Сайн байна уу, ноён Декарт? – 1-р хэсэг

Хэн нэгэнд хаяглаж захиа бичиж, тэр дунд бодлоо юүлэх гэсэн гурав дахь удаагийн оролдлого минь энэ.
С.Бүжинлхам

Редактор

2026.10.29

8 мин унших

76 үзэлт

Хэн нэгэнд хаяглаж захиа бичиж, тэр дунд бодлоо юүлэх гэсэн гурав дахь удаагийн оролдлого минь энэ. Өмнө нь үргэлж биечлэн уулзсан хүмүүстээ зориулан захидлаа эхлүүлдэг байсан бол өнөөдөр би бөх зүрх гарган өөрийнхөө уншигчаар таныг сонголоо. Та хэзээ нэгэн цагт дөрвөн зуу шахам жилийн дараах хүн төрөлхтөн юу хийж, юу бодож, яаж аж төрөх бол гэж гайхаж байсан уу? Хэрэв тийм бол би танд өөрийн амьдран буй хорин нэгдүгээр зууныг танилцуулъя. Холын ирээдүй танд сонин биш байсан бол ийнхүү “хүчлэн” байгаадаа хүлцэл өчье. Дээр нь нэмээд таны санааг би зөв ойлгосон бол “хэл гагцхүү бодлыг илэрхийлэх хэрэгсэл төдий агаад франц, латин, монгол алинаар өгүүлсэн ч цаад бодол нь адил хүчин төгөлдөр, хэлний ялгаа өнгөц бөгөөд гүнд орших зарчим нь нэг” шүү дээ. Иймийн тул би мэдэх хэлээрээ өгүүлье, та илэрхийлэх гэсэн санааг минь тунгаан болгоогтун.

Мэдээж нийгэм, улс төр, уур амьсгал, байгал орчин, соёл, шинжлэх ухаан, урлаг гээд бүхий л талбарыг та одоо ирж харвал танихын аргагүй болсон байгаа. Дор хаяж л алхими тэргүүтэй зарим мэдлэгийн талбар ард хоцорч, астрономи, астрологи хоёр аль эрт өрх тусгаарлаж, философи шинжлэх ухаан хоёр мөр зэрэгцэн орших болсон гэх мэт. Энэ бүхнийг багтаан өгүүлэх гэвээс надад оногдсон цаг хугацаа ч тэр, өөрт байх эрдэм чадал ч тэр аль аль нь хүрэхгүй билээ. Тиймээс би таны эзэгнэж, миний танилцсан философи эдүгээ ямар өнгөтэй болсныг л хүүрнэе гэж бодлоо. 

Юутай ч цаг үе бүр өөр өөрийн асуудалтай шиг энэхэн зуундаа бужигнасаар л байна хүн төрөлхтөн нь. Таны үед захидал харилцаа гэж хэдэн хоног дамнасан, хэд хэдэн хүний хөдөлмөр шаарддаг ажил байсан бол бидний цагт хоёр үйлдэл хийгээд л хэдэн зуун льегийн (lieue1) алсад буй нэгэнтэй нүүр нүүрээ харан ярилцдаг болсон. Зүйрлэвэл цонхны наана цаана суугаад хууч хөөрч байгаатай адилхан юм уу даа. Цонх гэхэд ч арай өөр л дөө. Нэг жижиг гэрэлтэх хавтангийн цаана бүр жижигхэн хүний дүрс харагдаж, түүнтэй ярина гээд та төсөөлөөд үз дээ. Ингэж тайлбарлаад бичсэн инээд ч хүрэх шиг. “Ийм хол зайг алгасан ярьж буй энэ дүрсийг надтай адил хүн гэж би хэрхэн мэдэх вэ?” гээд та эргэлзэх байх даа. Хмм бид ч тэр жижиг гэрэлтсэн хавтангийн чухам хаана нь амьдарч байгаагаа ялгахаа байчихаад л байх шиг.

ХАРИЛЦАХ ХЭРЭГСЭЛЗахидлаас дэлгэц рүү
ДЕКАРТЫН ҮЕДХэдэн хоногЗахидал дамжуулахад
олон хүний хөдөлмөр оролцоно.
ӨНӨӨДӨРХоёр үйлдэлАлсын нэгэнтэй
нүүр нүүрээ харан ярилцана.
“Ийм хол зайг алгасан ярьж буй энэ дүрсийг надтай адил хүн гэж би хэрхэн мэдэх вэ?”
Харилцах хэрэгсэл өөрчлөгдсөн ч танин мэдэхүйн асуулт үлдэнэ.

Гэрэлтэх хавтанг онцлон дурдсаны учир түүн дээр бас бүлгэм үүсгэж болдог юм. Зүс царайгаа нэг ч удаа хараагүй улс сэдэв бүрээр нэгдэн цугларч, нэг асуудлыг өөр өөр цагт үргэлжлүүлэн хэлэлцэж, мэтгэлцэн суудаг юм. Мэдээж манай бүлгэмүүд таны нэгэн цагт гишүүн нь байсан “Захидал харилцааны бүгд найрамдах улс(Respublica literaria)”-ыг яаж гүйцэх вэ. Эрдэмтэд захидлаар харилцан, онолынхоо тухай мэтгэлцэж, шинэ санаагаа түгээдэг байсан тэр нийгэмлэг дүрээ хувирган өнөө ч оршсоор байгаа л даа. Харин миний дурдсан бүлгэмүүд арай өөр агаад ихэнхдээ хэдхэн догол мөрөөс цааш явдаггүй юм л. Мэдээж ажил хэрэгч, дориун сайн бүлгэмүүд ч бий бий. Гэвч гомдол төрүүлдэг нэг зүйл гэвэл “философи сонирхогчдын” элдэв бүлгэмийн аль нэгэнд “Эргэцүүлэл” (Meditations) нэртэй номоор хэлэлцүүлэг хийе гэхэд сонгогдох нь ихэвчлэн Марк Аврелийнх байдаг юм.

Та мэдэх л байх. Марк Аврелийн “Өөртөө” (Τὰ εἰς ἑαυτόν) хэмээн нэрлэсэн номыг орчуулагчид англи хэлэнд хэвлэхдээ “Эргэцүүлэл” болгон буулгасан юм билээ. Цаг үеэ танилцуулъя гэчихээд англи хэл дээр санамсаргүй нэг нэртэй болсон хоёр зохиолыг дурдаад байдаг ямар хачин нөхөр вэ гэж та бодож байна уу? Харин тийм ээ. Зүгээр л бидэнд “би хэн бэ” гэдгээ таныхаас өөр өнцгөөс таних хэрэгцээ их байгаа юм шиг ээ. Энэхүү асуултад өгсөн “Би бол сэтгэж буй нэгэн” гэх хариулт тань аль хэдийн бидний оюун санаа, бодол үйлдэлд шингэж, танил болсон тул “Анхны философийн тухай эргэцүүлэл” бидэнд сонин биш санагддаг байж мэдэх л юм. Гэхдээ эдүгээ хэн ч уг бүтээлийг сөхөж хардаггүй юм байна гэж эсрэгээр нь бодуузай.

Та чинь шинэ үеийн (модерн) философийн эцэг хэмээн алдаршсан нэгэн шүү. Бүх зам Ром руу хүргэдэг гэдэг шиг аль ч сэдвээр ярьсан таныг дурдахгүй өнгөрдөггүй. Саймширч байна гэж бүү бодоорой. Үнэн шүү. Өнөө цагт философийн үндсэн салбаруудад метафизик буюу бодит байдлын тухай сургааль, эпистемологи буюу танин мэдэхүйн онол, этик буюу ёс зүй, эстетик буюу гоо зүй, логик буюу мадаггүй үндэслэгээг судалдаг ухааныг багтаан хэлэлцэх болсон. Та “Философийн зарчмууд”-ынхаа өмнөтгөлд философийг нэгэн модтой зүйрлэж, үндсийг нь метафизик, их биеийг нь физик, мөчрүүдийг нь анагаах ухаан, механик, ёс суртахуун хэмээсэн дээ. Цаг хугацаа өнгөрч, мөчрүүд нь өөр өөр зүг салаалан ургасан ч таны модны үндэс одоо ч цөм хэвээрээ л байгаа. Тиймээс философийн гол тулгуур болох метафизик, эпистемологи хоёрыг таны “Эргэцүүлэл”-ийг уншилгүйгээр товчлон давах аваас алдас болно гэхэд хилсдэхгүй. Танин мэдэхүйн онолыг бүр “танаас” шинээр эхэлдэг гэж хэлсэн ч болмоор.

Яагаад танин мэдэхүйн онол таны нэртэй уяатай вэ гэж үү? Та гадаад ертөнц ба дотоод “би” хоёрыг тов тодорхой салгаад тавьчихсан нэгэн шүү дээ. Бид таван мэдрэхүйгээрээ ертөнцийг мэдэж байна гэж итгэдэг ч мэдрэхүй биднийг хуурч, зүүд биднийг төөрөгдүүлдэг тухай өөрөө өөртэйгээ л хөөцөлдөж буй аятай өнцөг тал бүрээс нь хараад бичсэн дээ. 

Таны мэдэж байгаачлан мэдрэхүйдээ эргэлзэх эргэлзээ танаас өмнө ч байсан л даа. Эртний Грекийн скептикүүд тухайлбал Пиррон болон түүний сургаалыг хэдэн зууны дараа бичиж үлдээсэн гэгдэх Секст Эмпирик мэдрэхүйн тухай зөрчилтэй гэрчлэлүүдийг нэг бүрчлэн жагсааж, аливаа зүйлийн уг чанарын талаар үнэлж дүгнэхээс татгалзаж байсан гэдэг. “Миний хувьд зөгийн бал амттай” гэдгийг зөвшөөрөвч, “Зөгийн бал уг чанартаа амттай” гэж дүгнэхээс зайлсхийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэд юуг ч гарцаагүй үнэн хэмээн батлахгүй байхыг л хичээдэг байсан тул тэдний хувьд үнэлж дүгнэхээ түр азнах нь чухал байв. Ингэж үнэлж дүгнэхээ азнахад сэтгэлийн амар амгалан (атараксиа2) бие махбодыг сүүдэр дагадаг шиг өөрөө ирэх ёстой аж. Иймээс эргэлзэх зорилго нь таныхаас өөр гэж хэлж болох юм тийм ээ?

Орчин цагт ч гэсэн англи хэлнээ “nonjudgemental” буюу “үнэлж шүүхгүй байх” гэсэн уриа энд тэнд дуулддаг. Сэтгэлийн амар амгаланд хамаатай энэ санаа уул нь гэмгүй л дээ. Чимх ямх юм бүрийг сайн муу, зөв буруу гээд шүүж амьдрахад эрч хүч хүрэхгүй ийм цаг үеийг ч хэлэх үү. Гэхдээ энэ уриаг үндэслэл дэвшүүлж, санаагаа тайлбарлаж, бичвэр бичиж, илтгэл тавих үед хэрэглэх гээд байдаг нь л асуудалтай санагддаг. Тухайлбал мэтгэлцээний үеэр “битгий шүүмжлээд бай, хүн бүрийн бодол өөр, энэ хүн гомдвол яана” гээд, үндэслэлийн тухай ярилцахаас татгалзах нь бий. Гэтэл энд мэтгэлцэгч этгээд субъект рүү дайрах алдаа хийгээгүй л бол энд бид “хүнийг бус” санааг ярилцаж байгаа шүү дээ. Сонсох бүрд “үффф” гээд л гол зуураад авдаг юм. Ийнхүү “мэдлэг”-ийн тухай ярих, “сэтгэлийн сайн сайхан байдлын” тухай ярих гэсэн хоёр өөр асуудлыг хэлэлцэж байхад ижил үг байна гээд хольж, будлиан хутгах гээд байх тохиолдол ганц хоёр харагддаг л юм.

Юутай ч та скептикүүдийг дагаагүйд тань үнэхээр их талархдаг. “Аргын тухай дискурс”-даа та зөвхөн эргэлзэхийн тулд эргэлздэг, үргэлж шийдэлгүй байдаг скептикүүдийг дагалгүй, харин сул шороо, элсийг зайлуулж, хад чулуунд хүрэхийг зорьж буй тухайгаа бичсэн дээ. Эргэлзэхийн тулд эргэлзэх биш босгохын тулд эргэлзэнэ гэдэг юутай бахдам. Таны хувьд эргэлзээ бол эргэлзээгүй суурийг олох хэрэгсэл байсан шиг ээ. Ингээд эргэлзээгүй үлдсэн зүйл бол ертөнц биш, харин “би бодож байна” гэдэг л байсан.

ЭРГЭЛЗЭЭНИЙ ХОЁР ЧИГЛЭЛИжил эргэлзээ, өөр зорилго
Эргэлзээ

Скептик уламжлал

  1. Дүгнэлтээ азнахЮуг ч гарцаагүй үнэн гэж батлахаас зайлсхийх.
  2. Сэтгэлийн амгаланАтараксиа

Декартын арга

  1. Бат суурь эрэхЭргэлзээгүй үлдэх зүйлийг олох.
  2. “Би бодож байна”Эргэлзээгүй үлдсэн суурь
Зохиогчийн тайлбарласан хоёр хандлагыг хураангуйлав.

Эртний грекчүүд үзэгдэл бодит байдалтай тохирох эсэхэд эргэлзэж байсан ч өөрсдийн бие махбодыг ертөнцийн нэг хэсэг гэж үздэг байсан тул ертөнц бүхэлдээ оршдог эсэхэд эргэлзэх нь тэдний санаанд бараг ороогүй гэж зарим судлаачид үздэг юм билээ. Харин та оюун ухааныг бие махбод болон ертөнцөөс салгаснаар “би” ба бусдын, “би” ба ертөнцийн хоорондох заагийг тодруулсан юм. “Би” ертөнцийг хэрхэн танин мэддэг вэ гэсэн асуултын үр эртнээс байсан ч түүнийг дотоод ба гадаад гэсэн хоёр туйлын хооронд тарьж, философийн төвд “Нөхөд өө, та нар гадаад ертөнцийг яаж мэдээд байгаа юм бэ?” гэсэн асуултыг тавьсан хүн нь та гэж би ойлгосон. Тиймээс танин мэдэхүйн онолын төвд таныг тавиад, танаас өмнөх, танаас хойшхи гэж ярих нь бидэнд ч чигтэй, бодоход ч зүйтэй шүү дээ.

Хэрэв та өнөөдөр ирвэл “Эргэцүүлэл”-ийг нүдээ хөхөртөл уншчихаад ангийнхантайгаа маргаж суугаа олон оюутныг харах байсан. Мэдээж тэдэнд таны “хэлтэрхий” байгаа тул нүдээ аниад таныг сүслэхгүй л дээ. Та Аристотелийг шүүмжилсэн шиг тэд ч таныг шүүмжилдэг. Гэсэн ч өмнөх үеийнхнийхээ нуранги дээр өөрийн орд харшаа босгох гэж хичээж буй хэн нэгнийг хараад сэтгэл ханах байсан байх, тийм ээ? Ингэхэд яагаад та Аристотелийг тэгтлээ шүүмжилсэн юм бэ? Энэ тухай тань эдүгээ бид юу гэж хэлэлцдэгийг та мэдэх үү? Өө, нээрээ, “Оюун санааны философи” гээд шинэ талбар бас байгаа. Тэнд бие ба оюуны харилцааны асуудлыг судлахдаа хамгийн эхэнд таны “Эргэцүүлэл”-ийг уншдаг. Гэм нь энэ талбарт хүн бүр таньд “хайртай” биш ч, таны барьсан харшаас гараад явж дөнгөхгүй байгаа л харагддаг юм. Эдгээрийн тухай ирээдүйд бичнэ ээ.

Оюутан насаа таньгүйгээр төсөөлж чаддаггүй нэгэн

Жич: Хариугаа Мерсенн ноёнтноор3 дамжуулах шаардлагагүй. Хоёрхон үйлдэл л хангалттай.

Зүүлт

  1. Lieue (фр.) - Францад хэрэглэж байсан хуучны зай хэмжих нэгж бөгөөд ойролцоогоор 4 км-тэй тэнцэнэ. Шилжсэн утгаар их хол зайг илэрхийлдэг.

    Буцах

  2. Атараксиа (гр. ataraxia) - сэтгэл санаа үл үймрэх, айдас түгшүүр болон дотоод зөрчлөөс ангид тайван байх төлөв. Эртний Грекийн философид, ялангуяа Эпикурын сургаалд хүний сайн сайхан амьдралын чухал зорилго гэж үздэг.

    Буцах

  3. Мерсенн ноёнтон - Марен Мерсенн (Marin Mersenne, 1588-1648), XVII зууны Францын лам, философич, математикч, хөгжмийн онолч. Тэр үеийн эрдэмтдийн хоорондын захидал харилцаа, үзэл санааны солилцоог холбож байсан оюуны зуучлагч гэдгээрээ алдартай.

    Буцах

Сайтаас хайх

Нийтлэл, сэдэв эсвэл түлхүүр үгээ оруулаарай.