Монгол улсын төсвийн институц

Улсын төсөв жил бүр томорч, зарцуулах мөнгө нэмэгдэж байхад иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ? Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хэдэн төгрөг зарцуулсныг тоолж чаддаг ч тэр мөнгөөр ядуурлыг хэр бууруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хэр сайжруулсныг адилхан тодорхой хэлж чадаж байна уу?

Нийтэлсэн: admin

|

September 16, 2026

|

1 мин унших

|

49 үзэлт

|

KEYNOTE SPEECH #04 ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ

Төсвийн хэмжээнээс институцийн чанар руу: Дүрэм, стратеги, хариуцлагын сорилт

ИЛТГЭСЭН Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, Доктор Ж.Дэлгэрсайхан
Эмхэтгэсэн: Б.Пунцаг
Хянасан: С.Өнөр

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр Policy 2.0 хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төсвийг зөвхөн орлого, зарлагын мөнгөн дүнгээр бус, бодлого, дүрэм, байгууллага, хариуцлага, хэрэгжилтийн цогц тогтолцоо буюу төсвийн институцийн өнцгөөс тайлбарлав.

Лекц нь түүний 2010–2023 оны нөхцөл байдлыг хамруулсан докторын судалгааны үндсэн үр дүнд тулгуурлахын зэрэгцээ өнөөгийн төсвийн тогтвортой байдлын асуудал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэчлэгдсэн чиг үүрэгтэй холбон тайлбарласнаараа онцлог байлаа.

УДИРТГАЛ
?

Улсын төсөв жил бүр томорч, зарцуулах мөнгө нэмэгдэж байхад иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ? Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хэдэн төгрөг зарцуулсныг тоолж чаддаг ч тэр мөнгөөр ядуурлыг хэр бууруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хэр сайжруулсныг адилхан тодорхой хэлж чадаж байна уу?

Энэ асуулт төсвийг зөвхөн мөнгөн дүнгээр бус, үр дүн болон түүнийг бий болгох тогтолцоогоор харах шаардлагыг үүсгэнэ.

Монгол Улсад төсвийн ил тод байдал, хариуцлага, үр дүнгийн тухай асуудал олон жил яригдаж, хууль тогтоомж ч тогтмол шинэчлэгдсэн. Гэвч бодит өөрчлөлт яагаад хангалтгүй хэвээр байна вэ? Үүний шалтгааныг зөвхөн мөнгөний хүрэлцээ, эдийн засгийн тооцооллоос хайх боломжгүй.

Төсвийг хэн, ямар дүрмээр шийддэг, тэр дүрэм бодит амьдралд хэрхэн хэрэгждэг, байгууллагууд хоорондоо хэрхэн уялддагийг хамтад нь харах шаардлагатай.

НИЙТЛЭЛИЙН БҮТЭЦ Таван үндсэн хэсэг
01 Төсвийн зорилгыг зарлагын хэмжээнээс бус, иргэдэд хүрэх үр дүнгээр харах
02 Төсвийн институцийн ойлголт, түүнийг судлах арга хандлага
03 Эрх зүйн орчин ба бодит хэрэгжилтийн зөрүү, төсвийн дүрэм, дунд хугацааны төлөвлөлт, эрсдэл
04 Нэгдсэн төлөвлөлт, дээрээс доош чиглэсэн төсөвлөлт, макро таамаглал, үр дүнгийн тайлагнал
05 Шинэчлэлийг хэрэгжүүлэх төрийн чадавх, улс төрийн хүсэл эрмэлзэл, хараат бус хяналт
01
ТӨСВИЙН ЗОРИЛГО

Зарцуулалт уу, үр дүн үү?

Төсвийг орлого, зарлагын мөнгөн дүнгээр төсөөлөх нь түгээмэл. Гэвч төсөв бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн зорилгод хүрэх нөөцийн хуваарилалт юм. Энэ өнцгөөс харвал төрийн байгууллагуудын зардлыг бүрэн санхүүжүүлсэн нь төсвийн эцсийн амжилт болж чадахгүй. Төр тухайн мөнгөөр иргэдийн төлөө юу хийж, ямар үр дүнд хүрснээ тайлбарлах ёстой.

Төсвийн бодлого, мөнгөний бодлого өөр өөр хэрэгсэлтэй боловч нийгэм, эдийн засгийн нийтлэг зорилгод чиглэдэг. Ажилгүйдэл бага байх, иргэдийн орлого нэмэгдэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сайжрах, аюулгүй орчин бүрдэх зэрэг өөрчлөлт нь бодлогын утга учрыг илэрхийлнэ. Иймээс төсвийг үнэлэхдээ зарлагын өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлттэй холбон харах шаардлагатай.

Монгол Улсын асуудлыг дан ганц нөөцийн хомсдолоор тайлбарлахад улам бүр бэрх болж байна. Төсвийн зарлага өсөж, хууль эрх зүйн шинэчлэлүүд хийгдсэн ч нийгмийн суурь асуудлууд бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Энэ нь гарсан ахиц дэвшлийг үгүйсгэж буй хэрэг биш. Харин зарцуулсан нөөцтэй харьцуулахад бий болсон үр дүн хангалттай юу гэсэн асуултыг тавьж байгаа юм.

2010–2023
7.29×
Төсвийн зарлагын өсөлт

14 жилийн дотор төсвийн зарлага мөнгөн дүнгээр 7.29 дахин өссөн.

2010–2023
17.8 их наяд ₮
Нийт төсвийн алдагдал

Тухайн хугацааны нийт төсвийн алдагдал 17.8 их наяд төгрөгт хүрсэн.

2010–2023 онд буюу 14 жилийн дотор төсвийн зарлага мөнгөн дүнгээр 7.29 дахин өсөж, тухайн хугацааны нийт төсвийн алдагдал 17.8 их наяд төгрөгт хүрсэн тооцоо бий. Ийм хэмжээний нөөцийг зарцуулсан нөхцөлд зөвхөн “төсвөө зарцуулсан уу?” гэж бус энэ нөөцөөр нийгмийн ямар асуудлыг шийдсэн бэ гэж асуух зайлшгүй шаардлагатай.

ГОЛ АСУУЛТ
Зөвхөн “төсвөө зарцуулсан уу?” гэж бус энэ нөөцөөр нийгмийн ямар асуудлыг шийдсэн бэ гэж асуух зайлшгүй шаардлагатай.
ГРАФИК 1

Төсвийн зарлагын хэмжээ ба бүтэц

тэрбум ₮
35,000 30,000 25,000 20,000 15,000 10,000 5,000 0 −5,000 2018 — Урсгал: 7,350.3; Хөрөнгө: 1,680.4; Цэвэр зээл: 286.5 тэрбум ₮ 2018 2019 — Урсгал: 8,228.6; Хөрөнгө: 3,016.7; Цэвэр зээл: 416.4 тэрбум ₮ 2019 2020 — Урсгал: 10,828.9; Хөрөнгө: 3,034.2; Цэвэр зээл: 41.1 тэрбум ₮ 2020 2021 — Урсгал: 12,804.0; Хөрөнгө: 2,982.2; Цэвэр зээл: −155.8 тэрбум ₮ 2021 2022 — Урсгал: 14,229.3; Хөрөнгө: 3,803.4; Цэвэр зээл: 127.0 тэрбум ₮ 2022 2023 — Урсгал: 17,091.4; Хөрөнгө: 5,188.2; Цэвэр зээл: 229.4 тэрбум ₮ 2023 2024 — Урсгал: 22,176.6; Хөрөнгө: 7,970.8; Цэвэр зээл: 443.7 тэрбум ₮ 2024 2025 — Урсгал: 23,964.1; Хөрөнгө: 7,881.6; Цэвэр зээл: −271.8 тэрбум ₮ 2025 2026 — Урсгал: 24,549.9; Хөрөнгө: 8,885.5; Цэвэр зээл: −455.4 тэрбум ₮ 2026
Урсгал зарлага Хөрөнгийн зардал Эргэж төлөгдөх цэвэр зээл
Төсвийг үнэлэх логик
01 Нөөц Хөрөнгө мөнгө
02 Сонголт Зөв асуудлыг сонгох
03 Хэрэгжилт Нөөцийг оновчтой хуваарилах
04 Үр дүн Гүйцэтгэлийг хянах

Эндээс төсвийн судалгааны гол анхаарал мөнгөний хэмжээнээс түүнийг бодит үр дүн болгох чадвар руу шилжинэ. Хөрөнгө мөнгө байлаа ч зөв асуудлыг сонгох, нөөцийг оновчтой хуваарилах, бодлогоо хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах тогтолцоо ажиллахгүй бол зорилго биелэхгүй.

Тиймээс төсвийн асуудал нь зөвхөн санхүүгийн асуудал биш. Энэ нь мөн удирдлага, засаглал, дүрэм, хариуцлагын асуудал юм. Энэ утгаараа төсвийн институци гэх чухал ойлголтыг авч үзэхээс өөр аргагүй.

02
ТӨСВИЙН ИНСТИТУЦ

Төсвийн институц гэж юу вэ?

Институцийг нэг байгууллагын нэр, бүтэцтэй адилтган ойлгож болохгүй. Институци гэдэг нь хүмүүс, байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлдэг дүрэм, хэм хэмжээ, харилцааны тогтолцоо юм.

Төсөвт энэ ойлголтыг буулгавал хэн төсөв боловсруулах, хэн батлах, нийт зарлага болон өрөнд ямар хязгаар үйлчлэх, хэн хяналт тавих, ямар мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, шийдвэр гаргагчид хэрхэн хариуцлага хүлээх зэрэг харилцаа багтана.

ИНСТИТУЦИ
Хүмүүс, байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлдэг дүрэм, хэм хэмжээ, харилцааны тогтолцоо

Тогтвортой, ойлгомжтой дүрэм нь шийдвэр гаргалтын тодорхойгүй байдлыг бууруулдаг. Харин хууль байнга өөрчлөгддөг, дүрэм хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, ижил нөхцөлд ялгаатай шийдвэр гардаг бол иргэн, бизнес, төрийн байгууллагын аль алинд нэмэлт зардал, эрсдэл бий болно.

Төсвийн институцийг албан ба албан бус гэж ялгаж болно. Албан институцид хууль, дүрэм, эрх хэмжээ, төсвийн тогтоосон процесс багтана. Албан бус институцид бичигдээгүй хэм хэмжээ, зан үйл, тогтсон практик, нөлөөллийн харилцаа орно.

01 АЛБАН

Албан институци

Хууль, дүрэм, эрх хэмжээ, төсвийн тогтоосон процесс.

Зохицуулалт Төсвийн зорилго, үйл явцад чиглэсэн зохицуулалт
Байгууллага Зохицуулалтын хэрэгжилтийг хангах байгууллага
02 АЛБАН БУС

Албан бус институци

Бичигдээгүй хэм хэмжээ, зан үйл, тогтсон практик, нөлөөллийн харилцаа.

Хамрах хүрээ Зан үйл, итгэл үнэмшил, сэтгэлгээ, зуршил

Хуульд нэг зүйл заасан ч бодит амьдрал дээр шийдвэр өөр зарчмаар гарч байвал зөвхөн хуулийн текстийг хараад институцийн чанарыг тодорхойлох боломжгүй.

Тиймээс хуульд юу гэж заасан бэ гэдгийг бодит байдал дээр яаж хэрэгжиж байна вэ гэдэгтэй хамтад нь үнэлэх шаардлагатай.

01 Хуульд юу гэж заасан бэ? Дүрэм, эрх хэмжээ, зохицуулалт
+
02 Бодит байдал дээр яаж хэрэгжиж байна вэ? Зан үйл, практик, бодит хэрэгжилт
=
ИНСТИТУЦИЙН ЧАНАР
ГРАФИК 2 · СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ

Төсвийн институцийг үнэлэх хоёр хүрээ

01
Төсвийн институцийн индекс Budget Institutions and Fiscal Performance in Low-Income Countries
Төлөвлөлт,
тохиролцоо
Шаталсан үйл ажиллагаа Дүрэм ба хяналт Тогтвортой найдвартай байдал Ойлгомжтой байдал Ил тод байдал
Хэрэгжилт
Батлах
Era Dabla-Norris et al., 2010
02
Төсвийн институцийн 12 бүрэлдэхүүн бүхий аргачлал Budget Institutions in Low-Income Countries
01 Төсвийн төлөв байдал, тулгамдсан асуудлуудыг ойлгох
Төсвийн тайлагнал
Макро эдийн засаг болон төсвийн таамаглал
Төсвийн эрсдэлийн удирдлага
Бие даасан төсвийн байгууллага
02 Төсвийн баталгаатай стратеги боловсруулах
Төсвийн зорилтууд ба дүрмүүд
Дунд хугацааны төсвийн тогтолцоо
Гүйцэтгэлийн зааварчилгаа / удирдамж
Засгийн газар хоорондын /дотоод/ төсвийн зохицуулалт
03 Төсвийн стратегийг хэрэгжүүлэх
Төсвийн нэгтгэл
Дээрээс доош чиглэсэн төсөвлөлт
Парламентын төсөв батлалт
Төсвийг хэрэгжүүлэх
Sanjeev Gupta, Sami Ylaoutinen, 2014

Доктор Ж.Дэлгэрсайхан өөрийн судалгааны ажилдаа 2010–2023 оны Монгол Улсын төсвийн институцийг шинжлэхдээ энэ ялгааг гол болгосон. Нэг талаас төсвийн үйл явц дахь шаталсан удирдлага, дүрэм, хяналт, ил тод байдал зэрэг шинжийг, нөгөө талаас төсвийн институцийн 12 бүрэлдэхүүнийг үнэлсэн байна.

Ингэхдээ зөвхөн хууль байгаа эсэхийг бус, түүний бодит хэрэгжилтийг мөн авч үзжээ. Энэ нь Монгол Улсын төсвийн асуудлын мөн чанарыг ойлгоход чухал ялгаа юм. Сайн хуультай байх болон сайн институцтэй байх нь ижил зүйл биш.

2010–2023 Судалгаанд хамарсан хугацаа
12 Төсвийн институцийн бүрэлдэхүүн
ГОЛ САНАА

Сайн хуультай байх болон сайн институцтэй байх нь ижил зүйл биш.

03
ХЭРЭГЖИЛТИЙН ЗӨРҮҮ

Хууль сайжирсан ч хэрэгжилт яагаад хоцров?

Монгол Улсын төсвийн эрх зүйн орчин сул хөгжсөн гэж шууд дүгнэх боломжгүй. Эрх зүйн орчны үнэлгээний зургаан шалгуураас эрх мэдэл, тодорхой байдал, хариуцлага, ил тод байдал, тогтвортой байдал гэсэн таван үзүүлэлт хангалттай түвшинд нийцсэн бол нэгдмэл байдал сул үнэлэгдсэн.

ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ 6 ШАЛГУУР
5 / 6
Эрх мэдэл
Тодорхой байдал
Хариуцлага
Ил тод байдал
Тогтвортой байдал
Нэгдмэл байдал

Гэвч энэ нь хуульд юу туссаныг үнэлсэн дүн болохоос бодит хэрэгжилт сайн гэсэн үг биш. Төсвийн тогтвортой байдал, төсөв, өрийн удирдлага, хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой хуулиудын хүрээнд тогтолцоо бүрдүүлэх оролдлого идэвхтэй хийсээр байна.

Гэвч тогтоосон дүрмийг мөрдөх цаг болоход хойшлуулах, өөрчлөх явдал давтагдсаар ирлээ. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2010–2023 онд 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд өөрчлөлтийн дийлэнх нь төсвийн тусгай шаардлагатай холбоотой байжээ.

14 УДАА
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2010–2023 онд нэмэлт, өөрчлөлт орсон.
ХҮСНЭГТ 1

Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдал

д/д Хуулийн нэр Батлагдсан Өөрчлөлт
1 Монгол Улсын Үндсэн Хууль 1992-01-13 5 удаа
2 Төсвийн тухай 2011-12-23 57 удаа
3 Төсвийн тогтвортой байдлын тухай 2010-06-24 22 удаа
4 Өрийн удирдлагын тухай 2015-02-18 9 удаа
5 Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай 2020-05-07 5 удаа
7 Ирээдүйн өв сангийн тухай 2016-02-05 5 удаа
8 УИХ-н тухай 2020-05-07 12 удаа
9 УИХ-н чуулганы хуралдааны дэгийн тухай 2020-05-13 6 удаа
10 УИХ-н хяналт шалгалтын тухай 2021-12-24 1 удаа
11 Монгол Улсын ЗГ-н тухай хууль 1993-05-06 84 удаа
12 Засгийн газрын тусгай сангийн тухай 2019-11-13 11 удаа

Төсвийн дүрмийн гол зорилго нь алдагдал, өр, зарлагын огцом тэлэлтэд хязгаар тавьж, богино хугацааны улс төрийн шийдвэрээс үүсэх эрсдэлийг бууруулахад оршино. Гэвч тухайн хязгаарт багтахгүй болох бүрдээ дүрмээ өөрчилбөл хуульд заалт байгаа ч бодит хязгаарлалт ажиллахгүй.

Төсвийн тогтвортой байдал, өрийн удирдлага, хөгжлийн бодлоготой холбоотой эрх зүйн тогтолцоо бий болсон ч тогтоосон шаардлагыг мөрдөх үед хойшлуулах, өөрчлөх практик давтагдсан. Иймээс төсвийн дүрмийн чанарыг зөвхөн хэр сайн бичсэнээр нь бус хэр тогтвортой мөрдсөнөөр нь хэмжих шаардлагатай.

ХҮСНЭГТ 2

Төсвийн институцийн 12 бүрэлдэхүүний үнэлгээ

7

Сул

Макро таамаглал; эрсдэл; хараат бус байгууллага; зорилт ба дүрмүүд; дунд хугацааны удирдамж; УИХ-ын хязгаарлалт; сахилга бат.

3

Дундаж

Нэгтгэл; шаталсан төсөв; гүйцэтгэлд суурилсан төсөв.

2

Хүчтэй

Тайлагнал; Засгийн газар хоорондын зохицуулалт.

Институцийн 12 бүрэлдэхүүний үнэлгээгээр 7 нь сул, 3 нь дундаж, 2 нь хүчтэй гэж ангилагдсан. Сул үнэлгээтэй долоон бүрэлдэхүүнд макро эдийн засгийн таамаглал, төсвийн эрсдэл, хараат бус байгууллага, төсвийн зорилт ба дүрмүүд, дунд хугацааны төсвийн удирдамж, УИХ-ын төсөв батлах үеийн хязгаарлалт, төсвийн сахилга бат багтжээ.

Харин тайлагнал болон засаг захиргааны түвшин хоорондын зохицуулалт харьцангуй хүчтэй үнэлэгдсэн байна. Нэгдсэн үнэлгээгээр эхний аргачлал 4 онооноос 2.57 буюу боломжит онооны 64.1 хувь, хоёр дахь аргачлал 2 онооноос 0.97 буюу 48.7 хувьтай гарчээ.

64.1% 2.57 / 4
48.7% 0.97 / 2
3.1

Дунд хугацааны төлөвлөлт жилийн төсөвт хязгаар болж чадахгүй байна

Дунд хугацааны төсвийн хүрээ нь хэдэн жилийн орлого, зарлага, эдийн засгийн нөхцөлийг урьдчилан харж, жилийн төсвийг түүний хүрээнд төлөвлөх зориулалттай.

Урт хугацааны хөгжлийн зорилго нь дунд хугацааны төсвийн бодлогод тусаж, улмаар жилийн төсвийн шийдвэрт чиглэл, хязгаар өгөх учиртай. Харин эхлээд жилийн зарлагаа шийдэж, дараа нь түүндээ тааруулан дунд хугацааны хүрээг өөрчилбөл төлөвлөлтийн үндсэн логик алдагдана.

Ингэснээр дунд хугацааны бодлого ирээдүйн шийдвэрийг чиглүүлэх бус, аль хэдийн гаргасан шийдвэрийг зөвтгөх хэрэгсэл болж хувирна.

01 Урт хугацааны хөгжлийн зорилго
02 Дунд хугацааны төсвийн бодлого
03 Жилийн төсвийн шийдвэр

Макро эдийн засгийн таамаглалын зөрүү энэ асуудлыг улам тод харуулдаг.

ЗУРАГ 4

Төлөвлөлт, таамаглалын дундаж өөрчлөлт

ДНБ · 3 ЖИЛ
Төлөвлөлт 9.15
Гүйцэтгэл 4.70
Зөрүү 4.45
ДНБ · 2 ЖИЛ
Төлөвлөлт 7.95
Гүйцэтгэл 4.70
Зөрүү 3.25
ДНБ · 1 ЖИЛ
Төлөвлөлт 7.72
Гүйцэтгэл 4.70
Зөрүү 3.02
2015 ОНЫ ТӨСӨӨЛӨЛ 10.2%
БОДИТ ГҮЙЦЭТГЭЛ 2.5%

Тухайлбал 2015 оны эдийн засгийн өсөлтийг 10.2 хувь гэж төсөөлсөн боловч бодит гүйцэтгэл 2.5 хувь байсан буюу 7.7 нэгж хувийн зөрүү гарчээ. Орлогын суурь таамаглал ийм хэмжээгээр зөрвөл төсвийн зарлага, алдагдал, өрийн тооцоо ч дагаад өөрчлөгдөнө.

3.2

Тогтвортой байдал гэдэг нь цохилт ирэхэд дүрмээ өөрчлөх бус, бэлтгэлтэй байхыг хэлнэ

Монголын эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад зах зээл, геополитикийн нөхцөлд өндөр мэдрэмжтэй. Гэхдээ гаднын шок бүрийг төсвийн дүрмээ өөрчлөх шалтгаан болгох нь эмзэг байдлыг шийдэхгүй.

Тогтвортой төсөв гэдэг нь таатай үед бүх нэмэгдсэн орлогоо зарцуулах бус, дараагийн таагүй нөхцөлд ашиглах боломжтой нөөц бүрдүүлэхийг хэлнэ. Энэ нь мөчлөг сөрсөн төсвийн бодлогын үндсэн логик юм.

Эрсдэлийг баримт бичигт жагсаах нь хангалтгүй. Тухайн эрсдэл үүсвэл ямар бодлого хэрэгжүүлэх, ямар нөөц ашиглах, төсөв хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай. Монгол Улсын төсөвт тулгарч буй эрсдэлийг гурван түвшинд нэгтгэн харж болно.

01

Улс төрийн эрсдэл

Богино хугацааны улс төрийн ашиг сонирхол төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг шахаж болно.

02

Эрх зүйн орчны тогтворгүй байдал

Нөхцөлдөө тааруулан дүрмээ өөрчилдөг бол төсвийн хязгаар, сахилга бодит утгаа алдана.

03

Эдийн засгийн савлагаа

Уул уурхай, түүхий эдийн экспортод хамааралтай эдийн засгийн хувьд гадаад орчны өөрчлөлт төсөвт хүчтэй нөлөөлнө.

Эдгээр нь тусдаа асуудал биш. Улс төрийн шийдвэр дүрмийг сулруулж, эрх зүйн орчныг тогтворгүй болгох тусам гадаад эдийн засгийн цохилтыг даах чадвар мөн буурна.

Иймээс төсвийн институцийн шинэчлэл нь зөвхөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил биш. Дүрэм тогтвортой мөрдөгдөх, мэргэжлийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргагчид тайлбар өгч хариуцлага хүлээх, хараат бус байгууллага бодитой хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх тухай асуудал юм.

ГОЛ САНАА

Тогтвортой байдал гэдэг нь цохилт ирэх бүрт дүрмээ өөрчлөх бус, цохилт ирэхээс өмнө бэлтгэлтэй байх тухай юм.

04
ТӨЛӨВЛӨЛТ БА ҮР ДҮН

Нэгдсэн төлөвлөлтөөс үр дүнгийн тайлагнал хүртэл

Төсөв нь төрийн байгууллагуудын хүсэлтийн нийлбэр байж болохгүй. Боловсролын салбарт сургууль, эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, бусад салбарт дэд бүтэц хэрэгтэй байж болно. Гэхдээ бүх хэрэгцээг зэрэг санхүүжүүлэх боломжгүй.

Тиймээс улсын хэмжээнд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх, ямар үр дүнд хүрэх, түүнд хэдий хэмжээний нөөц зориулах вэ гэдгийг эхэлж тогтоох шаардлагатай. Энэ бол дээрээс доош чиглэсэн төсөвлөлтийн үндсэн утга.

ДЭЭРЭЭС ДООШ ТӨСӨВЛӨЛТ

Нийт боломжит нөөцөөс салбарын төсөв хүртэл

01 Нийт боломжит хязгаар Орлого, зарлага, алдагдал, өр
02 Үндэсний бодлогын тэргүүлэх чиглэл Ямар асуудлыг эхэлж шийдэх вэ?
03 Салбарын төсөв Нөөцийг чиглэлүүдэд хуваарилах
04 Хөтөлбөр, төсөл Тогтоосон хүрээнд төлөвлөх

Улсын нийт орлого, зарлага, алдагдал, өрийн боломжит хязгаарыг тодорхойлсны дараа үндэсний бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд нөөцийг хуваарилж, салбарын төсөв, хөтөлбөр, төслүүдийг энэ хүрээнд төлөвлөх учиртай.

Зөвхөн салбар бүрт мөнгөн дүнгийн дээд хязгаар хүргүүлэх нь хангалтгүй. Тухайлбал боловсролын салбарт хэдэн төгрөг зарцуулахыг хэлэхийн зэрэгцээ тэр мөнгөөр ямар асуудлыг шийдэж, ямар өөрчлөлт бий болгохыг тодорхой болгох шаардлагатай.

ЖИШЭЭ Боловсрол
Зөвхөн хэдэн төгрөг зарцуулах вэ гэдгээс гадна тухайн мөнгөөр ямар асуудлыг шийдэж, ямар өөрчлөлт бий болгох вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.

Энд макро эдийн засгийн таамаглал шийдвэрлэх үүрэгтэй. Эдийн засгийн өсөлт, инфляц, түүхий эдийн үнэ зэрэг суурь үзүүлэлтийг хэт өөдрөгөөр тооцвол төсвийн орлого мөн хэтрүүлэн төлөвлөгдөнө.

Тэр орлогод тулгуурласан зарлага бодит орлого тасрахад төсвийн алдагдал, өрийн дарамтыг нэмэгдүүлнэ.

МАКРО ТААМАГЛАЛ

Төсвийн суурь тооцоонд нөлөөлөх үзүүлэлтүүд

01 Эдийн засгийн өсөлт
02 Инфляц
03 Түүхий эдийн үнэ
ХЭТ ӨӨДРӨГ ТААМАГ Орлогыг хэтрүүлэн төлөвлөнө
ЗАРЛАГА Өндөр орлогод тулгуурлан төлөвлөгдөнө
БОДИТ ОРЛОГО ТАСРАХАД Алдагдал, өрийн дарамт нэмэгдэнэ

Иймээс төсвийн төлөвлөлт нь зөвхөн нэг хамгийн боломжит таамаглалд тулгуурлах бус, эдийн засгийн нөхцөл таамагласнаас өөрөөр өөрчлөгдвөл төсөвт ямар нөлөө үзүүлэхийг тооцсон хувилбар, мэдрэмжийн шинжилгээтэй байх шаардлагатай.

Төлөвлөлтийн энэ логик тайлагналын үед мөн үргэлжлэх ёстой.

ШААРДЛАГАТАЙ
Хувилбар болон мэдрэмжийн шинжилгээ

Монгол Улсын төсвийн тайлагнал институцийн үнэлгээнд харьцангуй сайн гарсан. Гэвч мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхээс гадна тэр зарцуулалт ямар үр дүн авчирсан бэ гэдгийг тайлагнах шаардлага хэвээр байна.

Олон мянган төсөл, арга хэмжээ тус бүр гүйцэтгэлтэй байлаа гээд нийтдээ боловсролын чанар сайжирсан, иргэдийн эрүүл мэнд дээшилсэн, ядуурал буурсан гэсэн үг биш.

ҮР ДҮНГИЙН ТАЙЛАГНАЛ

Зарцуулах хэмжээнээс бодит өөрчлөлт рүү

ЗӨВХӨН ГҮЙЦЭТГЭЛ Мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан уу?

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг шалгана.

ҮР ДҮН Зарцуулалт ямар бодит өөрчлөлт авчрав?

Нийгэм, эдийн засагт бий болсон үр дүнг хэмжинэ.

01 Асуудлаа тодорхойлох Шийдвэрлэх асуудлыг зөв сонгох
02 Бодитой зорилго тавих Хүрэх үр дүнгээ тодорхойлох
03 Нөөц ба хэрэгжилт Нөөцийг хуваарилж, арга хэмжээг хэрэгжүүлэх
04 Бодит өөрчлөлт Нийгэм, эдийн засгийн үр дүнг хэмжих

Үр дүнд чиглэсэн төсөв нь зөвхөн тайлангийн үзүүлэлтийг өөрчлөх тухай ойлголт биш. Юуны өмнө шийдвэрлэх асуудлаа зөв тодорхойлж, түүнд хүрэх бодитой зорилго тавих шаардлагатай. Дараа нь нөөцийг тухайн зорилгод нийцүүлэн хуваарилж, сонгосон арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлнэ.

Харин эцэст нь хэдэн ажил хийснийг бус, тэдгээрийн үр дүнд нийгэм, эдийн засагт ямар бодит өөрчлөлт гарсныг хэмжих ёстой. Төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын аль нэг нь энэ уялдаанаас тасарвал төсвийн систем бүхэлдээ үр дүнгээ алдана.

ГОЛ САНАА

Төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын аль нэг нь энэ уялдаанаас тасарвал төсвийн систем бүхэлдээ үр дүнгээ алдана.

05
ШИНЭЧЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТ

Шинэчлэлийг хэн, яаж хэрэгжүүлэх вэ?

Төсвийн стратегитай болох, дүрмээ тогтвортой мөрдөх, макро таамаглалаа сайжруулах, хяналтыг бэхжүүлэх тухай зөвлөмж гаргахад харьцангуй амархан. Харин түүнийг хэн бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэг нь институцийн шинэчлэлийн хамгийн хүнд асуултын нэг.

ШИНЭЧЛЭЛИЙН ГОЛ СОРИЛТ
Сайн тогтолцоог хэн бодитоор хэрэгжүүлэх вэ?

Сайн хууль, дүрэм өөрөө хэрэгждэггүй. Тэдгээрийг мөрдөх мэргэжлийн төрийн алба, шийдвэр гаргагчдын хариуцлага, нийтийн эрх ашгийг хамгаалах соёл шаардлагатай.

Чадахуйн зарчимд суурилсан төрийн алба, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, бодлогын залгамж чанар сул бол хамгийн сайн боловсруулсан тогтолцоо ч цаасан дээр үлдэх эрсдэлтэй.

01 Мэргэжлийн төрийн алба Чадахуйн зарчимд суурилсан хүний нөөц
02 Мэргэжлийн ур чадвар Бодлого, дүрмийг хэрэгжүүлэх чадавх
03 Ёс зүй, хариуцлага Нийтийн эрх ашгийг хамгаалах соёл
04 Бодлогын залгамж чанар Тогтолцоог тогтвортой үргэлжлүүлэх нөхцөл

Энэ асуудал улс төрийн намуудын төлөвшил, төрийн хүний нөөцийн бодлоготой шууд холбоотой. Төрд ямар хүмүүс сонгогдож, томилогддог, бодлогын шийдвэрийг ямар шалгуураар гаргадаг, төсвийн дүрэм улс төрийн богино хугацааны зорилгоос дээгүүр үйлчилж чаддаг эсэх нь төсвийн институцийн чанарыг тодорхойлно.

ИНСТИТУЦИЙН ЧАНАРТ
Хэн төрд сонгогдож, томилогдож байна, бодлогын шийдвэрийг ямар шалгуураар гаргаж байна, дүрэм бодитоор хэрхэн үйлчилж байна гэдэг нь чухал.
5.1

Хараат бус хяналт яагаад хэрэгтэй вэ?

Төсвийн шийдвэрт Засгийн газар болон УИХ-аас гадна мэргэжлийн хараат бус хяналтын институц оролцох нь төсвийн сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нэг механизм юм.

Төсвийн институцийн нэг чухал бүрэлдэхүүн нь хараат бус төсвийн байгууллага юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үүрэг нь дахин нэг байгууллага нэмэхэд бус, төсвийн бодлого, макро таамаглал, төсвийн дүрмийн хэрэгжилтэд хараат бус мэргэжлийн үнэлгээ өгөхөд оршино.

ТТБЗ-ИЙН ҮҮРЭГ Хараат бус мэргэжлийн үнэлгээ
Төсвийн бодлого, макро таамаглал, төсвийн дүрмийн хэрэгжилт-ийг хараат бус мэргэжлийн өнцгөөс үнэлэх.

Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг 2018–2024 онд байнгын бус, есөн гишүүнтэй зөвлөл хэлбэрээр ажиллаж, жилийн төсөв, төсвийн хуульд оруулах өөрчлөлт болон хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт хараат бус санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байв.

2018–2024 Байнгын бус зөвлөл хэлбэрээр ажилласан хугацаа
9 Зөвлөлийн гишүүн

Төсвийн хяналт зөвхөн төсөв батлагдсаны дараах аудит биш. Үүнийг гурван үе шаттай тасралтгүй цикл гэж үзэж болно.

ТӨСВИЙН ХЯНАЛТЫН ЦИКЛ

Батлахаас өмнө → Хэрэгжилтийн явцад → Гүйцэтгэлийн дараа

01

Ex-ante

Батлахаас өмнөх хяналт

Төсвийн төсөл, макро эдийн засгийн таамаглал, төсвийн дүрмийн нийцлийг шалгана.

02

In-year

Хэрэгжилтийн явцын хяналт

Улирал, хагас жилийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, санхүүгийн сахилга батыг хянана.

03

Ex-post

Гүйцэтгэлийн дараах хяналт

Аудит, тайлагнал, хариуцлагын асуудлыг хамарна.

ТТБЗ-ийн чиг үүрэгт ДХТХМ боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төсвийн төлөвийн таамаглал боловсруулах, тухайн жилийн төсөв болон тодотголын төсөлд дүгнэлт гаргах, төсвийн гүйцэтгэл, тогтвортой байдал, эрсдэлийн талаар шинжилгээ хийх зэрэг чиглэл багтсан.

ТТБЗ-ИЙН ЧИГ ҮҮРЭГ

Хяналт ба шинжилгээний үндсэн чиглэл

01 Макро үзүүлэлт ба төсвийн төлөв

ДХТХМ боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төсвийн төлөвийн таамаглал.

02 Төсөв ба тодотгол

Тухайн жилийн төсөв болон төсвийн тодотголын төсөлд дүгнэлт гаргах.

03 Гүйцэтгэл, тогтвортой байдал, эрсдэл

Төсвийн гүйцэтгэл, тогтвортой байдал, эрсдэлийн талаар шинжилгээ хийх.

Хараат бус байдлыг зөвхөн хуулиар “хараат бус” гэж нэрлэснээр бий болгохгүй. Байгууллагын эрх зүйн хамгаалалт, мэргэжлийн чадавх, тэнд ажиллаж буй хүмүүсийн ёс зүй, мэргэжлийн байр сууриа хамгаалах чадвар хамтад нь шаардлагатай.

ХАРААТ БУС БАЙДЛЫН НӨХЦӨЛ

Зөвхөн хуулийн нэршил хангалтгүй

01 Эрх зүйн хамгаалалт
02 Мэргэжлийн чадавх
03 Ёс зүй
04 Мэргэжлийн байр сууриа хамгаалах чадвар

Мөн хараат бус байгууллагын таамаглал, дүгнэлт, зөвлөмж бодит шийдвэрт нөлөөлөхгүй бол институцийн үүрэг формаль хэвээр үлдэнэ. Харин шийдвэр гаргагчид түүний дүгнэлтийг ашиглах, зөрсөн тохиолдолд үндэслэлээ тайлбарлах тогтолцоо бүрдвэл төсвийн бодлогын хариуцлага нэмэгдэнэ.

ФОРМАЛЬ ҮҮРЭГ Дүгнэлт гаргадаг ч шийдвэрт нөлөөлөхгүй

Хараат бус байгууллагын шинжилгээ бодит шийдвэрээс тасарсан хэвээр үлдэнэ.

БОДИТ ХАРИУЦЛАГА Дүгнэлтийг ашиглах эсвэл зөрсөн үндэслэлээ тайлбарлах

Хяналтын үр дүн шийдвэр гаргалтын хариуцлагатай бодитоор холбогдоно.

ГОЛ САНАА

Хараат бус хяналтын институцийн үнэ цэнэ нь зөвхөн дүгнэлт гаргахад бус, тэр дүгнэлт бодит шийдвэр, тайлбар, хариуцлагатай холбогдоход оршино.

ДҮГНЭЛТ

Төсвийн хэмжээнээс төсвийн чанар руу

Монгол Улсын төсвийн асуудлыг зөвхөн зарцуулах мөнгөний хэмжээгээр ойлговол төсвийн шинэчлэл дахин тооны өөрчлөлтөөр хязгаарлагдана.

ТӨСВИЙН ХЭМЖЭЭ

Хэдийг зарцуулах вэ?

Төсвийг зөвхөн зарцуулах мөнгөний хэмжээгээр харах.

ТӨСВИЙН ЧАНАР

Ямар асуудлыг шийдэх вэ?

Зарцуулсан нөөц иргэдийн амьдралд ямар өөрчлөлт бий болгосныг харах.

ТӨСВИЙН ЗОРИЛГО

Төсвийн зорилго нь хэдэн их наяд төгрөг зарцуулах бус, тэр мөнгөөр нийгэм, эдийн засгийн ямар асуудлыг шийдэж, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт бий болгох явдал юм.

Үүнд хүрэхийн тулд сайн хууль хангалтгүй. Дүрэм тогтвортой мөрдөгдөх, дунд хугацааны төлөвлөлт жилийн төсөвт бодит хязгаар болох, макро таамаглал найдвартай байх, эрсдэлийг урьдчилан тооцох, төсвийг нэгдсэн бодлогоор төлөвлөх, үр дүнг тайлагнах, хараат бус хяналтыг бодитоор ажиллуулах шаардлагатай.

ТӨСВИЙН ЧАНАРЫН НӨХЦӨЛ

Сайн хууль бодит институци болохын тулд

01
Дүрэм тогтвортой мөрдөгдөх
02
Дунд хугацааны төлөвлөлт

Жилийн төсөвт бодит хязгаар болох

03
Макро таамаглал найдвартай байх
04
Эрсдэлийг урьдчилан тооцох
05
Төсвийг нэгдсэн бодлогоор төлөвлөх
06
Үр дүнг тайлагнах
07
Хараат бус хяналтыг бодитоор ажиллуулах

Гэхдээ эдгээр тогтолцоо өөрөө ажиллахгүй. Улс төрийн хүсэл эрмэлзэл, мэргэжлийн төрийн алба, хариуцлага, институцийн соёл нь хуулийн заалтыг өдөр тутмын бодит үйл ажиллагаа болгоно.

ХУУЛИАС БОДИТ ХЭРЭГЖИЛТ РҮҮ

Тогтолцоог ажиллуулах дөрвөн нөхцөл

01 Улс төрийн хүсэл эрмэлзэл
02 Мэргэжлийн төрийн алба
03 Хариуцлага
04 Институцийн соёл
ЭЦСИЙН САНАА

Төсвийн шинэчлэлийн гол асуудал нь зөвхөн хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ гэдэгт бус, тэр нөөцийг ямар тогтолцоогоор бодит үр дүн болгон хувиргах вэ гэдэгт оршино.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment