C365

Ирээдүйг таах биш, бэлдэх нь: Scenario Analysis гэж юу вэ?

Хамгийн эрсдэлтэй төлөвлөгөө бол таамаг нь зөрсөн төлөвлөгөө биш. Харин ирээдүй зөвхөн нэг л хувилбараар өрнөнө гэж үзсэн төлөвлөгөө юм.

БичсэнБ.Пунцаг

РедакторС.Өнөр

2026.10.30

7 мин унших

30 үзэлт

ГОЛ САНАА

Хамгийн эрсдэлтэй төлөвлөгөө бол таамаг нь зөрсөн төлөвлөгөө биш. Харин ирээдүй зөвхөн нэг л хувилбараар өрнөнө гэж үзсэн төлөвлөгөө юм.

Ирэх жил долларын ханш хэд болох вэ; инфляц буух уу; зээлийн хүү хэзээ буурах бол; эдийн засаг өсөх үү гэсэн асуултууд бизнесийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын шийдвэр бүрийн цаана байдаг. Гэвч макро эдийн засагт эдгээр асуултын аль нь ч яг таг хариулттай биш. Гадаад зах зээл, түүхий эдийн үнэ, мөнгө болон төсвийн бодлого, геополитикийн нөхцөл, хэрэглэгч ба бизнесийн хүлээлт зэрэг олон хүчин зүйл зэрэг өөрчлөгддөг учраас ирээдүйг ганцхан тоогоор илэрхийлэх нь эрсдэл дагуулдаг.

Тэгвэл ирээдүй тодорхойгүй байхад хэрхэн төлөвлөх вэ? Үүнд scenario analysis буюу сценар шинжилгээ ашиглаж болно. Сценар шинжилгээний зорилго нь ирээдүйг яг зөв таах бус, харин хэд хэдэн боломжит нөхцөлийг урьдчилан төсөөлж, нөхцөл тус бүрд байгууллага ямар шийдвэр гаргахаа бэлдэхэд оршино.

Нэг таамаглал дээр бүх төлөвлөгөөгөө тулгахын эрсдэл

Компани ирэх жилийн төлөвлөгөөгөө эдийн засаг 6 хувиар өснө, инфляц 7 хувь байна, валютын ханш тогтвортой, зээлийн хүү буурна гэсэн төсөөлөл дээр боловсрууллаа гэж бодъё. Үүнийг тухайн байгууллагын суурь хувилбар гэж нэрлэж болно.

Гэвч бодит эдийн засаг суурь төсөөллийн дагуу яг таг хөдөлдөггүй. Экспортын үнэ буурч болно. Төгрөг сулрах боломжтой. Тээвэр, эрчим хүчний зардал өсөж болно. Эсрэгээрээ экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, дотоодын эрэлт төсөөлснөөс хурдан тэлж ч болно.

Ийм нөхцөлд сайн төлөвлөгөө нь батлагдсан нэг л таамгийг зөв байх хүсэл, найдвараас илүүтэйгээр таамаг зөрвөл ямар нөлөө үзүүлэх, үүнийг хэрхэн даван туулах хариултыг бэлдсэн байх учиртай. Урьдчилсан таамаг нэг боломжит замыг тодорхойлохыг зорьдог бол сценар шинжилгээ хэд хэдэн боломжит ирээдүйг таамаглаж, байгууллага хэр бэлэн байгааг шалгадаг.

ТААМАГЛАЛААС БЭЛЭН БАЙДАЛ РУУ
01Нэг боломжит замНэг таамаглалд суурилсан төлөвлөгөө
02Хэд хэдэн боломжит ирээдүйНөхцөл тус бүрд урьдчилан бэлдсэн шийдвэр

Энэ логикийг олон улсын макро эдийн засгийн шинжилгээнээс ч харж болно. Олон улсын валютын сангийн World Economic Outlook тайлан нь суурь төсөөллийн зэрэгцээ түүнийг өөрчилж болох эрсдэл, өөр хувилбаруудыг хамтад нь авч үздэг. Тухайлбал, 2026 оны аравдугаар сарын тайланд геополитикийн хурцадмал байдал, худалдааны зөрчил, санхүүгийн эмзэг байдал, технологийн хөрөнгө оруулалт зэрэг хүчин зүйлс суурь төсөөллийг аль аль чиглэлд өөрчилж болохыг авч үзсэн байна (International Monetary Fund, 2026).

Макро орчныг хэрхэн хувилбар болгон шинжлэх вэ?

Макро эдийн засгийн олон арван үзүүлэлтийг нэг бүрчлэн таахын оронд тэдгээрийн хоорондын уялдааг ойлгох нь илүү чухал. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг менежерийн өнцгөөс тайлбарлахдаа үйлдвэрлэл, мөнгө, хүлээлт гэсэн гурван үндсэн чиглэлээр харахыг санал болгодог. Үйлдвэрлэл нь эдийн засгийн бодит идэвхжил, мөнгө нь хүү, ханш, үнийн түвшин зэрэг санхүүгийн нөхцөл, хүлээлт нь өрх болон бизнес өнөөдөр ямар шийдвэр гаргаж байгааг ойлгоход тусална (Moss, 2007).

МАКРО ОРЧНЫГ ХАРАХ 3 ЧИГЛЭЛ
ҮйлдвэрлэлЭдийн засгийн бодит идэвхжил
МөнгөХүү · Ханш · Үнийн түвшин
ХүлээлтӨрх, бизнесийн өнөөдрийн шийдвэр

Жишээ нь импортын бараа борлуулдаг компанийг авч үзье. Суурь хувилбарт эдийн засгийн өсөлт тогтвортой, инфляц аажмаар буурч, ханш харьцангуй тогтвортой байна гэж төсөөлж болно. Харин сөрөг хувилбарт экспортын орлого саарч, төгрөг сулрахад импортын өртөг нэмэгдэнэ. Үнийн дарамт өндөр хэвээр байвал мөнгөний бодлого хатуу үргэлжилж, санхүүжилтийн өртөг буурахгүй, өрхийн худалдан авах чадвар суларч болзошгүй.

Эерэг хувилбарт экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил төсөөлснөөс хурдан сэргэж болно. Энэ үед компанийн гол асуудал эрэлт буурах эсэх бус, харин нэмэгдэж буй эрэлтийг бараа материал, ажиллах хүч, санхүүжилтээрээ хангаж чадах эсэх болж хувирна.

ИМПОРТЛОГЧ КОМПАНИЙН ЖИШЭЭ · ТӨСӨӨЛЛИЙН ХУВИЛБАРУУД

Суурь хувилбар

МАКРО ОРЧИН
Өсөлт тогтвортой, инфляц аажмаар буурч, ханш харьцангуй тогтвортой.
БИЗНЕСИЙН АНХААРАХ ТАЛ
Үйл ажиллагаагаа суурь нөхцөлд төлөвлөх.

Сөрөг хувилбар

МАКРО ОРЧИН
Экспортын орлого саарч, төгрөг сулран, импортын өртөг нэмэгдэж болзошгүй.
БИЗНЕСИЙН АНХААРАХ ТАЛ
Өртөг, санхүүжилт, худалдан авах чадварын дарамтыг тооцох.

Эерэг хувилбар

МАКРО ОРЧИН
Экспорт, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн идэвхжил хурдан сэргэж болзошгүй.
БИЗНЕСИЙН АНХААРАХ ТАЛ
Бараа материал, ажиллах хүч, санхүүжилтийн хүрэлцээг шалгах.
Эдгээр нь боломжит нөхцөлүүдийг харьцуулах жишээ юм. Хувилбар тус бүрийг борлуулалт, өртөг, мөнгөн урсгалтайгаа холбож шинжилнэ.

Ийм шинжилгээний гол зорилго нь аль хувилбар зөв болохыг таах биш. Харин хувилбар тус бүрд борлуулалт, өртөг, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан ойлгох явдал юм.

Сценар шинжилгээ гэдэг нь “сайн, дунд, муу” гэсэн гурван хүснэгт биш

Сценар шинжилгээ хийхдээ гаргадаг нийтлэг алдаа нь суурь төсөөллийн бүх тоог тодорхой хувиар өсгөж, бууруулаад “эерэг”, “суурь”, “сөрөг” гэсэн гурван хүснэгт гаргах явдал. Гэтэл сайн сценар шинжилгээ тоонуудыг механикаар өөрчлөхөөс илүү шалтгаан, үр дагаврын холбоог ойлгоход төвлөрдөг.

Макро эдийн засгийн хувьд нийт эрэлт, нийлүүлэлт, мөнгө болон төсвийн бодлого, эдийн засгийн өсөлт, олон улсын худалдаа, валютын ханш, хөрөнгийн урсгал нь тусдаа сэдэв биш, нэг системийн харилцан холбоотой хэсгүүд юм. Тиймээс нэг үзүүлэлт өөрчлөгдөхөд дараагийн нөлөө нь хаашаа, ямар замаар дамжихыг ойлгох шаардлагатай.

Жишээлбэл, Хятадын эрэлт саарлаа гэж төсөөлье. Энэ нь Монголын экспортын орлогод нөлөөлж, валютын орох урсгалыг сулруулж болно. Улмаар ханшид дарамт үүсэж, импортын үнэ өсөх боломжтой. Үнийн өсөлт инфляцыг өндөр түвшинд хадгалбал санхүүгийн нөхцөл чанга хэвээр үргэлжилж, дараагийн нөлөө нь хэрэглээ, хөрөнгө оруулалт, компанийн борлуулалт болон мөнгөн урсгалд мэдрэгдэнэ.

НӨЛӨӨ ХЭРХЭН ДАМЖИЖ БОЛОХ ВЭ?
Хятадын эрэлт саарах
Монголын экспортын орлого, валютын орох урсгал сулрах
Валютын ханшид дарамт үүсэх
Импортын үнэ, инфляцын дарамт нэмэгдэх
Санхүүгийн нөхцөл чанга хэвээр үргэлжлэх
Хэрэглээ, хөрөнгө оруулалт, борлуулалт, мөнгөн урсгалд нөлөөлөх
Эхийн жишээнд тулгуурласан боломжит хэлхээ. Бодит нөлөө нь компанийн бизнесийн загвар, орлого, зардал, өрийн бүтцээс хамаарна.

Гэхдээ энэ хэлхээ бүх компанид ижил нөлөө үзүүлэхгүй. Төгрөгийн сулрал импортлогч компанийн зардлыг өсгөх боловч экспортын орлоготой компанид өөр үр дагавар авчирна. Өндөр хүү их хэмжээний зээлтэй компанид дарамт болох бол бэлэн мөнгөний нөөц ихтэй байгууллагад нөхцөл өөр байна. Иймээс макро мэдээлэл дангаараа стратегийн мэдээлэл биш. Тухайн байгууллагын бизнесийн загвартай холбогдсон үедээ л шийдвэр гаргалтын мэдээлэл болдог.

Макро эдийн засгийн өөрчлөлтийг бизнесийн мөчлөг, санхүүжилт, хөрөнгө оруулалт болон байгууллагын шийдвэртэй холбон харах нь менежерүүдийн хувьд онолын тайлбараас илүү практик ач холбогдолтой.

Эцсийн асуулт: Бид юу хийх вэ?

Сценар шинжилгээний төгсгөлд эдийн засгийн тайлбар эсвэл эрсдэлийн урт жагсаалт үлдэх ёсгүй. Харин нөхцөл өөрчлөгдвөл ямар шийдвэр гаргах вэ гэсэн урьдчилан бодсон сонголтууд үлдэх хэрэгтэй.

Хэрэв төгрөг мэдэгдэхүйц сулрахад ашигт ажиллагаа огцом буурдаг бол ямар гэрээ, үнэ, худалдан авалтын нөхцөлөө өөрчлөх вэ?

Хэрэв хүү өндөр түвшинд удаан үргэлжилбэл ямар хөрөнгө оруулалтыг хойшлуулах вэ?

Хэрэв эрэлт төсөөлснөөс хурдан өсвөл нийлүүлэлт, ажиллах хүч, санхүүжилтийн чадавх хүрэлцэх үү?

Харин хамгийн сөрөг хувилбар биелбэл байгууллагын мөнгөн нөөц хэдий хугацаанд хүрэлцэх вэ?

Эдгээр асуултад урьдчилан хариулсан байгууллага ирээдүйг зөв таах шаардлагагүй. Нөхцөл өөрчлөгдөх үед шинээр бодож эхлэхийн оронд аль хэдийн боловсруулсан шийдвэрийн хувилбаруудаас тохирохыг нь хэрэгжүүлж чадна. Товчхондоо, сценар шинжилгээ ирээдүйг хэлж өгдөггүй. Харин ирээдүй төсөөлснөөс өөрөөр эргэхэд бэлэн байх боломжийг өгдөг.

Сценар шинжилгээ хийх 5 алхам

Ийнхүү нийтлэлээ сценар шинжилгээ хийх 5 алхмаар дуусгая.

Гол тодорхойгүй хүчин зүйлсээ сонгох.

Байгууллагын үйл ажиллагаанд хамгийн хүчтэй нөлөөлөх макро хүчин зүйлсийг эхлээд тодорхойлно. Валютын ханш, инфляц, бодлогын хүү, түүхий эдийн үнэ, эдийн засгийн өсөлт, экспортын эрэлт зэрэг олон үзүүлэлтээс бүгдийг нь хамруулах бус, танай бизнесийн загварт бодитоор нөлөөлөх цөөн хүчин зүйлд төвлөрөх нь чухал.

Хэд хэдэн боломжит хувилбар боловсруулах.

Суурь, эерэг, сөрөг гэсэн гурван хувилбараар эхэлж болох боловч хувилбар бүр зөвхөн өөр тоотой хүснэгт биш байх ёстой. Тухайн нөхцөл яагаад үүсэх, эдийн засгийн бусад үзүүлэлтэд хэрхэн дамжихыг логик дарааллаар тайлбарлана.

Макро өөрчлөлтийг байгууллагадаа буулгах.

Хувилбар бүр борлуулалт, өртөг, ашигт ажиллагаа, мөнгөн урсгал, санхүүжилт, хөрөнгө оруулалт болон хэрэглэгчийн зан төлөвт хэрхэн нөлөөлөхийг тооцно. Энэ шатанд макро эдийн засгийн мэдээлэл байгууллагын шийдвэрийн мэдээлэл болж хувирна.

Хувилбар бүрт авах арга хэмжээг урьдчилан тогтоох.

Ямар нөхцөлд үнэ өөрчлөх, зардал бууруулах, хөрөнгө оруулалтыг хойшлуулах, санхүүжилтийн бүтцээ өөрчлөх эсвэл хүчин чадлаа нэмэгдүүлэхийг урьдчилан ярилцаж тогтооно. Ингэснээр нөхцөл өөрчлөгдөх үед шийдвэр гаргах хугацаа богиносно.

Анхааруулах дохиогоо тогтмол хянах.

Хувилбар бүрийг илтгэх хэдхэн гол үзүүлэлтийг сонгож, тогтмол ажиглана. Жишээлбэл, экспортын үнэ, ханш, инфляц, бодлогын хүү эсвэл хэрэглээний үзүүлэлт тодорхой түвшинд хүрэхэд аль хувилбар бодит байдалд ойртож байгааг үнэлж, өмнө бэлдсэн шийдвэрээ хэрэгжүүлэх боломжтой.

Хувилбарын шинжилгээ ийнхүү нэг удаагийн төлөвлөгөө биш, орчин өөрчлөгдөх бүрд шинэчлэгдэж байдаг шийдвэр гаргалтын тасралтгүй үйл явц болдог.

Сайтаас хайх

Нийтлэл, сэдэв эсвэл түлхүүр үгээ оруулаарай.