Төр юу хийснээ бус, иргэдийн амьдралд юу өөрчилснөө хэмжих нь
Policy 2.0 хөтөлбөрийн Keynote Speaker Series цувралын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр илтгэсэн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Үр дүнд суурилсан засаглал: 20 минутын хот буюу ээлтэй хот төлөвлөлт” сэдэвт лекцийг хураангуйлав.
Удиртгал
Монгол Улс жил бүр олон арван хөгжлийн төлөвлөгөө баталж, төсөв, төрийн өмчит компани, орон нутгийн байгууллагаар дамжуулан их хэмжээний хөрөнгө хуваарилдаг. Гэвч Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их мэдрэгддэг түгжрэл, агаарын бохирдол, сургууль, эмнэлгийн хүртээмж, инженерийн дэд бүтцийн асуудал яагаад дахин дахин шийдэгдэхгүй хэвээр үлддэг вэ?
Энэ асуултыг зөвхөн санхүүжилт хүрэлцэхгүй гэдгээр тайлбарлахад хангалтгүй. Суурь асуудал нь төр юу хийснээ тайлагнадаг атлаа хийсэн ажил нь иргэдийн амьдралд ямар өөрчлөлт авчирсныг тогтмол хэмжиж, түүндээ тулгуурлан дараагийн төлөвлөгөө, төсвөө өөрчилж чаддаг эсэхэд оршино. Өөрөөр хэлбэл, орон зайн нэгдмэл төлөвлөлтгүй байдал, салбар яамдын уялдаагүй шийдвэр болон бодит үр дүнг хэмжиж чаддаггүй засаглалын гажиг тогтолцоо бол асуудлын төв юм.
Шинэ зам барих, сургууль ашиглалтад оруулах, төсөл хэрэгжүүлэх нь өөрөө эцсийн үр дүн биш. Эдгээр нь төрийн хийсэн ажлын гарц юм. Харин зам барьснаар зорчих хугацаа багассан уу, сургууль барьснаар нэг ангид суралцах хүүхдийн тоо буурсан уу, хөрөнгө оруулалт хийснээр үйлчилгээ иргэдэд илүү ойр болсон уу гэдэг нь бодит үр дүнг илэрхийлнэ.
Энэхүү гажуудлыг шийдвэрлэх стратеги шийдэл нь "20 минутын хот" буюу хотын түгжрэл, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжийн асуудлыг тус тусад нь шийдэхээс илүү төлөвлөлт, төсөв, хяналт-үнэлгээг нэг зорилгод зангидах явдал юм. Энд 20 минутын хот нь зөвхөн хот байгуулалтын шинэ загвар биш. Сургууль, эмнэлэг, нийтийн тээвэр, ногоон байгууламж зэрэг өдөр тутмын үйлчилгээг иргэдэд ойртуулах замаар төрийн бодлогыг барьсан барилгын тоо, зарцуулсан төсвөөр бус, иргэдэд хүрсэн үр дүнгээр хэмжих нэг практик жишээ юм.
Энэхүү хураангуйд эхлээд үр дүн гэж юуг хэлэх, гарц ба үр дагаврыг яагаад ялгах шаардлагатайг тайлбарлана. Дараа нь Монголын бодлого, хот төлөвлөлтөд олон салангид төлөвлөгөө хэрхэн давхцаж, төсөв болон шалгуур үзүүлэлтүүд хоорондоо яагаад зөрдгийг авч үзнэ. Үүний дараа төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-үнэлгээг нэг системд холбох үр дүнд суурилсан засаглалын логик болон түүний хотын түвшний жишээ болох “20 минутын хот” үзэл баримтлалыг авч үзнэ.
Үр дүн гэж юу вэ?
Үр дүнд суурилсан засаглалыг төлөвшүүлэхийн тулд хамгийн түрүүнд хийсэн ажил болон "гарсан үр дүн" (Result) хэмээх ойлголтын утгыг ялгаж, нэг мөр болгон тодорхойлох шаардлагатай. Төр төсөв зарцуулж, төсөл хэрэгжүүлж, зам, сургууль, эмнэлэг барьж болно. Гэвч эдгээр нь өөрөө эцсийн үр дүн биш. Үр дүнгийн удирдлагад орц (input), үйл ажиллагаа (activity), гарц (output)-аар дамжин үр дагавар (outcome), цаашлаад үр нөлөө (impact)-д хүрэх гинжин холбоог удирдана.
Төсвийн зарцуулалтыг бодит үр дүнтэй холбох энэхүү засаглалын гинжин холбоог авто зам барих төслөөр жишээлэн харуулбал:
- Орц (Input): Асфальт, бетон, ажиллах хүч, цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэр.
- Үйл ажиллагаа (Activity): Зам барих, бүтээн байгуулалт хийх.
- Гарц (Output): Шинэ зам ашиглалтад орох.
- Үр дагавар (Outcome): шинэ замын үр дүнд түгжрэл буурах, зорчих хугацаа багасах
- Үр нөлөө (Impact): Иргэдийн амьдралын чанар дээшлэх.
Энд хамгийн чухал ялгаа нь гарц болон үр дагавар хоёрыг зааглан ялгах явдал юм. Зам хэдэн километр барьсан, хэдэн сургууль ашиглалтад оруулсан, хэдэн төсөл хэрэгжүүлсэн нь төр юу хийснийг харуулна. Харин тухайн хөрөнгө оруулалтын дараа түгжрэл бодитоор буурсан уу, нэг ангид суралцах хүүхдийн тоо цөөрсөн үү, үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн үү гэдэг нь иргэдэд ямар өөрчлөлт хүрснийг харуулна. Зам барих нь өөрөө зорилго байж болохгүй. Зам барьснаар түгжрэл буурч, зорчих хугацаа богиносох нь эцсийн үр дүн
Сүүлийн 30 гаруй жил улстөрчид орон нутагт очоод "сургууль нээлээ, зам барилаа" гэж зөвхөн хийсэн ажил буюу гарцаа тайлагнаж ирсэн ч Улаанбаатарт нэг ангид 50 гаруй хүүхэд сурсаар байна. Иймээс барилга барьсан төдийг биш, боловсролын хүртээмж ба чанар дээшилсэн үр дүнг шаардах нь үр дүнд суурилсан засаглалын суурь ухагдахуун болно.
Үр дүн өөрөө мөн хэд хэдэн түвшинтэй. Хөтөлбөрийн үр дүн нь тодорхой хөтөлбөрөөр хүрэх өөрчлөлтийг, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн нь төсөв зарцуулж буй байгууллагын хариуцах үр дүнг, салбарын үр дүн нь боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарын түвшний өөрчлөлтийг илэрхийлнэ. Харин үндэсний үр дүн нь эдгээрийн нийлбэрээр хүрэх урт хугацааны хөгжлийн зорилго юм.
Иймээс үр дүнд суурилсан засаглал гэдэг нь төрийн хийсэн ажлын хэмжээг нэмэгдүүлэх тухай бус, орц, төсөв, үйл ажиллагааг иргэдэд хүрэх бодит өөрчлөлттэй логикоор холбох тухай ойлголт юм. Гэвч энэ гинжин холбоо бодит төлөвлөлт, төсөв дээр ажиллаж чадаж байна уу? Монголын өнөөгийн байдлыг харахад төлөвлөгөө цөөн биш, харин хэтэрхий олон.
Хэтэрхий олон төлөвлөгөө: Бүгд төлөвлөдөг, хэн ч үр дүнг хариуцдаггүй
Монголд төлөвлөгөө цөөн биш. Харин эсрэгээрээ, урт хугацааны хөгжлийн бодлогоос эхлээд салбарын хөтөлбөр, газар зохион байгуулалт, хотын ерөнхий төлөвлөгөө, тээвэр, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн төлөвлөгөө хүртэл олон баримт бичиг зэрэгцэн хэрэгждэг.
Асуудал нь төлөвлөгөө олон байгаад бус, тэдгээрийг нэг орон зай, нэг хугацаа, нэг үр дүнд зангидах тогтолцоо сул байгаад оршино.
Хот төлөвлөлтийн суурь зарчмаар хот гэдэг салбар, салбараар тусгаарлан төлөвлөж болох объект биш, засаглал, эдийн засаг, инженерийн дэд бүтэц болон нийгмийн амьдрал нэгэн дор огтлолцдог нэгдмэл организм юм. Нэг хороолол байгуулахад орон сууц, авто зам, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цахилгаан, дулаан, цэвэр ба бохир усны дэд бүтэц нэгэн зэрэг уялдах шаардлагатай. Гэвч эдгээрийг өөр өөр яам, агентлаг, орон нутгийн байгууллага тус тусдаа төлөвлөж, төсөвлөж, хэрэгжүүлдэг үед нэг салбарын шийдвэр нөгөөгийнхөө төлөвлөгөөтэй зөрчилдөх эрсдэл үүснэ.
Монгол Улсын хот байгуулалтын өнөөгийн хамгийн том эмгэг нь "Хэтэрхий олон, хоорондоо уялдаагүй төлөвлөгөө" ба тэдгээрийг зангидах нэгдсэн системгүй, тархай бутархай явж ирсэнд оршино. Бүгд төлөвлөдөг ч эцсийн үр дүнг хэн хариуцах нь тодорхойгүй нөхцөл бий болдог. Цөөн хэдэн жишээг авч үзье.
- Инженерийн дэд бүтцийн салангид байдал ба санхүүгийн алдагдал: БНҮУ-ын хөнгөлөлттэй зээлээр орон сууцны хороолол барихад зам, цэвэр, бохир ус, цахилгааны дэд бүтэц холбогдсон ч Эрчим хүчний яамны уялдаагүй төлөвлөлтөөс шалтгаалж дулааны эх үүсвэр холбогдоогүй. Үүний улмаас асар их хөрөнгөөр барьсан барилга ашиглалтад орж чадахгүй, зарах боломжгүй болж, зээлийн хүүгийн төлбөр гүйссээр төрд болон эдийн засагт асар том санхүүгийн хохирол учруулж байна.
- Институтийн давхардал ба хуулийн боломжийг завшиж буй гажиг: Дээрх жишээний нэгэн адил газар ашиглалт, хот байгуулалтын төлөвлөгөө өөр өөр эрх зүйн зохицуулалтаар давхцах үед нэг байгууллагаас хориглосон ашиглалтыг өөр байгууллага зөвшөөрөх боломж үүсдэг. Нийслэл хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу тусгай хамгаалалттай бүсэд барилга барих хориотой. Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн яамнаас тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл олгох эрх зүйн үндэслэлийг ашиглан тухайн газрыг "отоглох цэг" хэмээн үзэж гэрчилгээ олгосноор хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчин орон сууц барьж зардаг гажиг тогтолцоо бүрэлджээ.
Энэ нь зөвхөн техникийн асуудал биш. Төлөвлөлтийн байгууллага, төсөв, хариуцлага салангид байх тусам төсвийн хөрөнгө нэг зорилгод төвлөрөхгүй, ажлын үр дүнг нэг хэмжүүрээр үнэлэх боломж хумигдана. Өөрөөр хэлбэл, олон төлөвлөгөөтэй байх нь өөрөө сайн төлөвлөлтийн шинж биш. Төлөвлөгөөнүүд нэг зорилго, нэг орон зай, нэг шалгуур үзүүлэлт дээр уулзаж чадаж байна уу гэдэг нь илүү чухал.
Эндээс дараагийн асуудал гарч ирнэ. Хэрэв төлөвлөгөө бүр өөр өөр зорилго, өөр өөр үзүүлэлттэй бол төр өөрийнхөө ажлыг юугаар хэмжих вэ? Монголын бодлого, төсвийн өнөөгийн тогтолцоонд энэ зөрчил хамгийн тод харагддаг.
Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй
Бодлого төлөвлөлт олон, хоорондоо уялдаагүй болох тусам үр дүнг юугаар хэмжих нь будлиантай болдог. Үр дүнд суурилсан засаглалд гүйцэтгэлийг хэмжих нэгж буюу шалгуур үзүүлэлт (Key Performance Indicator) нь бодлогын төлөвлөгөөнөөс эхлээд төсвийн хуваарилалт хүртэл нэгдмэл, логик уялдаатай байх зарчимтай. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар өөрчлөлтөд хүрэхээ тодорхойлно, дараа нь тэр өөрчлөлтийг хэмжих үзүүлэлтээ сонгоно, эцэст нь түүнд хүрэхэд шаардлагатай төсвийг хуваарилна.
Монголд харин шалгуур үзүүлэлт цөөн биш. Жишээлбэл, “Алсын хараа 2050” баримт бичигт 73, хөгжлийн төлөвлөгөө 191, улсын төсөв 397 шалгуур үзүүлэлттэй. Үүн дээр Засгийн газрын чиг үүрэг, төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын үзүүлэлтүүд нэмэгдэнэ.
Асуудал нь үзүүлэлтийн тоонд бус, юуг хэмжиж байгаад оршино. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах зорилтын шалгуур үзүүлэлтийг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлт” гэж тодорхойлжээ. Гэвч төлөвлөгөөний хэдэн хувь хэрэгжсэн нь үйл ажиллагааны гүйцэтгэлийг харуулж болохоос авлига бодитоор буурсан эсэхийг шууд илэрхийлэхгүй.
| Байгууллага / Төсөв | Тодорхойлсон зорилт | Дэвшүүлсэн шалгуур үзүүлэлт | Хэмжих нэгж | Зөрчил ба найруулгын алдаа |
|---|---|---|---|---|
| Авлигатай тэмцэх газар(~54 тэрбум ₮) | Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, шударга ёсыг төлөвшүүлэх | Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлт | хувь (%) | Мөнгө зарцуулсан процессыг үр дүн гэж эндүүрсэн. Бодит үр дүнг төлөвлөгөөний биелэлтээс гадна авлигын бодит үр дагаврыг илэрхийлэх үзүүлэлт шаардлагатай Жишээлбэл, Авлигын төсөөллийн индексээр (CPI). |
| Эрчим хүчний яам(~450 тэрбум ₮) | Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэх | Суурилагдсан хүчин чадлын өсөлт | КМ (километр) | Эрчим хүчний чадлыг МВт-аар хэмжих атал урт хэмждэг 'километр'-ээр ташаа бичсэн. |
| Барилга, орон сууцжуулалтын яам(~500 тэрбум ₮) | Ариун цэврийн байгууламжаар хангасан хүн амын хувийг нэмэх | Шинээр барих ба шинэчлэх бохир усны шугам сүлжээ | КМ (километр) | Зорилт нь хүн амын хувь атал шалгуур нь шугамын урт болж логик зөрсөн. |
Энэ хүснэгт өмнөх хэсгийн гарц ба үр дагаврын ялгаа дахин харагдана. Хэдэн километр шугам барьсан нь гарц. Харин хэдэн өрх найдвартай ариун цэврийн үйлчилгээнд холбогдсон нь үр дагавар. Төлөвлөгөөний хэдэн хувь биелсэн нь процессын хэмжүүр. Харин бодит асуудал багассан эсэх нь үр дүнгийн хэмжүүр юм.
Ийм логикийн зөрүүтэй шалгуур үзүүлэлтүүд төсөвтэй холбогдох үед асуудал улам томорно. Тухайлбал, улсын төсөв 33 их наяд төгрөг, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын зардал 29 их наяд төгрөгт хүрч, нийт 62 их наяд төгрөг буюу Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувь нь төрийн гараар дамжиж байна.
Төр үйл ажиллагаа явуулж байгаа цагт төсөв зарцуулахаас өөр аргагүй тул хамгийн түрүүнд зарцуулсан мөнгө бүр бодитой үр дүнд хүрч байгаа эсэхийг хянан баталгаажуулж, дараа нь төрийн оролцоог багасгах асуудлыг ярих нь зүйтэй. Татвар төлөгч хүн бүр өөрийн төлсөн мөнгийг хэн, хэрхэн, ямар үр дүнтэй зарцуулж байгааг мэдэх эрхтэй. Хэрэв төсөв, төлөвлөгөө, шалгуур үзүүлэлт гурав нэг логикт холбогдохгүй бол байгууллага бүр өөрийн ажлыг амжилттай гэж тайлагнаж болох ч иргэний түвшинд эцсийн үр дүн гарахгүй үлдэнэ. Хэмжиж чадахгүй зүйлээ удирдах хэцүү. Харин буруу зүйлээ хэмжвэл бүр буруу зүйлийг урамшуулах эрсдэлтэй.
Иймээс дараагийн алхам нь илүү олон төлөвлөгөө, илүү олон KPI бий болгох бус, төлөвлөлт, төсөв, хяналт-үнэлгээг нэг үр дүнд зангидах явдал юм.
"20 минутын хот": Төлөвлөгөө, төсөв, хяналтыг нэг үр дүнд зангидах нь
Өмнөх хэсгүүдэд харагдсан асуудлын гол нь төлөвлөгөө, төсөв, шалгуур үзүүлэлт тус тусдаа оршиж байгаад бус, нэг үр дүнд чиглэн хоорондоо холбогдож чадахгүй байгаад оршино.
Үр дүнд суурилсан засаглалын шийдэл үүнийг гурван түвшинд нэгтгэнэ. Нэгдүгээрт, салангид төлөвлөгөөнүүдийг үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлтөөр зангидна. Хоёрдугаарт, төсвийг уг төлөвлөгөөнд тодорхойлсон үр дүнтэй шууд холбоно. Гуравдугаарт, хяналт-үнэлгээг зөвхөн тайлан боловсруулах хэрэгсэл бус, дараагийн төсвийн шийдвэрт нөлөөлдөг хариуцлагын механизм болгоно.
Өөрөөр хэлбэл, зарцуулсан мөнгө бодит ахиц авчирсан бол дараагийн санхүүжилтийг дэмжих, харин хөрөнгө зарцуулсан ч үр дүн гараагүй бол шалтгааныг нь үнэлж, төсөв болон арга хэмжээг өөрчлөх зарчим юм. Ингэж чадвал төлөвлөгөө, төсөв, хяналт-үнэлгээ гурван тусдаа процесс бус, нэг удирдлагын мөчлөг болж ажиллана.
Нэгдсэн төлөвлөлт: нэг хот, нэг үр дүн
Хотын нэгдсэн төлөвлөгөө нь зөвхөн газар ашиглалтын зураг биш. Хүн ам, эдийн засаг, газар ашиглалт, орон сууц, тээвэр, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хэрэгжүүлэх төсөл, төсөв, шалгуур үзүүлэлтийг нэг дор уялдуулах шаардлагатай.
Үүнийг PDCA (Plan-Do-Check-Act) буюу төлөвлөх, хэрэгжүүлэх, шалгах, сайжруулах мөчлөгөөр тайлбарлая.
Төлөвлөгөө нэг удаа батлагдаад дуусах бус, хэрэгжилтийн үр дүнгээс суралцаж, дараагийн шийдвэрээ засварладаг амьд процесс байх ёстой. Энэ зарчмын хотын түвшний жишээ нь “20 минутын хот” юм. "20 минутын хот" гэдэг нь оршин суугчид явганаар эсхүл дугуйгаар өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээндээ 20 минутын дотор хүрэх боломжийг бүрдүүлсэн, хүний масштабаар төлөвлөсөн холимог бүсчлэл (mixed-use zoning) бүхий хотын орчныг хэлнэ. Энд гол шалгуур нь хэдэн барилга барьсан, хэдэн километр зам тавьсанд бус, иргэний өдөр тутмын хэрэгцээ хэр ойртсон бэ гэдэгт оршино.
20 минутын хотын хүрээнд өдөр тутмын амьдралд шаардлагатай 6 үндсэн үйлчилгээг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Эдгээрийг хотын өөр өөр хэсэгт тараан байрлуулах бус, иргэн амьдарч буй орчноосоо богино хугацаанд хүрэх боломжтой байхаар төлөвлөх нь гол зарчим. Энэ нь түгжрэлийг зөвхөн шинэ зам барьж шийдэхээс өөр логик санал болгодог. Хэрэв сургууль, эмнэлэг, дэлгүүр, нийтийн үйлчилгээ бүгд хотын өөр хэсэгт байвал иргэд автомашинаар хол зорчих шаардлагатай хэвээр байна. Харин өдөр тутмын хэрэгцээ ойртох тусам зорчих шаардлага өөрөө багасна.
Иймээс 20 минутын хотын дөрвөн стратегийн зорилго нь дараах байдлаар хоорондоо холбоотой тодорхойлогдоно.
| Зорилго | Өнөөгийн нөхцөл байдал | Стратеги шийдэл |
|---|---|---|
| 1. Тээврийн хэрэгслийн хамаарлыг бууруулах | Хувийн автомашины хэт хамааралтай. 200 хорооны 80-д нь автобусны буудалгүй. | Явган ба дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, замын сүлжээг зөв төлөвлөх, өдөр тутмын зорчих хэрэгцээг богиносгох |
| 2. Боловсрол, эрүүл мэндийн хүртээмж, чанарыг сайжруулах | Хан-Уулын 7-р сургууль 350 хүүхдийн багтаамжтай ч 2,200 хүүхэдтэй. Зарим суманд 300 хүүхдэд 960 хүний сургууль барьсан. | Сургууль, эмнэлгийг бодит хэрэгцээтэй байршилд нь төлөвлөж, ачааллыг тэнцвэржүүлэх. |
| 3. Ногоон байгууламж, дэд бүтэц, орон сууцыг хамтад нь төлөвлөх | Амины орон сууц, гэр хороолол тэлж, зарим бүсэд эмнэлэг, ногоон байгууламжгүй. | Холимог бүсчлэлийн бодлогоор дэд бүтэц, орон сууц, ногоон орчныг нэгдсэн төлөвлөлтөөр, зохистой шийдэх. |
| 4. Нэгжийн (Local community) бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх | Үйлчилгээ тархай, бүгд хотын төв рүү чиглэж түгжирдэг. | Бүсчлэл, нягтралын бодлогоор өдөр тутмын хэрэгцээг тухайн хороолол, орон нутгийн нэгж дотроо хангагддаг байх . |
Эдгээр зорилгыг нэгтгэвэл 20 минутын хотын гол санаа нь “хотын төв рүү хүн зөөх”-өөс “үйлчилгээг хүнд ойртуулах” руу төлөвлөлтийн логикийг өөрчлөхөд оршино.
Хотын чанарыг барьсан барилгын тоогоор бус амьдралын чанараар хэмжих нь
Олон улсад хотын хөгжил, амьдралын чанарыг субъектив дүгнэлтээр биш, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, зохистой шалгуураар үнэлэх ёстой. Үүний жишээ бол EIU (Economist Intelligence Unit) Liveability Index буюу Дэлхийн амьдрахад таатай хотуудын индекс юм. Энэхүү индекс нь Тогтвортой байдал (25%), Эрүүл мэнд (20%), Соёл ба орчин (25%), Боловсрол (10%), Дэд бүтэц (20%) гэсэн 5 багц шалгуураар хотуудын амьдрах орчныг бодитой үнэлдэг.
Индексийг бүрдүүлэх жин
Амьдрахад таатай хотууд
Бүх үзүүлэлттэй хүснэгтийг үзэх
Хүснэгтийг хажуу тийш гүйлгэж 9 үзүүлэлтийг харьцуулна.
| Хотын нэр | Улс | Байр | Индекс | Тогтвортой байдал | Эрүүл мэнд | Соёл, орчин | Боловсрол | Дэд бүтэц |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Вена (Vienna) | Австри | 1 | 98.4 | 100.0 | 100.0 | 93.5 | 100.0 | 100.0 |
| Копенхаген (Copenhagen) | Дани | 2 | 98.0 | 100.0 | 95.8 | 95.4 | 100.0 | 100.0 |
| Цюрих (Zurich) | Швейцар | 3 | 97.1 | 95.0 | 100.0 | 96.3 | 100.0 | 96.4 |
| Мельбурн (Melbourne) | Австрали | 4 | 97.0 | 95.0 | 100.0 | 95.8 | 100.0 | 96.4 |
| Калгари (Calgary) | Канад | 5 | 96.8 | 100.0 | 100.0 | 90.0 | 100.0 | 96.4 |
2023 оны байдлаар амьдрахад хамгийн таатай хотоор Австрийн Вена хот 98.4 оноогоор тэргүүлж байна. Вена хот 1990-ээд оноос эхлэн жендэрт мэдрэмжтэй хот төлөвлөлт (gender-informed urban planning) хийснээр аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсролын салбарт 100 оноо авч чаджээ. Эмэгтэй хүн, охид шөнө ганцаараа харихад аюулгүй, гэрэлтүүлэгтэй, саадгүй орчинтой байх нь амьдралын чанарын хамгийн чухал хэмжүүрүүдийн нэг юм.
Олон улсын тэргүүлэх хотуудтай харьцуулахад Улаанбаатар хотын хувьд хотын хөгжлийг иргэдийн амьдралын чанар, хүртээмж, аюулгүй байдлаар хэмжих тогтолцоог бэхжүүлэх хэрэгцээ хэвээр байна. Өнөөг хүртэл хотын бүтээн байгуулалтыг замын урт, барьсан барилгын тоогоор буюу зөвхөн гарцын үзүүлэлтээр тайлагнах нь түгээмэл байв. Үүний нэг жишээ дурдахад нийслэлийн 200 гаруй хорооны 80 орчимд автобусны буудалгүй, мөн зарим бүсэд гудамжны гэрэлтүүлэг, явган зам хангалтгүй байгаа явдал юм. Ийм орчин нь эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өдөр тутам зорчих хэрэгцээ өндөртэй бүлгүүдийн хөдөлгөөн, аюулгүй байдалд шууд нөлөөлнө.
Тиймээс хотын хөгжлийг зарцуулсан төсөв, барьсан байгууламжаар бус, иргэний амьдралд бий болсон өөрчлөлтөөр хэмжих шаардлагатай. Төсвийн хөрөнгөөр ажил хийснээ тайлагнахаас гадна эрүүл мэнд, боловсрол, тээвэр, аюулгүй байдал, нийтийн үйлчилгээний хүртээмж бодитоор сайжирсан эсэхийг тогтмол хэмжиж, дараагийн төлөвлөлт, төсөвтэй холбох нь үр дүнд суурилсан засаглалын гол ялгаа юм.
Дүгнэлт: Процессоос үр дүн рүү
Үр дүнд суурилсан засаглалын гол өөрчлөлт нь “юу хийсэн бэ?” гэдгээс “иргэдийн амьдралд юу өөрчлөгдсөн бэ?” гэсэн асуулт руу шилжихэд оршино. Зам барьсан, сургууль ашиглалтад оруулсан, төсөв зарцуулсан нь гарц. Харин түгжрэл буурсан уу, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ ойртсон уу, хотын орчин илүү аюулгүй, хүртээмжтэй болсон уу гэдэг нь бодит үр дүн юм.
Үүний тулд төлөвлөгөө, төсөв, шалгуур үзүүлэлт, хяналт-үнэлгээ нэг зорилгод зангидагдах шаардлагатай. “20 минутын хот” үзэл баримтлал ч энэ логикийг хотын түвшинд буулгаж, илүү олон зам, барилга барихаас илүү өдөр тутмын үйлчилгээг иргэдэд ойртуулж, амьдралын чанарыг сайжруулахад төвлөрнө.
Эцсийн дүнд төр засаг зарцуулсан төсөв, хийсэн ажлаа бус, бодитоор авчирсан үр дүнгээ тайлагнадаг, иргэд нь амлалт, сурталчилгаанаас илүү амьдралын чанарт гарсан бодит өөрчлөлтийг шаарддаг тогтолцоо руу шилжих нь үр дүнд суурилсан засаглалын үндэс юм.
"Иргэд нь хэрсүү байж байж улс хөгждөг. Улстөрчид эхлээд мундаг болчихоод, дараа нь улс нь хөгжсөн түүх дэлхийд байхгүй."
Илтгэгчийн санал болгосон гарын авлага, ном болон эх сурвалжууд:
- Үр дүнд суурилсан засаглалын гарын авлагууд (2023–2024)
- НҮБХХ, (2024). Үр дүнд суурилсан нэгдсэн төлөвлөлт: Үндсэн ойлголт, зарчим, практик хэрэглээний гарын авлага
- НҮБХХ, (2023). Үр дүнд суурилсан төсөвлөлт: Үндсэн ойлголт, зарчим, практик хэрэглээний гарын авлага
Эдгээр гарын авлага нь хөгжлийн бодлого, төсвийн хуваарилалт, хяналт-үнэлгээг нэг үр дүнд чиглэсэн нэгдмэл системээр төлөвлөх суурь аргачлалыг улс болон орон нутгийн түвшинд ойлгоход чиглэнэ.
- Bent Flyvbjerg & Dan Gardner, (2023). How big things get done: The surprising factors that determine the fate of every project, from home renovations to space exploration and everything in between
Томоохон төсөл яагаад төсөв, хугацаанаасаа хэтэрч, хүлээсэн үр дүндээ хүрдэггүйг олон улсын төслийн өгөгдөлд тулгуурлан тайлбарласан бүтээл. Жижиг засвараас метро, цахилгаан станц зэрэг мега төсөл хүртэл төслийг бодитоор төлөвлөж, эрсдэлийг бууруулж, хэрэгжилтийг амжилттай удирдах зарчмуудыг авч үздэг.
- Project Management Institute, (2021). A guide to the project management body of knowledge (PMBOK® guide) and the standard for project management (7th ed.)
Төслийн удирдлагын олон улсад өргөн хэрэглэгддэг арга зүй, стандартын нэг. Төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх, эрсдэл болон оролцогч талуудыг удирдах суурь ойлголтуудыг системтэй эзэмшихэд ашиглах боломжтой бөгөөд олон улсын төсөл, хөтөлбөрийн орчинд ажиллахад практик ач холбогдолтой.
- НҮБ-Хабитат, (2024). Хотын удирдлагуудад зориулсан хот төлөвлөлтийн ойлголтууд
Хот төлөвлөлтийн үндсэн ойлголт, зарчмуудыг мэргэжлийн бус уншигчдад ч ойлгомжтой тайлбарласан гарын авлага. Хотын удирдлага, бодлого боловсруулагчид болон иргэд хотын орон зай, дэд бүтэц, үйлчилгээ, хүртээмжийг нэгдмэл байдлаар ойлгоход зориулсан практик материал юм.
0 Comments