбэр, бодлогын арга хэмжээг илүү нарийвчлан ойлгох боломж юм.
Эхлээд ядуурал гэж юу болох тухай онолын асуудлыг тайлбарлая. Дараа нь Монгол Улсад хэрэгжих гэж буй энэ шинэ аргачлал яг юу хэмжиж байгааг авч үзнэ. 3, 4-р хэсэгт олон хэмжээст ядуурлын индексийг хэрхэн тооцох тухай онолын тайлбар, цаашлаад бусад улс оронд хэрхэн тооцож байгаатай танилцана. Эцэст нь энэхүү хэмжилтийг бодлого руу хэрхэн хөрвүүлэх тухай тайлбарлах юм.
Ядуурал гэж юу вэ?
Уламжлалт эдийн засгийн шинжилгээнд ядуурлыг орлого, эсвэл хэрэглээний түвшнээр тодорхойлж иржээ. Тухайлбал, тодорхой хэмжээний суурь хэрэгцээг хангахад шаардлагатай хэрэглээний босго тогтоож, түүнээс доогуур түвшинд амьдарч буй хүн амыг ядуу гэж тооцдог. Монгол Улс ч хэрэглээнд суурилсан мөнгөн ядуурлын хэмжүүрийг ашиглаж ирсэн юм.
Энэ арга нь ядуурлын ерөнхий тархалтыг тодорхойлох, цаг хугацааны өөрчлөлтийг ажиглахад чухал ач холбогдолтой. Гэвч хүмүүсийн амьдралд тулгарч буй бүх төрлийн гачигдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй.
Эдийн засагч Амартя Сэн 1999 онд хэвлүүлсэн Development as Freedom бүтээлдээ хөгжлийг зөвхөн орлого, үйлдвэрлэлийн өсөлтөөр бус, хүмүүсийн бодит боломж, эрх чөлөө өргөжиж буй эсэхээр ойлгохыг санал болгосон байдаг. Түүний хөгжүүлсэн чадавхын хандлага (capability approach)-ын дагуу ядуурал нь дан ганц мөнгөний дутагдал бус, хүн өөрийн хүсэж буй амьдралаар амьдрах үндсэн боломжоо эдэлж чадахгүй байх явдал юм.
Тухайлбал, сургуульд суралцах, эрүүл мэндийн тусламж авах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал нь тухайн хүний өнөөгийн амьдрал төдийгүй ирээдүйн сонголтыг хязгаарладаг.
Энэ онолын сууринд тулгуурлан Оксфордын их сургуулийн судлаач Сабина Алкайр, Жеймс Фостер нар олон төрлийн гачигдлыг нэгтгэн хэмжих арга зүйг хөгжүүлсэн юм. Улмаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Оксфордын Ядуурал, хүний хөгжлийн санаачилга (OPHI) 2010 оноос дэлхийн олон хэмжээст ядуурлын индексийг (Multidimensional Poverty Index, MPI) ашиглаж эхэлжээ.
Монгол Улсын шинэ аргачлал юуг хэмжих вэ?
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэлхийн олон хэмжээст ядуурлын индекс нь эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшин гэсэн гурван хэмжээс, арван үзүүлэлтэд тулгуурладаг. Харин улс орнууд өөрийн хөгжлийн нөхцөл, бодлогын тэргүүлэх чиглэл, мэдээллийн боломжид нийцүүлэн үндэсний индекс боловсруулах боломжтой.
Монгол Улсын хувьд шинээр батлагдсан аргачлал нь дөрвөн хэмжээс, нийт 15 үзүүлэлттэй.
Эрүүл мэндийн хэмжээс нь эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн суурь үйлчилгээний хүртээмж, хүнсний олон талт байдлыг хамарна. Ингэснээр зөвхөн эмнэлэг байгаа эсэх бус, өрхүүд эрүүл мэндээ хамгаалах үндсэн нөхцөлөөр хангагдсан эсэхийг хэмжинэ.
Боловсролын хэмжээс нь сургуулийн өмнөх боловсрол, сургуульд хамрагдалт, суурь боловсрол эзэмшсэн байдлыг авч үзнэ. Боловсролын хүртээмжийн ялгаа нь хүүхдийн ирээдүйн орлого олох, хөдөлмөр эрхлэх боломжид урт хугацаанд нөлөөлдөг учраас энэ хэмжээс онцгой ач холбогдолтой.
Хөдөлмөр эрхлэлтийн хэмжээс нь ажилгүйдэл, залуусын хөдөлмөр эрхлэлт, боловсрол, сургалтын хамрагдалт, албан журмын нийгмийн даатгалд хамрагдсан байдлыг хэмжинэ. Энэ нь ядуурал зөвхөн ажилгүй байдалтай бус, хөдөлмөрийн зах зээлд оролцох боломж, нийгмийн хамгааллын хүртээмжтэй холбоотойг харуулж байна.
Амьдрах орчны хэмжээс нь интернэтийн хүртээмж, халаалтын эх үүсвэр, сууцны багтаамж, сууцны нөхцөл, ундны ус, ариун цэврийн байгууламжийг хамарна. Өрхийн амьдрах орчин нь эрүүл мэнд, суралцах боломж, өдөр тутмын цаг хугацаа, зардалд шууд нөлөөлдөг тул ядуурлын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог.
Эдгээр дөрвөн хэмжээсийг тус бүр 25 хувийн жинтэй авч үзсэн бөгөөд хэмжээс доторх үзүүлэлтүүдэд тэнцүү жин оноожээ. Ингэснээр Монгол Улс өрхийн хэрэглээний ядуурлыг хэмжих уламжлалт аргачлалыг орлуулах бус, түүнийг нөхөх нэмэлт хэмжүүртэй болж байна.
Олон хэмжээст ядуурлын индексийг хэрхэн тооцдог вэ?
Олон хэмжээст ядуурлын индексийг ойлгохын тулд гурван үндсэн ойлголтыг ялгах шаардлагатай.
Нэгдүгээрт, гачигдал гэдэг нь тухайн үзүүлэлтээр тогтоосон хамгийн бага шаардлагыг хангаж чадахгүй байгааг илэрхийлнэ. Тухайлбал, шаардлага хангаагүй ундны усны эх үүсвэр ашигладаг бол холбогдох үзүүлэлтээр гачигдалтай гэж тооцно.
Хоёрдугаарт, ядуурлын хамралтын хүрээ (Headcount Ratio) нь олон хэмжээсээр ядуу гэж тодорхойлогдсон хүн амын нийт хүн амд эзлэх хувь юм.
Гуравдугаарт, ядуурлын гүнзгийрэлт (Average Intensity of Poverty) нь олон хэмжээсээр ядуу хүмүүс дунджаар жигнэсэн үзүүлэлтүүдийн хэдэн хувьд гачигдалтай байгааг харуулна.
Ядуурлын хамралтын хүрээг ядуурлын гүнзгийрэлтээр үржүүлж олон хэмжээст ядуурлын индексийг тооцдог.
Монгол Улсын шинэ аргачлалаар өрхийн жигнэсэн гачигдлын оноо 26 хувь буюу түүнээс дээш байвал тухайн өрхийн гишүүдийг олон хэмжээсээр ядуу гэж тодорхойлохоор тогтоолоо. Энд бид ядуурлын хамралтын хүрээ нь хэдэн хүн ядуу байгааг хэлдэг бол гүнзгийрэлт нь тэдгээр хүмүүс хэр олон төрлийн гачигдалд нэгэн зэрэг өртөж байгааг илэрхийлж буйг ялгаж ойлгох шаардлагатай. Иймээс индекс нь ядуу хүмүүсийн тоо өөрчлөгдсөн эсэхээс гадна тэдний амьдралд тулгарч буй гачигдал хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжих боломж олгодог.
Бусад улс орон олон хэмжээст ядуурлыг хэрхэн ашиглаж ирсэн бэ?
Олон хэмжээст ядуурлын индексийг дэлхийн улс орнууд зөвхөн статистик мэдээлэл гаргахад бус, бодлогын зорилтот бүлгийг тодорхойлох, хөгжлийн ахиц дэвшлийг үнэлэхэд ашиглаж байна.
Тухайлбал, Вьетнам улс 2015 оны 11 дүгээр сард олон хэмжээст ядуурлын үндэсний босгыг баталж, 2016 оноос ядуурлыг бууруулах болон нийгмийн хамгааллын бодлогод ашиглаж эхэлсэн. Тус аргачлал нь өрхийн орлогоос гадна эрүүл мэнд, боловсрол, орон сууц, цэвэр ус ба ариун цэвэр, мэдээллийн хүртээмж гэсэн таван төрлийн суурь үйлчилгээг хамардаг. Ингэснээр ядуурлыг зөвхөн орлогын дутагдлаар бус, суурь үйлчилгээний хүртээмжийн гачигдлаар нь тодорхойлж, бодлогын дэмжлэг шаардлагатай өрхүүдийг илүү нарийвчлан ангилах боломж бүрдүүлжээ (UNDP, 2022).
Вьетнамын туршлагаас харахад олон хэмжээст хэмжүүр нэвтрүүлснээр өмнө нь бодлогын хүрээнээс гадуур үлдэж байсан бүлгүүд илүү тодорхой харагдах боловч тэдгээрт хүрэх үйлчилгээ, хөтөлбөр, санхүүжилтийн тогтолцоог давхар сайжруулах шаардлагатай байдаг.
Непал улс олон хэмжээст ядуурлын индексийг ашиглан ядуурлын түвшин, гачигдлын бүтэц, бүс нутгийн ялгаа болон цаг хугацааны өөрчлөлтийг шинжилжээ. Тус улсын Үндэсний төлөвлөлтийн комиссоос 2021 онд нийтэлсэн тайланд 2014–2019 оны хооронд олон хэмжээст ядууралд өртсөн хүн амын эзлэх хувь 30.1-ээс 17.4 хувь болж буурч, ойролцоогоор 3.1 сая хүн ядуурлаас гарсан гэж тооцсон байна. Түүнчлэн ядуурлын түвшин муж бүрд харилцан адилгүй байгааг тогтоож, боловсрол, хоол тэжээл, орон сууцны нөхцөл зэрэг гачигдлыг бууруулахад чиглэсэн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлжээ (National Planning Commission, Government of Nepal, 2021).
Эдгээр туршлагаас харахад олон хэмжээст ядуурлын индексийн гол давуу тал нь ядуурлыг нэг тоогоор илэрхийлэхээс гадна тэр тооны цаана ямар гачигдал байгааг задлан харуулах чадварт оршдог.
Хэмжилтээс бодлого руу: Шинэ индексийн жинхэнэ хэрэглээ
Ядуурлыг хэмжих нь түүнийг бууруулах бодлогын эхний алхам юм. Статистик мэдээлэл өөрөө ядуурлыг бууруулахгүй ч хэн, хаана, ямар төрлийн гачигдалд өртөж байгааг тодорхойлсноор бодлогын арга хэмжээг илүү оновчтой төлөвлөх боломж бүрдүүлдэг. Олон хэмжээст ядуурлын индексийн гол ач холбогдол нь ядуу хүн амын тоог гаргахаас гадна тэдний амьдралд тулгарч буй гачигдлын хэлбэр, давхцал, гүнзгийрэлтийг харуулахад оршино.
Тухайлбал, тодорхой бүс нутагт ундны ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмж хангалтгүй байвал мөнгөн дэмжлэгээс гадна дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай байж болно. Харин хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдээр гачигдал өндөр байвал мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, чанартай ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй. Ийнхүү ядуурлын шалтгаан, нөхцөлийг ялгаж ойлгосноор бүх өрх, бүс нутагт ижил арга хэмжээ хэрэгжүүлэхийн оронд тухайн бүлгийн бодит хэрэгцээнд нийцсэн бодлого боловсруулах боломжтой.
Энэ утгаараа ядуурлыг бууруулах бодлогын үр дүнг зөвхөн халамжид зарцуулсан хөрөнгө, хамрагдсан иргэдийн тоогоор үнэлэх нь хангалтгүй. Нийгмийн халамж нь өрхийн амьжиргааг хамгаалах, эрсдэлийг бууруулах чухал хэрэгсэл боловч ядуурлын суурь шалтгааныг шийдвэрлэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтцийн бодлоготой уялдах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бодлогын амжилтыг хэдий хэмжээний дэмжлэг үзүүлснээр бус, тухайн дэмжлэг хүмүүсийн амьдрах нөхцөл, боломжийг хэрхэн өөрчилснөөр үнэлэх учиртай.
Үүний тулд бодлого боловсруулах үйл явц хэмжилт, оношилгоо, тайлбар, хэрэгжилт, үнэлгээ гэсэн харилцан уялдаатай үе шатуудыг дамжина. Эхлээд ядуурлын тархалт, гачигдлын хэлбэрийг тодорхойлж, дараа нь тэдгээрийн шалтгаан, харилцан хамаарлыг судална. Үүнд үндэслэн бодлогын боломжит хувилбаруудыг боловсруулж, хэрэгжүүлсэн арга хэмжээ зорилтот бүлгийн амьдралд бодитой өөрчлөлт авчирсан эсэхийг үнэлнэ. Олон хэмжээст ядуурлын индекс нь энэхүү үйл явцад шаардлагатай нотолгооны нэг эх сурвалж болох боломжтой.
Гэхдээ аливаа индекс бодит байдлыг бүхэлд нь бус, сонгосон үзүүлэлт, жин, босгоор дамжуулан илэрхийлдгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, ямар үзүүлэлтийг хэмжилтэд хамруулсан, тэдгээрт хэрхэн жин оноосон, ядуурлын босгыг ямар түвшинд тогтоосноос үр дүн хамаарна. Иймээс индексийг бодлого боловсруулахад ашиглахдаа мэдээллийн чанар, аргачлалын ил тод байдал, орон нутгийн онцлог болон цаг хугацааны харьцуулалтыг харгалзахын зэрэгцээ бусад судалгаа, мэдээллээр баяжуулах нь зүйтэй.
Эцсийн дүндээ олон хэмжээст ядуурлын индексийн үнэ цэн нь ядуурлыг илүү нарийн тооцоолоход бус, уг мэдээлэлд тулгуурлан хүмүүсийн амьдралд тулгарч буй гачигдлыг бууруулах бодлого боловсруулж, үр дүнг нь хэмжих боломж олгож байгаад оршино.
Эцэст нь: Бид ядуурлыг хэмжиж байна уу, эсвэл хүмүүсийн амьдралыг ойлгож байна уу?
Эдийн засаг өссөн ч түүний үр шим хүн бүрд ижил хүрдэггүй. Тухайн улсын үйлдвэрлэл, орлого нэмэгдэж байхад зарим иргэн чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, найдвартай дэд бүтэц, зохистой хөдөлмөр эрхлэх боломжгүй хэвээр байж болно. Тиймээс хөгжлийг үнэлэхдээ эдийн засаг хэр хурдтай өсөж байгаагаас гадна өсөлтийн үр шимийг хэн хүртэж, хэн орхигдож байгааг ойлгох шаардлагатай.
Монгол Улс олон хэмжээст ядуурлын индексийн аргачлалтай болсон нь энэ асуултад илүү нарийвчилсан, нотолгоонд суурилсан хариулт өгөх боломж бүрдүүлж байна. Гэхдээ шинэ индекс баталснаар ядуурал буурахгүй. Харин ядуурлыг бууруулах бодлого илүү оновчтой болох эсэх нь уг хэмжүүрийн мэдээллийг шийдвэр гаргалт, төсвийн төлөвлөлт, хөтөлбөрийн үнэлгээнд хэрхэн ашиглахаас шалтгаална.
0 Comments