Манай боловсролын тогтолцоо бичгийн соёлыг тааруухан олгодог гэдэгтэй нэг их олон хүн маргахгүй биз ээ. Гоё хэвтэй, дүрмийн алдаагүй бичих тал руу хичээлийг чиглүүлснээс хэрхэн логиктой, цэгцтэй бичих вэ гэдгийг үндсэндээ нарийн заадаггүй. Бичгийн соёлын энэ дутагдал ЕБС, их дээд сургуулийн танхимаас эхэлж, аж ахуйн нэгжийн оффист ч хадгалагдсаар байна. Магадгүй гадаадад боловсрол эзэмшсэн мэр сэр хүн энэ соёлд багагүй суралцдаг байх. Гэвч олонх нь суралцаагүй бол уг ур чадварын үнэ цэн буурч, улмаар ашиглахгүй байсаар мартагддаг. Бичгийн соёлын ач холбогдлыг энэ удаад нуршилгүй, хэрхэн логиктой, бүтэцтэй бичих тухай нэгэн алдартай арга барилыг товч танилцуулъя.
Гол дүгнэлтээ эхэнд нь хэлэх
МакКинзид зөвлөхөөр ажиллаж байсан Барбара Минто 1970-аад оны үед хүмүүсийг хэрхэн логиктой, цэгцтэй бичиж сургах вэ гэдэг асуудалтай тулгарчээ. Хүн бүр “логиктой бич” гэж хэлдэг хэр нь яаж бичихийг тэр бүр зааж сургадаггүй байж. Ингээд Минто нэгэн арга боловсруулсан нь өдгөө Минто пирамидын зарчим хэмээн нэрлэгдэх болжээ.
Энэ зарчмын гол санаа нь энгийн. Эхлээд хэлэх гэсэн гол дүгнэлтээ хэлээд, дараа нь түүнийг дэмжих үндэслэл, баримтаа дарааллаар нь тайлбарлах тухай. Өөрөөр хэлбэл, уншигч таны гол санааг олох гэж бичвэрийг дуустал нь унших шаардлагагүй. Тиймээс энэ арга зөвлөмж, тайлан, санал, танилцуулга зэрэг бизнесийн харилцаанд ихээхэн тохирдог.
Жишээ нь, ажилтан удирдлагадаа харилцагчийн үйлчилгээний шинэ программ нэвтрүүлэх санал тавьж байна гэж бодъё. Уламжлалт байдлаар эхлээд одоогийн системийн түүх, ажилтнуудад тулгардаг хүндрэл, харилцагчдын санал гомдлыг хэд хэдэн догол мөрөөр тайлбарлаад, эцэст нь “Тиймээс шинэ программ авах саналтай байна” гэж бичиж магадгүй. Харин Минто пирамидын зарчмаар гол санаагаа эхэнд нь хэлнэ.
Харилцагчийн хүсэлтийг нэг дор бүртгэж, хариу өгөх хугацааг богиносгохын тулд шинэ үйлчилгээний программ нэвтрүүлэхийг санал болгож байна.
Үүний дараа саналаа дэмжих үндэслэлүүдийг жагсаана. Тухайлбал,
- Одоогийн бүртгэл хэд хэдэн файл, сувгаар тарсан учраас хүсэлт орхигдох эрсдэлтэй.
- Аль ажилтан хүсэлтийг хариуцаж байгаа, шийдвэрлэлт ямар шатанд явж байгааг нэг дороос харах боломжгүй.
- Мөн хүсэлтэд хариу өгөх хугацаа урт байгаа нь харилцагчдын сэтгэл ханамжид нөлөөлж байна.
Эдгээр үндэслэлээ хүсэлт орхигдсон тохиолдлын тоо, хариу өгөх дундаж хугацаа, харилцагчдын санал хүсэлт зэрэг баримтаар дэлгэрүүлж болно.
Санааг пирамид болгон өрөх
Ингэж санаагаа өрөхөд пирамидын оройд гол дүгнэлт, түүний доор үндэслэлүүд, үндэслэл бүрийн доор түүнийг батлах баримтууд байрлана.
Дээд түвшний санаа доод түвшний санаануудаараа дэмжигдэж байх ёстой. Уншигч үндэслэл бүрийг хараад “Үүнийг юугаар батлах вэ?” гэж асуухад тоо баримт, жишээ, ажиглалт хариулна.
Нэг түвшинд жагсаасан санаанууд ч хоорондоо холбоотой байх хэрэгтэй. Дээрх жишээнд гурван үндэслэл бүгд шинэ программ нэвтрүүлэх шаардлагыг тайлбарлаж байна. Харин нэг нь асуудал, нөгөө нь шийдэл, гурав дахь нь огт хамаагүй сэдэв байвал жагсаалт замбараагүй болно. Ижил түвшний санаанууд нэг асуултад хариулж, гол дүгнэлтийг нэг чиглэлээс дэмжих учиртай.
Үндэслэлүүдээ логик дараалалд оруулах
Үндэслэлүүдээ ямар дарааллаар байрлуулах нь мөн чухал. Дараах дарааллаас тохирохыг нь сонгож болно.
Шалтгаанаас үр дагавар руу;
Асуудлаас шийдэл рүү;
Ач холбогдлын дарааллаар;
Ажлын явцын үе шатыг тайлбарлаж байвал хийх (цаг хугацааны) дарааллаар.
Жишээлбэл, программ нэвтрүүлэх ажлыг эхлээд хэрэгцээгээ тодорхойлох, дараа нь хувилбаруудыг харьцуулах, туршилтаар нэвтрүүлэх, эцэст нь үр дүнг үнэлэх байдлаар тайлбарлаж болно.
Энд бүх бичвэрт тохирох цорын ганц зөв дараалал гэж байхгүй. Харин сонгосон дараалал нь таны дэвшүүлж буй санаатай нийцэж, уншигчийг нэг алхмаас дараагийн алхам руу логикоор хөтөлж байх нь чухал.
Бичиж эхлэхийн өмнөх таван асуулт
Энэ аргыг хэрэглэхийн тулд бичиж эхлэхээсээ өмнө өөрөөсөө дараах асуултыг асуугаарай.
- Уншигч юуг мэдэх, шийдэх эсвэл зөвшөөрөх ёстой вэ?
- Миний гол дүгнэлт юу вэ?
- Түүнийг ямар үндэслэлээр дэмжих вэ?
- Үндэслэл бүрт ямар баримт хэрэгтэй вэ?
- Жагсаасан санаанууд маань хоорондоо нэг логикт багтаж байна уу?
Энэ нь бичвэрийг цэгцлэхээс гадна өөрийн бодлыг шалгахад тусалдаг. Гол дүгнэлтээ нэг өгүүлбэрээр хэлж чадахгүй, эсвэл үндэслэлүүд хоорондоо холбоогүй байвал асуудал найруулгад биш, бодлоо бүрэн боловсруулаагүйд байж мэднэ.
Минто пирамидын зарчим урт тайланд л хэрэгтэй гэсэн үг биш. Удирдлагадаа илгээх богино имэйл, хурлын үеэр хэлэх санал, төслийн танилцуулгад ч ашиглаж болно. Гол нь уншигчийн цагийг хүндэтгэж, хэлэх гэсэн санаагаа түрүүлж хэлээд, түүнийгээ ойлгомжтой үндэслэлээр дэмжих юм.
0 Comments