Улс төр, эдийн засгийн институцийн хос шилжилт: Үйл явц, үр дүн

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр социалист тогтолцоо задран унаснаар олон улс нэгэн зэрэг хоёр том өөрчлөлттэй нүүр тулжээ. Нэг талаас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, нөгөө талаас нэг намын тогтолцооноос өрсөлдөөнт, ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага үүсэв. Монгол Улс ч энэ хоёр өөрчлөлтийг зэрэг эхлүүлсэн орнуудын нэг байлаа.

Нийтэлсэн: admin

|

September 23, 2026

|

1 мин унших

|

50 үзэлт

|

KEYNOTE SPEECH #01 ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ

Хос шилжилт: Би үүгээр явъя, чи түүгээр яв. Билүүтийн голдоо уулзъя

ИЛТГЭСЭН СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор, доктор Ц.Батсүх
Эмхэтгэсэн: А.Эрдэнэжаргал
Хянасан: Б.Пунцаг

Policy 2.0 хөтөлбөрийн Keynote Speaker Series цувралын хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 15-нд СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор, Доктор Ц.Батсүхийн танилцуулсан “Улс төр, эдийн засгийн институцийн хос шилжилт: Үйл явц, үр дүн” сэдэвт лекцийг хураангуйлав.

Удиртгал

1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр социалист тогтолцоо задран унаснаар олон улс нэгэн зэрэг хоёр том өөрчлөлттэй нүүр тулжээ. Нэг талаас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, нөгөө талаас нэг намын тогтолцооноос өрсөлдөөнт, ардчилсан тогтолцоонд шилжих шаардлага үүсэв. Монгол Улс ч энэ хоёр өөрчлөлтийг зэрэг эхлүүлсэн орнуудын нэг байлаа.

СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн профессор Ц.Батсүх, “Прожект Тинкерс” ХХК-ийн ахлах судлаач С.Өнөр, СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш М.Анармаа нарын “Улс төр, эдийн засгийн институцийн хос шилжилт” судалгаа нь пост-социалист орнуудын 30 гаруй жилийн замналыг улс төр, эдийн засгийн хоёр хэмжээсээр зэрэг авч үзэж, шилжилтийн явцад улс орнууд хэрхэн өөр өөр замаар хөгжсөнийг харьцуулан шинжилжээ.

30+
ЖИЛИЙН ЗАМНАЛ

Улс төр, эдийн засгийн институцийн өөрчлөлтийг хамтад нь авч үзсэн нь.

Шилжилтийн эхэн үед эдийн засгийн либералчлал, улс төрийн ардчилал урт хугацаандаа нэг чиглэлд хөтөлнө гэсэн хүлээлт хүчтэй байв. Хувийн өмчийг бий болгож, үнийг чөлөөлөн, зах зээлийг нээхийн зэрэгцээ олон намын өрсөлдөөнт улс төрийн тогтолцоо бүрдвэл социализмын дараах улсууд эцэстээ чөлөөт зах зээл, ардчилсан засаглал хосолсон төстэй загварт ойртоно гэж үзэж байлаа.

Гэвч сүүлийн 30 гаруй жилийн туршлага өөр дүр зураг харуулжээ. Зарим улс ардчилал, зах зээлийн институцийг зэрэг бэхжүүлсэн бол зарим нь зах зээлийн харилцааг нэвтрүүлсэн ч улс төрийн эрх мэдэл өндөр төвлөрсөн хэвээр үлджээ. Өөр хэсэгт ахиц, ухралт ээлжилж, институцийн шилжилт нэг чиглэлд тасралтгүй үргэлжлээгүй байна.

Тэгвэл ижил төстэй гараанаас хөдөлсөн улсууд яагаад өөр өөр замд хүрэв? Улс төр, эдийн засгийн институц хоорондоо хэрхэн нөлөөлдөг вэ? Зах зээлийн реформ улс төрийн ардчиллыг автоматаар дагуулдаг уу? Эсвэл тодорхой нөхцөлд улс орон шилжилтийн аль нэг завсрын төлөвт тогтож болох уу? Монгол Улс энэ олон замналын хаана явна вэ?

Энэ хураангуй дөрвөн үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт социалист тогтолцооны задралын дараах шилжилтийг ямар онолуудаар тайлбарлаж ирснийг авч үзнэ. Хоёрдугаар хэсэгт улс төр, эдийн засгийн институцийн хос шилжилт гэж юу болох, түүнийг хэрхэн хэмжиж болохыг тайлбарлана. Гуравдугаар хэсэгт пост-социалист орнууд яагаад нэг замаар явалгүй, өөр өөр траекторт хуваагдсаныг авч үзнэ. Дөрөвдүгээр хэсэгт Монгол Улсын шилжилтийн онцлог, улс төр болон эдийн засгийн институцид анхаарах асуудлыг задлана.

01

Шилжилт гэдэг нь хуучин тогтолцоог нураахаас илүү шинэ тогтолцоог байгуулах үйл явц

Социалист эдийн засгийн хамгийн том асуудлын нэг нь мэдээлэл, урамшууллын тогтолцоотой холбоотой байв.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт ямар бүтээгдэхүүнийг хэдий хэмжээгээр үйлдвэрлэх, ямар үнээр солилцох, хөрөнгийг хаана байршуулахыг зах зээлийн үнэ бус төв байгууллага шийддэг. Гэвч эдийн засгийн сая сая оролцогчийн мэдлэг, хэрэгцээ, боломжийг нэг төвд бүрэн цуглуулж, үр ашигтай шийдвэр гаргах боломж хязгаарлагдмал. Людвиг фон Мизес зах зээлийн үнэ байхгүй нөхцөлд эдийн засгийн тооцоолол хийх хүндрэлтэйг, Фридрих Хайек нийгэмд тархсан мэдээллийг төвлөрсөн төлөвлөгч бүрэн боловсруулах боломжгүйг онцолж байв.

Гэхдээ төвлөрсөн тогтолцоог задлахад асуудал автоматаар шийдэгдэхгүй. Пост-социалист орнуудын өмнө шинэ тогтолцоог хэр хурдан, ямар дарааллаар байгуулах вэ гэсэн дараагийн асуулт гарч ирсэн.

Big Bang реформ

Гол төлөөлөгч
Anders Åslund
Үндсэн санаа
Зах зээлийн реформыг хурдан хийх
Шилжилтийн бүтэц
price liberalization + privatization
Гол ойлголт
shock therapy
Давуу тал
хурдан зах зээл бий болгоно
Шүүмж
нийгмийн зардал өндөр

Gradualism

Гол төлөөлөгч
Gérard Roland
Үндсэн санаа
Шилжилтийг аажмаар хийх
Шилжилтийн бүтэц
үе шаттай реформ
Гол ойлголт
институцийн дасан зохицол
Давуу тал
тогтвортой шилжилт
Шүүмж
удаан

Partial reform equilibrium

Гол төлөөлөгч
Joel Hellman
Үндсэн санаа
Реформ дундаа гацдаг
Шилжилтийн бүтэц
институцийн гажуудал
Гол ойлголт
rent seeking
Давуу тал
бодит улс төрийг тайлбарладаг
Шүүмж
гарц тодорхой бус

Shortage economy theory

Гол төлөөлөгч
János Kornai
Үндсэн санаа
социализмд бүтэцтэй хомсдол
Шилжилтийн бүтэц
төвлөрсөн төлөвлөгөө
Гол ойлголт
shortage economy
Давуу тал
социалист системийг сайн тайлбарласан
Шүүмж
шилжилтийн механизм бага

Пост-социалист шилжилтийг тайлбарлах онолууд энэ асуултад өөр өөр хариулт өгсөн. Андерс Ослунд хурдан либералчлал буюу Big Bang шинэчлэлийг онцолж, удаан реформ нь хуучин тогтолцооны ашиг сонирхлыг хадгалж болзошгүйг анхааруулдаг. Үнийг чөлөөлж, хувьчлал хийж, зах зээлийн үндсэн механизмыг богино хугацаанд бий болгосноор хуучин систем рүү буцах боломжийг багасгана гэж үзсэн.

Үүний эсрэг Жерар Роландын gradualism буюу үе шаттай реформын хандлага бий. Зах зээл гэдэг нь зөвхөн үнийг сул тавих тухай биш; өмчийн эрх, шүүх, банк, гэрээний хэрэгжилт, өрсөлдөөний зохицуулалт зэрэг олон институцийг зэрэг хөгжүүлэх шаардлагатай учраас шинэ тогтолцоонд дасан зохицох хугацаа хэрэгтэй гэж үзнэ.

Харин Жоэл Хеллман partial reform equilibrium буюу “хэсэгчилсэн реформын тэнцвэр” өөр нэг сонирхолтой асуудлыг гаргаж тавьсан. Реформ эхлэхэд зарим бүлэг бусдаас түрүүлж ашиг хүртэнэ. Хэрэв реформ цааш үргэлжилбэл тэдний давуу байдал багасах нөхцөл үүсэж болох тул өөрчлөлтийг бүрэн дуусгах сонирхолгүй болж болно. Ингэснээр шилжилт санамсаргүйгээр биш, тодорхой ашиг сонирхлын улмаас дундаа гацах боломжтой.

Энэ логик шилжилтийн талаар нэг чухал ойлголт өгнө. Реформ эхэлсэн бол заавал дуусна гэсэн баталгаа байхгүй. Зах зээлийн зарим элемент бий болж, улс төрийн шинэ байгууллагууд байгуулагдсан ч тэдгээрийн хоорондын уялдаа сул, ашиг сонирхлын бүтэц өөрчлөлтийг саатуулж байвал улс орон завсрын төлөвт удаан хугацаагаар тогтож болно.

Ингэхээр шилжилт нь “хуучнаас шинэ рүү” хийдэг нэг удаагийн алхам биш. Анхны нөхцөл, реформын хурд ба дараалал, улс төрийн ашиг сонирхол зэрэг хүчин зүйлсээс хамааран өөр өөрөөр үргэлжилдэг үйл явц юм. Шинэ институцийн нэр бий болохоос илүү түүний дүрэм бодитоор ажиллаж эхлэх нь шилжилтийн гол сорилт юм.

02

Яагаад улс төр, эдийн засгийн шилжилтийг хамтад нь харах хэрэгтэй вэ?

Улс төрийн болон эдийн засгийн шилжилтийг судалгаанд удаан хугацаанд тус тусад нь авч үзэж ирсэн. Улс төр судлаачид ардчилал, сонгууль, улс төрийн эрх чөлөө, эрх мэдлийн хуваарилалтыг, эдийн засагчид хувьчлал, үнийн либералчлал, өрсөлдөөн, өмчийн бүтцийг түлхүү судалдаг. Гэвч бодит амьдрал дээр эдгээр нь салангид биш.

Хувийн өмчийг зөвшөөрөх нь эдийн засгийн шийдвэр байж болно. Харин өмчийн эрхийг хэн хамгаалах вэ? Гэрээ зөрчигдвөл хэн шударгаар шийдвэрлэх вэ? Төр хэний өмчийг ямар нөхцөлөөр хурааж болох вэ? Өрсөлдөөний дүрмийг хэн тогтоох вэ? Эдгээр асуулт улс төр, хууль, эдийн засгийн институцийн огтлолцолд оршино.

Нөгөө талаас эдийн засгийн шинэ тогтолцоонд бий болсон өмчлөгчид, компани, ашиг сонирхлын бүлгүүд улс төрийн шийдвэрт нөлөөлөх боломжтой. Ингэснээр улс төр эдийн засгийн дүрмийг тодорхойлохын зэрэгцээ эдийн засгийн бүтэц эргээд улс төрийн эрх мэдлийн хуваарилалтад нөлөөлнө. Тиймээс нэгийг нь орхиж нөгөөг нь дангаар нь судлахад шилжилтийн бүтэн зураг харагдахгүй.

Энэ харилцан нөлөөллийг улс төр, эдийн засгийн институцийн хос шилжилт гэж авч үзнэ. Эдийн засгийн талд өмчийн эрх, зах зээлийн эрх чөлөө, төрийн оролцоо, зохицуулалтын орчин өөрчлөгдөнө. Улс төрийн талд сонгуулийн өрсөлдөөн, иргэний эрх, эрх мэдлийн хуваарилалт, засаглалын хяналт өөрчлөгдөнө. Нэг талын өөрчлөлт нь нөгөөгийнхөө үр дагавар төдийгүй шалтгаан болж чадна.

Гэхдээ ардчилал, эдийн засгийн эрх чөлөө гэх ойлголтууд өөрсдөө ч олон хэмжээсээс бүрддэг.

Ардчилсан сонгууль тогтмол явагддаг байх нь чухал. Гэхдээ энэ нь ардчиллын зөвхөн нэг хэсэг. Сонгогдсон эрх мэдлийг шүүх, парламент, хууль бодитоор хязгаарлаж байна уу? Иргэд эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй юу? Бодлогын шийдвэр баримт, үндэслэлд тулгуурлан хэлэлцэгдэж байна уу? Нийгмийн өөр өөр бүлэг улс төрд оролцох бодит боломжтой юу? V-Dem эдгээр ялгааг сонгуулийн, либерал, оролцооны, хэлэлцүүлгийн болон тэгш боломжийн ардчиллын хэмжээсээр авч үздэг.

Улс төрийн институцийн спектр

Дарангуйлал Ардчилал Дарангуйлал
Хэт зүүн Зүүн жигүүр Төв Баруун жигүүр Хэт баруун
Эрс өөрчлөлт
(радикал)
Нийгмийн
өөрчлөлт
Хуучнаа
барих
Өөрчлөлтийг
эрс дарах
Либерализм
Коммунизм Социализм Консерватизм Фашизм

Эдийн засгийн эрх чөлөө ч зөвхөн “төр бага байх” тухай ойлголт биш. Өмчийн эрх хамгаалагдсан эсэх, шүүх шударга ажилладаг эсэх, мөнгөний үнэ цэнэ тогтвортой эсэх, олон улсын худалдаа нээлттэй эсэх, бизнесийн зохицуулалт хэр дарамттай байгааг хамтад нь авч үздэг.

Эдийн засгийн институцийн спектр

Социализм Капитализм
Хэт зүүн Зүүн жигүүр Төв Баруун жигүүр Хэт баруун
Коллективизм Эдийн засгийн тэгш байдал
Төрийн өмчлөл
Индивидуализм Боломжийн тэгш байдал
Хувийн өмчлөл
Төвлөрсөн төлөвлөгөөт
эдийн засаг
Халамжлагч
капитализм
Зөнд нь орхих
капитализм

Ингэснээр шилжилтийн судалгаа хоёр туйлын хооронд улс орныг байрлуулах бус, аль институц нь урагшилж, аль нь хоцорч, тэдгээрийн зөрүү нь нийт тогтолцоонд ямар үр дагавар авчирч байгааг шинжилнэ.

03

Нэг загвар руу нийлсэн үү, эсвэл өөр өөр замаар салсан уу?

Тэгвэл энэ ялгааг хэрхэн хэмжих вэ? Ижил гараанаас хөдөлсөн пост-социалист орнууд 30 гаруй жилийн дараа хаана хүрэв?

Энэ асуултад хариулахын тулд улс орны тухайн жилийн байрлалыг харах хангалтгүй. Тухайн улс улс төр, эдийн засгийн институцийн хувьд хаанаас хаашаа хөдөлсөн, хөдөлгөөн нь тогтвортой байсан эсэхийг зэрэг харах шаардлагатай.

Судалгаанд улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийг хамтад нь авч үзжээ. Ингэснээр тухайн улс нэг мөчид ямар түвшинд байгаагаас гадна олон жилийн турш хоёр хэмжээс дээр хэрхэн өөрчлөгдсөнийг ажиглах боломж бүрдэнэ.

Энд хоёр ойлголтыг ялгах нь чухал. Кластер гэдэг нь улс төр, эдийн засгийн институцийн үзүүлэлтээрээ хоорондоо төстэй улс орнуудын бүлгийг хэлнэ. Харин траектор буюу замнал гэдэг нь тухайн улс цаг хугацааны явцад эдгээр төлөвийн дотор болон хооронд хэрхэн хөдөлснийг илэрхийлнэ.

Төв болон Зүүн Европ, Балтын орнууд, Балкан, хуучин ЗХУ, Кавказ, Төв Ази, Зүүн Азийн нийт 30 пост-социалист орныг харьцуулахад дөрвөн үндсэн кластер ялгарсан байна. Судалгааны ангиллаар Монгол Улс Болгар, Румынтай нэг бүлэгт, харин Чех, Эстони, Латви, Литва, Польш, Словак, Словени зэрэг улс өөр бүлэгт багтжээ.

30
УЛС

Пост-социалист орнуудын харьцуулалт.

4
КЛАСТЕР

Институцийн үзүүлэлтээр ялгарсан үндсэн бүлэг.

Энэ үр дүнгээс нэг чухал зүйл харагдана. Социалист тогтолцооноос гарсан орнууд бүгд аажмаар нэг ижил улс төр, эдийн засгийн загварт ойртоогүй. Зарим Төв Европ, Балтын орон улс төрийн болон эдийн засгийн институцээ зэрэг бэхжүүлсэн бол өөр хэсэгт зах зээлийн механизмууд нэвтэрсэн ч улс төрийн хяналт өндөр хэвээр үлджээ. Мөн улс төр, эдийн засгийн үзүүлэлт аль аль нь тогтвортой нэг чиглэлд бус, хэлбэлзэлтэй өөрчлөгдсөн улс орнууд бий.

Пост-социалист орнуудын институцийн замнал

Иймээс эдийн засгийн либералчлал өөрөө улс төрийн ардчиллыг автоматаар бий болгодоггүй. Зах зээлийн харилцаа өргөжсөн ч эрх мэдлийг хязгаарлах институц сул байвал эдийн засгийн шинэ тогтолцоо улс төрийн төвлөрөлтэй зэрэгцэн оршиж болно. Үүний эсрэгээр өрсөлдөөнт сонгууль бий болсон ч өмчийн эрх, шүүх, хууль дээдлэх институц сул бол зах зээлийн өрсөлдөөн мөн бүрэн төлөвшихгүй.

Гэхдээ улс орнуудыг дөрвөн бүлэгт ангилсан нь судалгааны зөвхөн эхний алхам юм. Илүү сонирхолтой асуулт нь нэгэнт тодорхой институцийн төлөвт хүрсэн улс тэндээ үлддэг үү, эсвэл өөр төлөв рүү шилждэг үү?

Үүнийг шинжлэхийн тулд улс орнуудын цаг хугацааны хөдөлгөөнийг авч үзэж, кластер хооронд шилжих магадлалыг тооцжээ. Судалгааны шилжилтийн магадлалын тооцоонд зарим кластерт өөрийн төлөвтөө үлдэх магадлал 83–97 хувь хүрсэн байна. Улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөө өндөр түвшинд хүрсэн дөрөвдүгээр кластерийн хувьд өөрийн төлөвтөө үлдэх тооцоолсон магадлал 97 хувь байжээ.

Кластер хооронд шилжих магадлал

Дараагийн ↓
Одоогийн →
Кластер 1 Кластер 2 Кластер 3 Кластер 4
Кластер 4 0.10 0 0.05 0.64
Кластер 3 0.03 0.57 0.33 0.28
Кластер 2 0.03 0.21 0.38 0
Кластер 1 0.83 0.21 0.24 0.08
Магадлал 0 1

Rolling DTW Cluster Transition Probabilities. Мөр нь дараагийн, багана нь одоогийн кластер. 0.83 = 83%.

Институцийн төлөв хооронд шилжих магадлал

Дараагийн ↓
Одоогийн →
Q1 Q2 Q3 Q4
Q4 0.02 0 0.33 0.94
Q3 0 0 0.67 0.01
Q2 0 0 0 0
Q1 0.97 1 0 0.05
Магадлал 0 1

Q1 — DemocraticMarket · Q2 — PoliticalOpen
Q3 — ClosedSystem · Q4 — MarketAuthoritarian
Мөр нь дараагийн, багана нь одоогийн төлөв. 0.97 = 97%.

Эдгээр тоог аль нэг тогтолцоо заавал мөнх үлдэнэ гэж ойлгож болохгүй. Харин тодорхой институцийн төлөвүүд өөрийгөө хадгалах өндөр инерцтэй байж болохыг харуулна. Өөрөөр хэлбэл, шилжилтийн зам зөвхөн хаашаа явах хүсэлтэй байгаагаас бус, аль хэдийн ямар институцийн төлөвт хүрснээс хамаарч эхэлдэг.

Энэ нь пост-социалист шилжилтийг “бүгд нэг барианд хүрнэ, зарим нь зүгээр л хурдан, зарим нь удаан явж байна” гэж харахад учир дутагдалтайг харуулна. Улс орнууд өөр өөр институцийн тэнцвэрт хүрч, тэндээ тогтох боломжтой. Тиймээс гол асуулт нь хэн түрүүлж явж байгаад бус, ямар замд орсон, тэр зам нь цаашдын өөрчлөлтийг дэмжиж байна уу эсвэл хязгаарлаж байна уу гэдэгт шилжинэ.

04

Тэгвэл Монгол хаана байна вэ?

Судалгааны ангиллаар Монгол Улс Болгар, Румынтай хамт гуравдугаар кластерт багтжээ. Гэхдээ нэг жилийн байрлал Монголын шилжилтийг бүрэн тайлбарлахгүй. Илүү чухал нь өнөөгийн төлөвт ямар замаар хүрсэн, олон жилийн хөдөлгөөн ямар шинжтэй байсан бэ гэдэг юм.

Монгол Улсын улс төр, эдийн засгийн эрх чөлөөний замнал

Монгол Улс 1990 оны өөрчлөлтөөр улс төр, эдийн засгийн хоёр реформыг зэрэг эхлүүлсэн. Олон намын улс төрийн тогтолцоо, өрсөлдөөнт сонгууль, шинэ Үндсэн хууль бий болохын зэрэгцээ үнэ чөлөөлөх, өмч хувьчлах, хувийн хэвшлийг хөгжүүлэх, зах зээлийн харилцаанд шилжих томоохон өөрчлөлтүүд өрнөв.

Гэвч олон жилийн өгөгдөл Монголын замнал нэг чиглэлд тасралтгүй урагшилсан шулуун шугам байгаагүйг харуулдаг. Зарим үед үзүүлэлтүүд ахисан бол өөр хугацаанд саарч, дахин өөрчлөгдөх хөдөлгөөн ажиглагдсан. Судалгааны хүрээнд энэ нь Монгол Улс ардчилал, зах зээлийн үндсэн чиглэлээ хадгалсан ч тэдгээрийн институцийн чанар жигд, тасралтгүй бэхэжсэн гэж үзэхэд болгоомжтой хандах шаардлагатайг харуулж байна.

Эндээс шилжилт хийсэн эсэх болон институц ямар чанартай болсон бэ гэсэн хоёр өөр асуулт гарч ирнэ.

Шилжилт хийсэн эсэх

Олон намын сонгууль, хувийн хэвшил, зах зээлийн харилцаа бий болсон уу?

Институцийн чанар

Эрх мэдлийн хяналт, өмчийн эрх, гэрээ, өрсөлдөөний дүрэм бодитоор ажиллаж байна уу?

Ардчилал сонгуулиар эхэлдэг ч сонгуулиар дуусдаггүй

Монгол Улсад олон намын өрсөлдөөнт сонгууль тогтмол зохион байгуулагддаг болсон нь 1990 оны улс төрийн шилжилтийн суурь өөрчлөлтүүдийн нэг. Гэхдээ сонгууль тогтмол болдог эсэх болон ардчилсан институцийн нийт чанар ижил ойлголт биш.

V-Dem-ийн сонгуулийн ардчиллын хэмжээс нь сонгууль, санал өгөх эрх, эвлэлдэн нэгдэх болон үзэл бодлоо илэрхийлэх боломж зэрэгт төвлөрдөг. Харин либерал ардчиллын хэмжээс сонгуулиас гадна шүүхийн хяналт, хууль тогтоох байгууллагын хяналт, хууль дээдлэх ёс, иргэний эрх чөлөө зэрэг сонгогдсон эрх мэдлийг хязгаарлах механизмыг авч үздэг.

Монголын сонгуулийн болон либерал ардчиллын бүрэлдэхүүн

Энэ ялгаа маш чухал. Сонгууль бол хэн засаглахыг шийддэг. Харин институц тэр хүн хэрхэн засаглаж болохыг хязгаарладаг. Сонгуулиар эрх авсан хүн, нам, эвсэл хүссэн шийдвэрээ ямар ч хязгааргүй гаргаж чаддаг бол сонгууль байгаа ч либерал ардчиллын институц сул байна гэсэн үг.

Зах зээл бий болсон ч зах зээлийн чанар тусдаа асуудал

1990 оноос хойш Монгол Улсад хувийн хэвшил өргөжиж, үнэ, худалдаа, валют, хөрөнгө оруулалтын олон харилцаа зах зээлийн зарчмаар явагдах болсон.

Гэвч зах зээлийн эдийн засгийг зөвхөн хувийн компани олонтой болсон эсэхээр хэмжих боломжгүй. Өмчийн эрх найдвартай хамгаалагдаж байна уу? Гэрээний хэрэгжилт баталгаатай юу? Шүүх маргааныг шударгаар шийдвэрлэж байна уу? Зах зээлд шинээр нэвтрэх боломж нээлттэй юу? Төрийн болон хувийн компани ижил дүрмийн дор өрсөлдөж байна уу? Бизнесийн байгууллага маргаашийн дүрмийг тодорхой хэмжээнд урьдчилан таамаглаж чадаж байна уу? Эдгээр нь зах зээлийн оршин байгаа эсэхээс илүү зах зээлийн чанарын асуудал юм.

Монголын эдийн засгийн эрх чөлөөний бүрэлдэхүүн

Ингээд улс төр, эдийн засгийн институцийн хос шилжилтийн холбоо дахин харагдана. Өмчийн эрх, гэрээ, шүүх, бизнесийн зохицуулалт, өрсөлдөөний дүрэм нь эдийн засгийн институц боловч тэдгээрийг тогтоож, хэрэгжүүлэх чадавх нь улс төр, хууль зүйн институцтэй салшгүй холбоотой. Тиймээс улс төрийн болон эдийн засгийн шилжилт аль нэг нь нөгөөгөөсөө тасарч, дангаар гүнзгийрэх боломж хязгаарлагдмал.

Сонгууль эдийн засгийн бодлогыг өөрчилдөг үү?

Улс төр, эдийн засгийн институц хэрхэн харилцан нөлөөлдгийг Монголын нөхцөлд улс төрийн бизнесийн мөчлөгийн онолоор мөн авч үзсэн.

Нэг тайлбар нь улс төрийн намуудын үзэл баримтлалын ялгаанд төвлөрдөг. Энэ партизан загварын хүрээнд зүүний болон барууны чиг баримжаатай намууд ажилгүйдэл, инфляц, нийгмийн хамгаалал, төсвийн бодлого зэрэг асуудалд өөр өөр ач холбогдол өгөх боломжтой гэж үзнэ.

Өөр тайлбар нь намын үзэл баримтлалаас илүү улс төрчдийн дахин сонгогдох урамшуулалд төвлөрдөг. Ашигч буюу opportunistic загварын логикоор эрх баригчид сонгуулийн өмнө эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сайжруулах бодлого хэрэгжүүлэх сонирхолтой байж болох бөгөөд энэ нь төсөв, орлого, инфляц, ажилгүйдлийн хөдөлгөөнд сонгуулийн мөчлөг бий болгох боломжтой гэж үздэг.

Энэ онолыг Монголын тоон мэдээлэлтэй зэрэгцүүлэн авч үзсэн нь улс төрийн мөчлөг эдийн засгийн шийдвэрт нөлөөлж болох эсэх тухай асуулт тавьж байна. Гэхдээ төсвийн зарлага өссөн эсвэл эдийн засгийн тодорхой үзүүлэлт сонгуулийн жилтэй давхацсан төдийд шалтгааны холбоо тогтоох боломжгүй. Эдийн засгийн мөчлөг, түүхий эдийн үнэ, гадаад орчин, тухайн үеийн бодлогын бусад нөхцөлийг хамтад нь шинжлэх шаардлагатай.

Эндээс гарч буй илүү өргөн институцийн асуулт нь сонгуулийн богино хугацааны урамшуулал болон урт хугацааны эдийн засгийн бодлогын тогтвортой байдлыг ямар дүрэм тэнцвэржүүлэх вэ гэдэг юм.

05

Дүгнэлт: Билүүтийн голдоо уулзах уу?

Пост-социалист орнууд нэг голын эргээс хөдөлсөн ч бүгд ижил замаар явсангүй. Зарим нь өөрийн төлөвтөө тогтвортой үлдэж, зарим нь өөр кластер руу шилжиж, зарим нь урагшилж, буцаж байна. Өөрөөр хэлбэл, шилжилтийн үр дүнг нэг л загварт хүрэх үйл явцаар тайлбарлахад хангалтгүй.

Хос шилжилтийн гол санаа нь улс төр, эдийн засгийн институцийг тус тусад нь бус, харилцан нөлөөлдөг систем гэж харахад оршино. Анхны нөхцөл, реформын дараалал, улс төрийн ашиг сонирхол, эрх мэдлийн хяналт зэрэг нь улс орны цаашдын замналыг өөр өөрөөр бүрдүүлж болно.

Тиймээс пост-социалист шилжилтийг бүгд нэг гараанаас заавал нэг барианд хүрэх гэсэн шулуун зам гэхээс илүү өөр өөр институцийн замналд хуваагдах үйл явц гэж харах нь илүү зохистой. Товчхондоо, шилжилт гэдэг хуучин тогтолцоог халснаар дуусдаггүй. Шинэ дүрэм өдөр тутмын шийдвэр, улс төр, бизнес, иргэний амьдралд бодитоор үйлчилж эхлэх үед л институцийн шилжилт утгаа олно.

Монголын хувьд ч асуулт нь зөвхөн шилжилт дууссан уу биш. Харин байгуулсан институциуд тогтвортой ажиллаж, дараагийн өөрчлөлтийг дэмжих хэмжээнд хэр бэхэжсэн бэ гэдэгт оршино.

Эцэст нь, бүгд нэг голын эргээс хөдөлсөн ч Билүүтийн голдоо заавал нэгэн зэрэг уулзах албагүй. Хос шилжилтийг ойлгохын тулд хаана хүрснийг нь бус, үүгээр эсвэл түүгээр явсныг нь харах хэрэгтэй.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment