Маргааны гол асуудал юу вэ?
2026 оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл хүлээлгэх асуудлыг Улсын Их Хуралд оруулах эсэх, сөрөг хүчин Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах эсэх, цаашлаад Засгийн газар огцорвол Улсын Их Хурал тарах эсэх тухай маргаан өрнөж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдаас итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулахыг шаардсан бол Ерөнхий сайд Н.Учрал итгэл хүлээлгэх асуудлыг оруулах нь Ерөнхий сайдын бүрэн эрх бөгөөд түүнийг огцруулахыг хүсэж байгаа гишүүд огцруулах саналаа өөрсдөө өргөн мэдүүлэх боломжтой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ маргааны гол асуудал бол хэн нь улс төрийн хувьд зөв байр суурьтай байгааг тогтоох бус, харин Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ тарах гэсэн гурван өөр Үндсэн хуулийн механизмыг хооронд нь ялгах явдал юм.
Парламентын итгэл: Тогтвортой байдал ба хариуцлагын тэнцвэр
Эхлээд итгэл хүлээлгэх ба огцруулах асуудлыг авч үзье.
Засгийн газар нь парламентын итгэл (parliamentary confidence) дээр тогтож, парламентын өмнө хариуцлага хүлээх (responsible government) нь парламентын засаглалын үндсэн шинж юм. Хэрвээ парламентын итгэлийг алдвал огцрох эсхүл парламентыг тараах зарчим үйлчилнэ. Гэсэн хэдий ч Засгийн газрыг хэт хялбар огцруулах нь улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй учраас парламентын итгэлийг шалгах, огцруулах санал оруулах гишүүдийн босго, санал оруулснаас хойшх хэлэлцэх хугацааны интервал, болон давтан оруулах хугацааны хоригийг үндсэн хуулиар нарийн зохицуулдаг. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тогтвортой, үр дүнтэй ажиллах нөхцөлийг хангахын сацуу Засгийн газрын парламентын өмнө хүлээх ардчилсан хариуцлагын механизмыг тэнцвэртэй хадгалахыг зорьдог (Bulmer, 2017).
Засгийн газарт итгэл үл үзүүлэх саналыг хязгаарлах механизмууд
| Механизмын төрөл | Хууль зүйн зохицуулалт ба зорилго |
|---|---|
| Конструктив итгэл үл үзүүлэх саналConstructive Vote of No Confidence | Парламент одоогийн Ерөнхий сайдыг огцруулахдаа залгамжлах шинэ Ерөнхий сайдыг нэгэн зэрэг сонгон батлах шаардлага. Энэ нь шинэ Засгийн газар бүрэлдэх боломжгүй үед одоогийн Засгийн газрыг унагаж, улс төрийн эзэнгүйдэл үүсэхээс сэргийлдэг. |
| Санал оруулах гишүүдийн тооны босгоSignature Thresholds | Огцруулах саналыг цөөн хэдэн гишүүн хариуцлагагүйгээр эсвэл улс төрийн шоглоом болгон оруулахаас сэргийлж, парламентын тодорхой хэмжээний томоохон бүлэг/дэмжлэгтэйгээр өргөн барихыг шаарддаг. |
| Урьдчилан мэдэгдэх ба хүлээх хугацааNotice / Waiting Period | Санал өргөн барьснаас хойш хэлэлцэн санал хураах хүртэл тодорхой хугацааны интервал зааж, Засгийн газрыг гэнэтийн (гэнэтийн ирц бүрдүүлж унагаах гэх мэт) санал хураалтаас хамгаалдаг. |
| Давтан санал оруулах хугацааны хоригLimits on Frequency / Moratorium | Итгэл үл үзүүлэх санал оруулаад дэмжигдээгүй тохиолдолд тодорхой хугацаанд ижил үндэслэлээр дахин санал оруулахыг хориглодог. |
| Саналын олонхын босгоAbsolute Majority Requirement | Огцруулах санал хураалтыг хуралдаанд ирсэн гишүүдийн энгийн олонхоор бус, парламентын нийт гишүүдийн олонхын (absolute majority) саналаар баталдаг байх хязгаарлалт. |
Хүснэгт 1. Эх: Bulmer (2017).
Итгэл хүлээлгэх: Ерөнхий сайдын санаачилгаар
Монгол Улсын Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлд Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах, Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнахаар заасан. Өөрөөр хэлбэл парламентын итгэл нь Засгийн газрын үйл ажиллагааны суурь харилцаа мөн. Гэхдээ итгэл гэдэг нь нэг л төрлийн санал хураалт биш. Үндсэн хуульд Ерөнхий сайдын санаачилгаар итгэл хүлээлгэх болон парламентын санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах хоёр тусдаа механизм бий.
Итгэл хүлээлгэх
Бодлого + Засгийн газрын оршин тогтнох асуудал
Ерөнхий сайд бодлогын тодорхой асуудлаа Засгийн газрын цаашид ажиллах асуудалтай холбож, парламентын олонхын дэмжлэгийг албан ёсоор баталгаажуулах механизм.
Итгэл хүлээлгэх тухай: Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлээр Ерөнхий сайд улсын төсөв болон бодлогын тодорхой асуудлаар өөртөө итгэл хүлээлгэх тогтоолын төсөл УИХ-д оруулж болно. Тухайлбал, 2026 оны тавдугаар сард баталсан төсвийн хүрээний мэдэгдлээр 2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 36.5 их наяд төгрөгөөр тогтоосон байсан бол Засгийн газар 2027 оны төсвийн төсөлтэй хамт уг хэмжээг 43.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлэх төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ нь төсвийн хэмжээ, орлогын шинэ эх үүсвэр болон төсвийн тусгай шаардлагын талаар улс төрийн болон мэргэжлийн маргаан дагуулж байна.
2026 оны тавдугаар сард баталсан дээд хэмжээ
Засгийн газрын өргөн барьсан өөрчлөлт
Хэрэв Ерөнхий сайд уг төсөв, түүнд тусгасан бодлогыг Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж, УИХ-ын дэмжлэгийг албан ёсоор баталгаажуулахыг хүсвэл төсвийн асуудлыг өөрт нь итгэл хүлээлгэхтэй уялдуулан УИХ-д өргөн барих боломжтой. Нийт гишүүдийн олонхын саналаар итгэл үзүүлэх тогтоолыг баталбал Ерөнхий сайдад итгэл үзүүлж, түүнтэй холбосон төсөв, бодлогын асуудлыг дэмжсэнд тооцно. Харин тогтоол батлагдахгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцно.
Энэ механизмын онцлог нь Ерөнхий сайд бодлогын асуудлаа Засгийн газрын оршин тогтнохтой холбож байгаа явдал юм. Үүний зорилго нь парламентын олонхыг бүрдүүлэх эсхүл одоо байгаа олонхын нэгдлийг бэхжүүлэхэд чиглэдэг. Санал унавал Засгийн газар огцорно (Bromo, 2026).
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны маргааны тоймд ч итгэл хүлээлгэх санал нь тодорхой бодлогын шийдлийг Засгийн газрын оршин тогтнох асуудалтай хамтатган шийдвэрлүүлэх боломжийг Ерөнхий сайдад олгодог гэж тайлбарлажээ (Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, 2025).
Огцруулах: УИХ-ын гишүүдийн санаачилгаар
Огцруулах тухай: Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих эрхийг тусгажээ. УИХ уг саналыг гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Нийт гишүүний олонх дэмжвэл Ерөнхий сайд (мөн ЗГ-ыг бүрэлдэхүүнээр нь)-ыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь огцруулах саналыг албан ёсоор тавина.
Гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ.
Итгэл хүлээлгэх
Парламентын олонхын дэмжлэгээ баталгаажуулах улс төрийн эрсдэлийг Ерөнхий сайд өөрөө хүлээнэ.
Огцруулах
Ерөнхий сайдыг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж буй гишүүд олонхыг бүрдүүлснээ санал хураалтаар харуулна.
Үндсэн хуулийн 43 болон 44 дүгээр зүйлийн ялгаа зөвхөн хэн тогтоолын төсөл өргөн мэдүүлэх вэ гэдэг процедурын асуудал биш юм. Итгэл хүлээлгэх үед парламентын олонхын дэмжлэгээ баталгаажуулах улс төрийн эрсдэлийг Ерөнхий сайд өөрөө хүлээнэ. Харин огцруулах үед Ерөнхий сайдыг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж буй гишүүд олонхыг бүрдүүлснээ санал хураалтаар харуулах шаардлагатай.
УИХ тарах: Автоматаар биш, нөхцөлтэй дарааллаар
Парламент тарах тухай: УИХ тарах асуудлыг дээрх хоёр механизмтай ижил түвшний сонголт гэж ойлгож болохгүй. Үндсэн хуулийн 22.3-т Ерөнхий сайдыг огцруулсан, эсхүл итгэл хүлээлгэх тогтоол унасан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилох боломжтой. Зөвхөн энэ хугацаанд шинэ Ерөнхий сайдыг томилж чадаагүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргадаг.
Засгийн газар огцорсон = УИХ автоматаар тарах гэсэн холбоос Үндсэн хуульд байхгүй. УИХ-д шинэ Ерөнхий сайдыг томилох 30 хоногийн боломж эхэлнэ.
Иймээс Үндсэн хуулийн дараалал нь Ерөнхий сайд огцрох → УИХ шинэ Ерөнхий сайд томилох → 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарах гэсэн бүтэцтэй. Энэ нь Засгийн газар огцорсон парламент автоматаар тарах нөхцөлт хариуцлага биш. Парламентыг тараах механизмын нэг үүрэг нь Засгийн газар–парламентын харилцаа мухардалд орсон, эсхүл парламент Засгийн газар бүрдүүлж чадахгүйд хүрч шинэ сонгуулиар улс төрийн гарц бий болгох хэрэгсэл юм.
Үндсэн хуулийн 22.2-т УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзвэл нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар УИХ өөрөө тарах боломжтой.
Энэ нь Ерөнхий сайдыг огцруулах саналтай шууд холбоогүй, парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй эсэхтэй холбоотой тусдаа үндэслэл юм.
Өнөөгийн маргааныг гурван хувилбараар харах нь
Эдгээр зохицуулалтыг өнөөгийн маргаанд дараах гурван хувилбараар авч үзэж болно.
Хувилбар 1: Ерөнхий сайд итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-д оруулах.
Ерөнхий сайд төсөв эсхүл бодлогын тодорхой асуудлыг Засгийн газрын цаашид ажиллах асуудалтай холбон УИХ-ын дэмжлэгийг албан ёсоор хүснэ. Давуу тал нь Засгийн газар парламентын олонхын дэмжлэгтэй эсэхийг нэг мөр тодорхой болгоно. Нийт гишүүний олонхын дэмжлэг авч чадахгүй бол Ерөнхий сайд огцорно.
Хувилбар 2: УИХ-ын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргах.
Гол асуудал нь тодорхой төсөв, бодлогыг дэмжих эсэх бус, Ерөнхий сайдыг цаашид ажиллуулах эсэхэд парламент эргэлзэж байгаа бол УИХ-ын гишүүд ЕС-ыг огцруулах асуудлыг өөрсдөө санаачилж, шаардлагатай парламентын дэмжлэгийг бүрдүүлнэ.
Хувилбар 3: УИХ тарах асуудалд шилжих.
Энэ нь эхний хоёртой зэрэгцээ ашиглах шууд сонголт бус, тусдаа нөхцөлтэй механизм юм. УИХ өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж гуравны хоёрын саналаар үзэх, эсхүл Ерөнхий сайд огцорсны дараа 30 хоногт шинэ Ерөнхий сайд томилж чадаагүй үед парламентын мандатыг сонгогчдод буцаах тухай юм.
Дүгнэлт: Гурван механизмыг тусад нь харах
Өнөөгийн маргааныг “Засгийн газар огцрох уу, УИХ тарах уу?” гэсэн хоёр сонголттой мэт тайлбарлахын оронд Үндсэн хуулийн 43, 44, 22 дугаар зүйлд заасан механизмыг санаачлагч, зорилго, босго, үр дагавраар нь тусад нь авч үзэх нь зүйтэй. Ялангуяа Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх шаардлага тавих улс төрийн байр суурийг Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлийн процессыг эхлүүлэх эрхтэй адилтгахгүй байх, мөн Ерөнхий сайд огцрохыг УИХ автоматаар тарахтай шууд холбож тайлбарлахгүй байх шаардлагатай.
Засгийн газар УИХ-ын өмнө бодит хариуцлага хүлээх.
Уг хариуцлагын механизм нь Засгийн газрын байнгын тогтворгүй байдалд түлхдэггүй байх.
Ингэснээр парламентын засаглалын хариуцлага болон гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг зэрэг хангах гэсэн хоёр шаардлагыг нэг тогтолцоонд тэнцвэржүүлж ойлгох боломжтой.
Ашигласан эх сурвалж
- Bromo, F. (2026). The executive trump card: government-initiated votes of confidence in parliamentary democracies. Parliamentary Affairs, 414–439.
- Bulmer, E. W. (2017). Government Formation and Removal Mechanisms. International IDEA.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэц. (2025). Ерөнхий сайдыг огцруулах, итгэл хүлээлгэх тухай маргааны дүгнэлт №12.
0 Comments