Хоёр зүйл зэрэгцэн тохиолдоход нэг нь нөгөөгөө үүсгэсэн гэж дүгнэх амархан. Хот шинэ тээврийн бодлого хэрэгжүүлсний дараа түгжрэл буурч, компани сурталчилгааны кампанит ажил эхлүүлсний дараа борлуулалт өсжээ. Тодорхой үйл явдлын дараа өөрчлөлт гарсан учраас бид эхний үйл явдлыг уг өөрчлөлтийн шалтгаан гэж дүгнэх хандлагатай байдаг. Гэвч иймэрхүү дараалал заавал шалтгаан-үр дагаврыг илэрхийлэх албагүй.
Аливаа шалтгаант холбоог тогтоох үед “тухайн шалтгаан байгаагүй бол юу болох байсан бэ” гэж асуух хэрэгтэй. Тухайлбал, компанийн борлуулалт сурталчилгааны дараа өссөн байж болно. Гэхдээ үүнд зөвхөн сурталчилгаа нөлөөлсөн гэж дүгнэхэд эртэднэ. Яг үнэндээ тухайн хугацаанд бүтээгдэхүүний үнэ буурсан, эрэлт улирлын нөлөөгөөр нэмэгдсэн, эсвэл өрсөлдөгч зах зээлээс гарсан байж болно. Эдгээр тайлбарыг ялгаж, цэвэрлэж байж л нэг хүчин зүйлийн нөлөөг үнэлдэг.
Шалтгааныг андуурах нь
Шалтгааныг буруу тогтооход хүргэдэг түгээмэл логикийн алдаа бол post hoc алдаа. А-ийн дараа Б болсон тул Б-г А үүсгэсэн гэж үзэх. Төрийн зардал нэмэгдсэний дараа эдийн засаг өссөн бол өсөлтийг зардалтай холбож болох ч экспорт нэмэгдсэн, түүхий эдийн үнэ өссөн зэрэг өөр хүчин зүйл нөлөөлсөн байж болно.
Мэдээж шалтгаан үр дагавраасаа өмнө үүсэх ёстой. Гэсэн ч энэ нөхцөл дангаараа хангалтгүй. А нь Б-д хэрхэн нөлөөлөх тухай үндэслэлтэй тайлбар, өөр боломжит шалтгаанаас хамаараагүй гэх баримт, нотолгоо хэрэгтэй.
Судлаачид шалтгааныг хэрхэн үнэлдэг вэ?
Шалтгаан-үр дагаврын холбоог судлах олон арга бий. Тэдгээрээс түгээмэл хэрэглэгддэг дөрвөн аргыг авч үзье.
-
Санамсаргүй хяналттай туршилт(Randomized Controlled Trial)
Энэ арга нь судалгаанд оролцогчдыг санамсаргүйгээр туршилтын болон харьцуулах бүлэгт хуваарилна. Жишээлбэл, зарим сургуульд нэмэлт сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, бусдыг хэвийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ гэж төсөөлье. Хөтөлбөр хэрэгжсэний дараа хоёр бүлгийн сурагчдын сурлагын үр дүнг харьцуулж болно. Санамсаргүй хуваарилалт нь бүлгүүдийг эхэндээ дунджаар төстэй болгох тул туршилтын дараах ялгааг хөтөлбөрийн үр нөлөө гэж үнэлэх илүү баттай үндэслэл болдог. Сул тал нь туршилт явуулах нь ёс зүй, зардал, цаг хугацааны хязгаарлалт байж болдог. Мөн жижиг хүрээнд, нэг удаагийн туршилтаар гарсан үр дүнг өөр орон, өөр нөхцөлд шууд ерөнхийлөн дүгнэхэд төвөгтэй байдаг.
-
Байгалийн туршилт(Natural Experiment)
Бодлого, журам, үйл явдлын улмаас зарим бүлэгт өөрчлөлт нөлөөлж, заримд нь нөлөөлөхгүй байх тохиолдлыг ашигладаг. Тухайлбал, төрөөс тодорхой насны босго давсан иргэдэд тэтгэмж олгодог гэж үзье. Тухайн босгын хоёр талд байгаа, насны хувьд бараг ижил хүмүүсийг харьцуулснаар тэтгэмжийн нөлөөг үнэлэх боломжтой. Энэ аргын давуу тал нь бодит орчны өгөгдөлд тулгуурладагт оршино. Санамсаргүй хяналттай туршилттай харьцуулахад ерөнхийлөх боломж нь арай хүчтэй байдаг.
-
Зөрүүний зөрүүний арга(Difference-in-Differences)
Энэ арга нь бодлого хэрэгжихээс өмнө ба дараах өөрчлөлтийг бодлогод хамрагдсан болон хамрагдаагүй бүлгээр харьцуулна. Жишээлбэл, бодлого хэрэгжсэн бүсэд ажил эрхлэлт 5 нэгж хувиар, хэрэгжээгүй бүсэд 2 нэгж хувиар өссөн бол зөрүү болох 3 нэгж хувийг бодлогын тооцоолсон нөлөө гэж үздэг. Гэхдээ бодлого байгаагүй бол хоёр бүлгийн үзүүлэлт ижил төстэй чиглэлээр өөрчлөгдөх байсан гэх таамаглал чухал. Бодлоготой зэрэгцэн харьцуулж буй бүсэд өөр үйл явдал тохиолдвол үр дүнг гажуудуулах боломжтой.
-
Ажиглалтын судалгаа(Observational Study)
Зарим асуудлаар туршилт хийх боломжгүй учраас судлаачид бодит амьдралын өгөгдлийг ашиглан нас, орлого зэрэг хэмжиж болох хүчин зүйлсийг статистикийн загварт оруулан тооцдог. Ингэснээр бүлгүүдийг илүү төстэй нөхцөлөөр харьцуулах боломжтой. Гэвч өгөгдлөөр хэмжигдээгүй, эсвэл загварт оруулаагүй хүчин зүйлсийн нөлөө ажиглагдахгүй хэдий ч хадгалагдан үлдэж болдог. Тиймээс статистик хамаарал тогтоох нь дангаараа шалтгаант нөлөөг батлахгүй.
Дүгнэхийн өмнө асуух таван асуулт
Аливааг ямар нэг зүйлийн шалтгаан гэж дүгнэхийн өмнө дараах асуултыг асуух хэрэгтэй.
-
Шалтгаан нь үр дагавраасаа өмнө болсон уу?
-
Өөр хүчин зүйл нөлөөлсөн байж болох уу?
-
Харьцуулах бүлэг тухайн өөрчлөлтийг үнэлэхэд зохистой харьцуулалт мөн үү?
-
Гаргасан дүгнэлт ямар таамаглалд тулгуурлаж байна вэ?
-
Өөр боломжит тайлбарыг шалгахад анхны үр дүн хэвээр байна уу?
Тиймээс найдвартай шалтгаан-үр дагаврын таамаглал гаргана гэдэг нь хэн нэг дураараа бодож олоод гаргачихдаг зүйл биш юм. Үнэмшилтэй тайлбар, зөв харьцуулалт, ил тод таамаглал, нотолгооны нягт шаардлагын үндсэн дээр л шалтгаан-үр дагаврыг гаргадаг байх нь ээ.
0 Comments