Нухацтай сэтгэлгээг хүнд логик, хашир шалгуур, нарийн философи гэж андуурах нь элбэг. Сонсоход сүрдэм боловч энгийн харилцан ярианд санаагаа илэрхийлэхээс эхлээд бизнесийн чухал шийдвэр гаргахад гол тулгуур болдог суурь сэтгэлгээ л юм. Биеэ хөгжүүлье гэвэл дасгал сургуулилт хийж, спортоор хичээллэдгийн адил хувь хүний хөгжилдөө анхааръя гэвэл сэтгэлгээгээ дасгалжуулах хэрэгтэй. Хэрхэн дасгалжуулах тухайд дараах 6 зөвлөмжийг хүргэе.
Таамаглалаа шалгах нь
Юун түрүүнд өөрийгөө таньж мэдэхийг хичээгээрэй. “Би угаасаа бүтээлч сэтгэлгээтэй хүн биш дээ”, “Надад шинэ зүйл сурахад зориулах цаг хугацаа байхгүй” гэх мэт бодол өсч, хөгжих боломжийг хаадаг. Иймд хэт ургуулж бодолгүй, таамаглалаа давхар шалга. “Үнэхээр чадахгүй зүйл үү? Шалтгаан нь юу вэ? Өөрийгөө дутуу үнэлж байгаа юм биш биз?” зэрэг асуулт тавьж үзээрэй.
Зорилгоо нарийн тодорхойл
Таамаглалаа шалгасны дараа чиглэлээ олох хэрэгтэй. Аль болох нарийн зорилго, зорилт дэвшүүлэх тусам хүрэх цэг, түүнд хүрэх зам тодорхой болдог.
“Эрүүл мэнддээ анхаарна”, “Илүү амжилтад хүрнэ” зэрэг зорилго тавьж байсан ч хаанаас эхлэх, хэрхэн зорилгодоо хүрэхээ мэдэхгүй байх нь түгээмэл. Ийм үед бодитой хандаж “Өдөрт 30 минут илүү алхах боломж юу байна вэ?”, “Карьерээ сайжруулахад ямар ур чадварт суралцах хэрэгтэй вэ?” гэх асуулт тавь. Үйлдэл бүрээ хүрэх замаараа явж байгаа эсэхийг анзаарах нь чухал.
Хариу үйлдэхээс өмнө тунгаа
Зорилгоо хөөх явцад олон хүмүүстэй харилцах шаардлага гарна. Ялангуяа нөхөрлөл, хайр дурлал зэрэг харилцаанд ихэвчлэн үл ойлголцол, сэтгэл хөдлөлдөө автан түргэн гаргасан шийдвэр асуудал болдог. Иймд сэтгэл хөдлөлөөр бус нухацтай хандъя гэвэл “Надад хэлэх гэсэн санаа нь юу вэ? Би хэт мэдрэмждээ автаад байна уу даа,?” гэх байдлаар бодоод үз. Шууд хариу үйлдэхээс өмнө нөгөө хүний өнцгөөс тунгааж, үл ойлголцлоо бууруулах, харилцаагаа гүнзгийрүүлэхэд анхаараарай.
Уналтаас суралц
Хүмүүс бүтэлгүйтэлд биш түүнийг хүлээн авч, ойлгох явцдаа бууж өгдөг. “Би бүтэлгүйтсэн, дахиж чадахгүй нь” гэж бодохын оронд “Яг юу нь болсонгүй вэ? Яагаад алдав? Дараагийн удаад юунд анхаарах вэ?” гэж логиктой бодоорой. Уналт, бүтэлгүйтэл нь замд тээгэлдсэн чулуу бус цааш өөд алхах шат юм.
Тунгаах: Хувийн хөгжлийг хурдасгагч
Өдрийн төгсгөлд өнөөдрөө дүгнэх цаг гаргах хэрэгтэй. Хийсэн зүйлс, хэлсэн үгсээ эргэн санаж “юуг, яагаад, дараа нь яах вэ?” гэж асуух нь өөрийгөө танин мэдэх, өсөн дэвших үндэс болно. Тунгаах нь “бодох тухай бодох” процесс юм. Судлаачид үүнийг тасралтгүй суралцах, өсч хөгжих замнал гэж үздэг.
Насан туршид суралцах чадвар
Нухацтай сэтгэх нь хэт хаширлах, хүндрүүлэн шинжлэх биш юм. Зорилготой, сониуч, одоодоо байх чадвар. “Би хэн байхыг хүсэж байна? Миний үнэт зүйл, хамгийн чухал зүйл юу вэ? Өөрийгөө танин мэдэхийн төлөө өнөөдрөөс юу хийж эхлэх вэ?” гэх асуултаас нухацтай сэтгэж эхэлнэ. Иймд жижиг ч гэсэн шийдвэр гаргахдаа ухамсартай, нухацтайгаар хандаж дадаарай. Ингэснээр цаашид ажил мэргэжил, амьдралын чухал сонголтуудаа эргэлзээгүй хийж чадна.
Нийтлэлийн төсгөлд дахин дүгнэхэд өөрийгөө таньж, зорилгоо тодорхойлж, харилцаанд ухаалаг хандаж, алдаанаасаа тасралтгүй суралцахыг эрхэмлэ. Өдөр бүр өмнөх 4 алхмыг нухацтай тунгааж, цаашид насан туршдаа суралцах амьдралын хэв маяг бүтээгээрэй.
Ашигласан материалын жагсаалт: - Critical thinking improves decision making, self reflection, identifying misinformation, creativity, and more graduate.nichols.edu. - It supports sound judgment, professional success, academic achievement, and even cognitive resilience over time https://imanageperformance.com/blog/the-power-of-critical-thinking-for-personal-growth/ - Reflective practice—examining one’s actions and thoughts—drives continuous learning and personal improvement https://en.wikipedia.org/wiki/Reflective_practice