Бизнес төлөвлөгөөнд үйлдвэрлэгчийн үнийн индекс ашиглах нь

Бичсэн: Б.Пунцаг Редактор: С.Өнөр Бизнес төлөвлөгөө боловсруулах ажил нэгэнт эхлэх болжээ. Компани бүрд өөр, өөрөөр хийгдэх энэ ажил ерөнхий нэг цэгээс эхлэх нь макро эдийн засгийн хэдэн тоо байдаг. Эдийн засгийн өсөлт хэд байх вэ, инфляц хэд хүрэх вэ, ханш хэрхэн өөрчлөгдөх вэ, зээлийн хүү ямар байх вэ гэх мэт. Дэлхий нийтээр тодорхой бус байдал […]

Нийтэлсэн: admin

|

September 25, 2026

|

1 мин унших

|

24 үзэлт

|

Бичсэн: Б.Пунцаг Редактор: С.Өнөр

Бизнес төлөвлөгөө боловсруулах ажил нэгэнт эхлэх болжээ. Компани бүрд өөр, өөрөөр хийгдэх энэ ажил ерөнхий нэг цэгээс эхлэх нь макро эдийн засгийн хэдэн тоо байдаг. Эдийн засгийн өсөлт хэд байх вэ, инфляц хэд хүрэх вэ, ханш хэрхэн өөрчлөгдөх вэ, зээлийн хүү ямар байх вэ гэх мэт. Дэлхий нийтээр тодорхой бус байдал түүхэн дээд түвшинд хүрч, ирээдүйг таамаглахад хэцүү болж буй энэ үед арай илүү оновчтой төлөвлөхийн тулд яах вэ?

Бизнес төлөвлөгөөнд хамгийн өргөн ашигладаг үзүүлэлтийн нэг бол инфляц. Гадаад өөрчлөлтөд мэдрэг энэхүү үзүүлэлт сүүлийн саруудад шатахууны үнийн өсөлтөөр өдөөгдөж байна. Энэ дүр зураг цаашид хадгалагдана гэвэл компанийн зардлыг төлөвлөхдөө инфляцаар өсгөх ёстой юу?

Хариулт нь үгүй. Улсын инфляц 7 хувь байна гэдэг нь танай компанийн зардал 7 хувь өснө гэсэн үг биш.

Бидний ярьж буй инфляцыг хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр тооцдог. ХҮИ нь өрхийн худалдан авч буй бараа, үйлчилгээний үнийн дундаж өөрчлөлтийг хэмжинэ. Харин бизнесийн зардлын бүтэц өрхийн хэрэглээний сагстай адилгүй. Тэгвэл бизнесийн өртгийг яг юу хөдөлгөдөг вэ?

01

Хэрэглэгчийн үнэ vs. үйлдвэрлэгчийн үнэ

Энэ асуултад үйлдвэрлэгчийн үнийн индекс буюу Producer Price Index (PPI) тодорхой хариулт өгч чадна. Үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) нь үйлдвэрлэгчдийн борлуулж буй бараа, үйлчилгээний үнэ хэрхэн өөрчлөгдөхийг хэмждэг.

ХҮИ · CPI

Хэрэглэгчийн үнэ

Бүтээгдэхүүн хэрэглэгч дээр очсон үеийн үнийн өөрчлөлтийг харна.

→
ҮҮИ · PPI

Үйлдвэрлэгчийн үнэ

Үнэ бий болох гинжин хэлхээний арай өмнөх хэсгийг харна.

Хэрэглээний үнийн индекс бүтээгдэхүүн хэрэглэгч дээр очсон үеийн үнийг хардаг бол ҮҮИ үнэ бий болох гинжин хэлхээний арай өмнөх хэсгийг харна. Талхны үнийг тодорхой хэмжээнд дэлгүүрийн эзэн, худалдагч тогтоох хэдий ч суурь нь гурилын үнэ байна. Нэмээд сав баглаа боодол, агуулах, хөдөлмөрийн зардал шингэнэ. Бүтээгдэхүүнийг дэлгүүрт хүргэх тээврийн зардал ч мөн багтана.

Суурь орц Гурил
Үйлдвэрлэл Савлагаа · хөдөлмөр
Хүргэлт Агуулах · тээвэр
Эцсийн үнэ Талхны үнэ

Эдийн засгийн онолд үүнийг орцын болон гарцын үнийн өөрчлөлтөөр тайлбарлаж болно. Компанийн үйлдвэрлэлдээ ашиглаж буй зүйлсийн үнэ нэмэгдэхэд өртөг өснө. Харин бүтээгдэхүүнээ борлуулах үнэ яг тэр хэмжээгээр нэмэгдэх албагүй.

Тухайлбал, талхны үйлдвэрийн гурил, цахилгаан, тээврийн зардал нийлээд 12 хувиар өссөн гэж бодъё. Үйлдвэр талхны үнээ заавал 12 хувиар өсгөж чадахгүй. Үнэ нэмэгдэхэд хэрэглэгч өөр бүтээгдэхүүн сонгох уу? Өрсөлдөгч компани үнээ нэмэх үү? Тухайн бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглээ юу? Компанийн зах зээлд эзлэх байр суурь ямар вэ?

Дээрх асуултаас шалтгаалан зардлын өсөлтийн тодорхой хэсэг л борлуулах үнэд шингэдэг. Хэрэв өртөг 10 хувиар өссөн ч борлуулах үнэ 5 хувиар нэмэгдвэл зөрүү дарамтыг компани өөрөө үүрнэ. Энэ нь ашгийн түвшинд хамгийн эхэнд нөлөөлж, бодитой ажиглагдана.

ӨРТГИЙН ДАРАМТЫН ЖИШЭЭ
+10% Өртгийн
өсөлт
→
+5% Борлуулах
үнийн өсөлт
Үлдсэн зөрүүний дарамтыг компани өөрөө үүрнэ — хамгийн түрүүнд ашгийн түвшинд нөлөөлнө.
ГОЛ ДҮГНЭЛТ

Тиймээс ҮҮИ-г танай бизнест ирээдүйд учрах өртгийн дарамтыг илэрхийлэх дохио гэж харах хэрэгтэй.

02

Монголд үүнийг тооцдог уу?

Монгол Улсад ҮҮИ-ийн албан ёсны статистикийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ) тооцож, нийтэлдэг. ҮСХ-ны аргачлалд уг индексийн зорилгыг

ҮҮИ-ИЙН ҮНДСЭН ХЭРЭГЛЭЭ
  • 01 Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судлах
  • 02 Инфляцыг урьдчилан таамаглах
  • 03 ДНБ-ийг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэх
  • 04 Бизнесийн шинжилгээ
  • 05 Төрөл бүрийн индексжүүлэлтэд ашиглах

Индексийг сар бүр тооцдог. Их борлуулалттай бүтээгдэхүүний үнийн хөдөлгөөн нийт индекст илүү жинтэй тусдгийг анзаарах хэрэгтэй.

Үүнийг хэрхэн бизнес төлөвлөгөөтэй холбох вэ? ҮСХ улс, салбарын түвшинд жин өгч индекс тооцдог бол компани зардлынхаа бүтцээр жин өгөх адилхан логик хэрэглэж болно. 2026 оны бодит тоогоор харуулъя.

Эдийн засаг, хөгжлийн яамны сарын тоймд аж үйлдвэрийн үйлдвэрлэгчийн үнэ 2026 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 22.8 хувиар өссөн гэж байгаа нь бүх салбарт ижил 22.8 хувийн үнийн өсөлт болсон гэсэн үг биш. Газрын тос, байгалийн хий олборлолтын үйлдвэрлэгчийн үнэ 80.2 хувь, металлын хүдэр олборлолтынх 56.9 хувь, химийн бүтээгдэхүүнийх 56.5 хувь өссөн бол нүүрс олборлолтын үнэ 1.3 хувиар буурсан байв.

2026 ОНЫ IV САР · ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Үйлдвэрлэгчийн үнийн хөдөлгөөн салбар бүрт адилгүй

22.8% Аж үйлдвэрийн үйлдвэрлэгчийн үнийн нийт өсөлт Өмнөх оны мөн үеэс
Газрын тос, байгалийн хий
80.2%
Металлын хүдэр
56.9%
Химийн бүтээгдэхүүн
56.5%
Нүүрс олборлолт
−1.3%
Бууралт 0 Өсөлт

Энэ бол ҮҮИ-ийг бизнес төлөвлөгөөнд механикаар ашиглаж болохгүйг харуулах сайн жишээ. Нүүрс олборлогч, хүнсний үйлдвэр, ресторан, банк дөрвийн өртгийн бүтэц хоорондоо эрс өөр.

Тиймээс ерөнхий индексийг эхний дохио гэж хараад, цаашаа салбар, сегмент болон компанийхаа орц руу нарийн шинжлэх хэрэгтэй.

03

Компанийн өртгийн өсөлтийг тооцъё

Бизнесийн хувьд манай компани юунд мөнгө зарцуулдаг вэ гэдгээ тодорхойлох шаардлагатай. Жижиглэн худалдааны компанийн зардлыг хялбаршуулж, бараа материал 45 хувь, цалин 25 хувь, тээвэр 10 хувь, түрээс 10 хувь, эрчим хүч 5 хувь, бусад зардал 5 хувь гэж үзье. Одоо бүх зардлаа хэрэглээний инфляцаар өсгөхийн оронд тус бүрийнх нь үнийн хөдөлгөгчийг харна.

ЖИШЭЭ КОМПАНИЙН ЗАРДЛЫН БҮТЭЦ
Бараа материал 45% Үнэ +12%
Цалин 25% Үнэ +9%
Тээвэр 10% Үнэ +14%
Түрээс 10% Үнэ +5%
Эрчим хүч 5% Үнэ +8%
Бусад зардал 5% Үнэ +6%

Бараа материалын үнэ 12 хувь, цалин 9 хувь, тээвэр 14 хувь, түрээс 5 хувь, эрчим хүч 8 хувь, бусад зардал 6 хувиар өсөхөөр байвал дараах байдлаар тооцож болно.

ЖИГНЭСЭН ӨРТГИЙН ӨСӨЛТ

Зардал бүрийг компанийн нийт зардалд эзлэх жингээр нь тооцно

0.45 × 12% + 0.25 × 9% + 0.10 × 14% + 0.10 × 5% + 0.05 × 8% + 0.05 × 6%
Компанийн нийт зардлын өсөлт Зардлын бүтцэд тулгуурласан төлөвлөлтийн тоо
10.25%

Энэ жишээнд нийт зардлын өсөлт ойролцоогоор 10.25 хувь гарч байна. Харин улсын инфляц 7 хувь байж болно. Энэ 10.25 хувь гэдэг нь шинэ албан ёсны инфляцын индекс биш. Харин тухайн компанийн зардлын бүтцэд тулгуурласан төлөвлөлтийн тоо.

УЛСЫН ИНФЛЯЦ 7%

Эдийн засгийн нийт үнийн орчны ерөнхий үзүүлэлт

≠
КОМПАНИЙН ӨРТГИЙН ӨСӨЛТ 10.25%

Тухайн компанийн өөрийн зардлын бүтцэд тулгуурласан тооцоо

Гэхдээ бизнесийн хувьд энэ тоо улсын дундаж инфляцаас илүү хэрэгтэй. Учир нь инфляц өсөх эрсдэлтэй гэсэн ерөнхий өгүүлбэрийг удирдлагын бодит асуудал болгон хувиргаж байна.

УДИРДЛАГЫН АСУУДАЛ

Манай нийт зардлын 45 хувийг эзэлдэг бараа материалын үнэ өсөхөд нийт өртөгт хамгийн том дарамт ирнэ.

Бизнес төлөвлөгөөний зорилго үйлдвэрлэгчийн үнийн индекс хэд байгааг мэдэхээр хязгаарлагдахгүй. Хамгийн чухал нь үнийн өөрчлөлт компанийн өртөг, ашигт ажиллагаа, мөнгөн урсгалд хэрхэн нөлөөлөхийг тооцож, тэр мэдээллийг шийдвэр болгон хөрвүүлэх явдал юм. Энэ нь энэ бичвэрийн агуулгаас чинагш зүйлс тул дараа дараачийн нийтлэлээр авч үзэх болно.

Хэрэглээний үнийн индекс огт хэрэггүй гэж ойлговол маш том алдаа болно. Эдийн засгийн нийт үнийн орчин, хэрэглэгчийн худалдан авах чадвар, цалингийн хүлээлт зэргийг ойлгоход ХҮИ чухал. Харин компанийн өртгийн өөрчлөлтийг ойлгохын тулд үйлдвэрлэгчийн үнэ, түүхий эд, цалин, ханш, тээвэр, эрчим хүч зэрэг тухайн бизнесийн бодит орцуудыг тусад нь харах шаардлагатай.

ХҮИ
Эдийн засгийн нийт үнийн орчин Хэрэглэгчийн худалдан авах чадвар Цалингийн хүлээлт
Компанийн өртөг
Үйлдвэрлэгчийн үнэ Түүхий эд Цалин Ханш Тээвэр Эрчим хүч

Өөрөөр хэлбэл, улсын дундаж инфляц бизнесийн өртгийг шууд тодорхойлохгүй. Бизнес өөрийн өртгийн бүтцээр ажилладаг.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment