Улс төрийн намын хуулийн хэрэгжилт, асуудал

Улсын төсөв жил бүр томорч, зарцуулах мөнгө нэмэгдэж байхад иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ? Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хэдэн төгрөг зарцуулсныг тоолж чаддаг ч тэр мөнгөөр ядуурлыг хэр бууруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хэр сайжруулсныг адилхан тодорхой хэлж чадаж байна уу?

Нийтэлсэн: admin

|

September 9, 2026

|

1 мин унших

|

32 үзэлт

|

KEYNOTE SPEECH #03 ЛЕКЦИЙН ХУРААНГУЙ

Цаасан дээрх шинэчлэлээс амьдрал дээрх хэрэгжилт рүү: Улс төрийн намуудын "Шилэн" сорилт

ИЛТГЭСЭН МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн дэд профессор, Доктор Э.Гэрэлт-Од
Эмхэтгэсэн: А.Эрдэнэжаргал
Хянасан: С.Өнөр

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэд профессор Э.Гэрэлт-Од, 2026 оны 06-р сарын 12-ны өдөр Policy 2.0 хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд зориулан улс төрийн намуудын тухай шинэ хууль нь Монголын намуудыг хэрхэн илүү нээлттэй, хариуцлагатай, ардчилсан болгох замаар ардчиллын чанарыг сайжруулах тухай лекцийг хураангуйлав.

Удиртгал

Австралийн төрийн зүтгэлтэн Жон Мэнадю (John Menadue) 2008 онд хууль тогтоогчдын заавал ширээн дээрээ наах ёстой нэгэн гашуун үнэнийг хэлсэн байдаг.
Бодлого боловсруулах, хууль батлах хэдийгээр амар боловч, түүнийг хэрэгжүүлэх нь туйлын адармаатай.
— Жон Мэнадю (John Menadue)
Австралийн төрийн зүтгэлтэн, 2008 он

Ерөнхийдөө бол хуулийг цаасан дээр буулгах нь нийт ажлын 5 хувь бол түүнийг амьдралд хэрэгжүүлж, үзэл баримтлалыг нь үргэлжлүүлэн хамгаална гэдэг 95 хувийг хамрах нөр их хүчин чармайлт, урт хугацааны тэмцэл байдаг ажээ.

Монгол Улсад олон намын тогтолцоо үүсээд 36 дахь жилтэйгээ золгож буй ч улс төрийн намын тухай хуулийг сууриар нь шинэчлэх, бодлогын институц болгон өөрчлөх шинэчилсэн найруулгыг боловсруулах үйл явц сүүлийн 13 жилийн турш тасралтгүй үргэлжилсний эцэст биеллээ олсон юм. Энэхүү эрх зүйн томоохон шинэчлэл нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, парламентад суудалтай намуудын төлөөлөл, хөндлөнгийн хараат бус хуульчид, судлаачид, Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ), Үндэсний аудитын газар болон иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн зөвшилцөл дээр үндэслэгдсэн билээ. Гэвч хууль хэрэгжиж, намуудын далд санхүүжилт ил болохтой зэрэгцэн улс төрчид хуулиа дагах бус, харин хуулийг өөрсдөдөө зориулан "зөөлрүүлэх" оролдлогыг УИХ-ын түвшинд хүчтэй өрнүүлж эхлэв. Ингэснээр Монголын ардчиллын амин сүнс болох учиртай улс төрийн намууд жинхэнэ бодлогын институц болж төлөвших үү, эсвэл хяналтгүй мөнгөний машин хэвээр үлдэх үү гэдгийг шүүн тунгаах түүхэн хариуцлагыг нийгмийн өмнө тулгаж байна.

Энэ хураангуй таван хэсгээс бүрдэнэ. Эхлээд Монгол Улс дахь намын тухай хуулийн түүхийг авч үзнэ. Түүний дараа 2-р хэсэгт намын далд санхүүжилтийг одоогийн хуулиар хэрхэн хаасныг тайлбарлана. 3-р хэсэгт өнөөгийн намын байдал болон институцийн сорилтыг танилцуулах юм. Үүний хойно, уг хуулийн амин сүнсийг өөрчлөх гэж оролдож буй улс төрчдийн үйлдэл, ухралтын тухай авч үзнэ. Хамгийн сүүлийн хэсэгт нам шинээр байгуулахад тулгарч буй нэгэн том саадыг тайлбарлаж, эцэст нь нэгдсэн дүгнэлтэд хүрнэ.
01

Монгол дахь улс төрийн намын түүх

Өнгөрсөн хугацаанд улс төрийн намын эрх зүйн орчны хөгжил, сорилт ээлжилсэн дараах гурван том үе шатыг туулжээ.

1990–1992
Олон намын тогтолцооны эхлэл
Анхдагч хууль, олон намын тогтолцооны эрх зүйн суурь бүрэлдсэн үе.
2005–2023
Бүтэц, зохион байгуулалтын цэгцрэл
Намуудын бүртгэл, бүтэц, зохион байгуулалтын эрх зүйн орчныг цэгцэлсэн үе.
2023 оноос хойш
Бодлогын институц болгох үе
Нээлттэй, хариуцлагатай, бодлого дэвшүүлдэг улс төрийн институц рүү шилжих шинэ үе.
1.1

1990–1992 он: Олон намын тогтолцооны эхлэл

Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, эрх зүйн суурь тавигдах үйл явц 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнгээс эхтэй бөгөөд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагч С.Зориг, Монголын Ардчилсан Намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бат-Үүл нарын удирдсан ардчилсан хүчний шахалтаар БНМАУ-ын Ардын Их Хурал анхны Улс төрийн намуудын тухай хуулийг баталсан юм.

Үүнээс өмнө 1960 оны Үндсэн хуулиас МАХН-ыг удирдан чиглүүлэгч байх заалтыг цуцалсан нь олон намын тогтолцоо бодитоор бүрэлдэх эрх зүйн үүдийг нээсэн түүхтэй.

Ердөө 5 бүлэг, 15 зүйлтэй, 6-хан хуудас уг хуульд нам байгуулахад 801-ээс доошгүй иргэний гарын үсэг шаарддаг байв. Санхүүжилтийг гишүүдийн татвар, хандиваар бүрдүүлдэг байсан хэдий ч хандивын ямар нэгэн хязгаарлалт заагаагүй, хяналтгүй, намуудын дотоод ардчилал, жендэрийн квотын зохицуулалтгүй байлаа. Намыг татан буулгах үндсэн шалтгаан нь зөвхөн нам өөрөө шийдвэл эсвэл Үндсэн хууль зөрчвөл Дээд шүүх шийдвэрлэх төдийхнөөр хязгаарлагдаж байлаа.

1.2

2005–2023 он: Бүтэц, зохион байгуулалтыг цэгцэлсэн үе

2004 оны УИХ-ын сонгуулийн дараах улс төрийн зөвшилцлөөр парламентад суудалтай 4 нам, 1 эвслийн төлөөлөл бүхий ажлын хэсэг 2005 онд намын тухай хуулийг шинэчилсэн найруулгыг санаачлан батлуулжээ. Гол зорилго нь Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийн үзэл баримтлалыг улам гүнзгийрүүлж, намуудын бүртгэл, дотоод зохион байгуулалтыг цэгцлэхэд чиглэж байв .

Нам байгуулах босгыг 801 иргэний гарын үсгээр хэвээр хадгалсан бөгөөд парламентад авсан суудлын тоогоор төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлэх эрх зүйн механизмыг тогтоосон ч хяналтгүй хэвээр үлдсэн юм. Хандивын хязгаарлалтыг иргэнээс 1 сая, хуулийн этгээдээс 10 сая хүртэлх төгрөгөөр тогтоожээ.

Мөн, намуудыг "дотоод ардчилалтай байна" гэх ерөнхий ганцхан өгүүлбэр оруулсан хэдий ч түүнийг хэрхэн хангах нарийн механизмыг зохицуулалтгүй орхисон учир намууд өөрсдийн дүрмээр дур мэдэн зохицуулж, Дээд шүүхэд бүртгүүлснээс хойших үйл ажиллагаа, санхүүд тавих төрийн хяналт байхгүй хэвээр байв.

1.3

2023 оноос хойш: Нээлттэй, хариуцлагатай институц болгох үе

Улс төрийн намуудын эрх зүйн орчныг сууриар нь шинэчлэх гол хөдөлгүүр нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тэр дундаа Арван есдүгээр зүйл байв. Энэхүү өөрчлөлтөөр намуудыг улсын хэмжээний бодлого дэвшүүлдэг институц байх, дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэх, санхүүжилт нь ил тод байх шаардлагуудыг хуульчилсан юм. Үүний зэрэгцээ, 2028 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулах шинэ босгыг зааж өгчээ.

Үндсэн хуулийн энэхүү үзэл баримтлалыг амьдрал дээр биелэл болгон засаж тохинуулах зорилгоор 2023 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хууль нь 7 бүлэг, 45 зүйл, 483 заалт бүхий нүсэр том, далайцтай зохицуулалт бүхий эрх зүйн томоохон шинэчлэл болсон билээ. Түүнчлэн намын санхүүжилтийг шилэн байлгах үүднээс хандивын хязгаарлалтыг чангаруулав. Тодруулбал, хандивын дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож, иргэнээс 12 дахин, хуулийн этгээдээс 50 дахинаас илүү гарахгүй байхаар хязгаарлажээ.

Үүнээс гадна намын дотоод ардчиллыг хангахын тулд үйл ажиллагааг нь нийтэд нээлттэй байлгахаас гадна намын Төлөөллийн төв байгууллага, Гүйцэтгэх төв байгууллага, Хяналтын ерөнхий хороонд аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувиас доошгүй байлгах квот тогтоосон байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд төрөөс олгох санхүүжилтийг хязгаарлах бодит хариуцлагын механизмыг тусгаж өгсөн нь чухал ахиц юм.

Түүнчлэн өнгөрсөн 36 жилийн хугацаанд намуудад төрийн хяналт гэх ойлголт бараг байгаагүй. Шинэ тогтолцоогоор СЕХ болон Аудитын байгууллага намын санхүүжилтийг хянаж, олон нийтэд мэдээлдэг иж бүрэн хяналтын механизмыг хэрэгжүүлж эхлээд байна. Хэрэв улс төрийн намууд санхүүгийн тайлангаа хоёр жил дараалан СЕХ-нд ирүүлээгүй бол үйл ажиллагааг нь идэвхгүй төлөвт шилжүүлэх бодит хариуцлагын зохицуулалтыг анх удаа хуульчилж өгснөөрөө онцлог юм.

Эдгээр өөрчлөлт дундаас намын санхүүжилтийн ил тод байдал нь намыг бодлогын институц болгон хөгжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй тул дараагийн хэсэгт дэлгэрүүлэн авч үзье.

02

Шинэ хуулийн гол ололт: Далд санхүүжилтийг хаасан нь

Улс төрийн намын санхүүжилт шилэн, тунгалаг байхыг 2023 оны хуулиар анх удаа хатуу шаардсан бөгөөд үүний гол хэрэгсэл нь шинэ хуулийн 26.7-д заасан "банкны нэг дансны зохицуулалт" билээ. Энэхүү заалтын дагуу нам нь гишүүний татвар, хандив, аж ахуйн орлого, төрийн дэмжлэг зэрэг бүх орлогоо зөвхөн банкны нэг дансаар авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хатуу хоригложээсон. Энэ нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) болон Венецийн комиссоос хамгийн шилдэг жишиг гэж сайшаагдсан олон улсын стандарт юм.

26.7

Банкны нэг дансны зохицуулалт

Гишүүний татвар
Хандив
Аж ахуйн орлого
Төрийн дэмжлэг

Нам олон харилцах данстай байх нь хөндлөнгийн аудит болон сонгуулийн төв байгууллагаас хяналт тавих боломжийг эрс хязгаарладаг байнах эрсдэлтэй. Төвлөрсөн бус, олон салаа данстай тогтолцоо үйлчилж байх үед намууд өөрсдийн харьяа ТББ-ууд болон орон нутгийн салбаруудаараа дамжуулан далд хандив авах, мөнгө угаах, улмаар сонгуулийн үеэр саналын эрхийг хууль бусаар худалдаж авах гэх мэт дотоод гажуудлыг хууль бус санхүүжилтийг нуун дарагдуулах бүрэн боломжтой байв. Өөрөөр хэлбэл, хяналтгүй далд санхүүжилтийн энэхүү урсгал нь хөрөнгө мөнгөтэй явцуу бүлэглэлүүд намын шийдвэр гаргах үйл явцыг дур зоргоороо удирдаж, дотоод ардчиллыг бүрмөсөн үгүй хийх хөрс болж иржээ.

Намын орон нутаг дахь салбаруудын зүгээс төсвийг зөвхөн төв салбараас зохицуулах нь анхан шатанд үйл ажиллагааны зардлыг гаргахад хүндрэлтэй байна гэж гомдоллодог боловч энэ нь зохион байгуулалтын асуудал болохоос хуулийн гажуудал биш юм. Орчин үеийн банк, финтек (fintech) шийдлүүдийг ашиглан төв дансны доор орон нутгийн салбаруудад тусгай кодтой, тодорхой лимит бүхий дэд данснуудыг үүсгэх замаар үйл ажиллагааны уян хатан байдлыг хангах бүрэн боломжтой. Намууд олон мянган дансаар хяналтгүй мөнгө цуглуулдаг эмх замбараагүй байдал руугаа ухрахын тулд технологийн шийдлийг ашиглахгүй, төсвийн болон нягтлан бодох бүртгэлийн соёлд суралцахаас зугтаж байна.

Хэдийгээр банкны нэг дансны зохицуулалт гэх мэт санхүүгийн далд механизмыг хаасан томоохон амжилтууд шинэ хуулиар гарсан ч амьдрал дээр үүнийг бодит ажил хэрэг болгох, институцийн түвшинд хэвшүүлэхэд багагүй саад бэрхшээл, эсэргүүцэл тулгарсаар байна. Үүнийг дараагийн хэсэг тайлбарлая.

03

Өнөөгийн байдал ба Институцийн сорилт

Мэдээж хэрэг хандивын хязгаарлалтыг чангаруулж, далд мөнгөний урсгалыг хуулиар хаана гэдэг нь цаасан дээрх хууль боловч, үүнийг амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэхийн тулд СЕХ болон Аудитын байгууллагуудын харилцан уялдаатай, нэгдсэн хяналтын экосистем ажиллах шаардлагатай болдог. Яг энэ талбарт 2023 оны хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын улс төрийн намуудын мэдээлэл түүхэндээ анх удаа институцийн бодит хяналт дор ил тод болж эхэллээ.

Өнөөгийн байдлаар хуулийн хэрэгжилтийн талбарт бүртгэл болон тайлангаа өгөөгүй бол үйл ажиллагааг нь идэвхгүй төлөвт шилжүүлэх механизмууд амьдрал дээр шууд хэрэгжиж байна. Хуулийн шилжилтийн үеийн хугацаа болох 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр аль хэдийн дуусгавар болсон тул Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудаас 27 нам бүртгэлээ шинэчлэн, дүрмээ хуульд нийцүүлээд байгаа юм. Харин санхүүгийн тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй зургаан нам, түүнчлэн хуульд заасан хугацаанд бүтцийн өөрчлөлтөө хийж бүртгүүлээгүй хоёр нам, нийт найман улс төрийн нам хуулийн дагуу бүртгэлээс хасагдах, үйл ажиллагаа нь зогсож, идэвхгүй хэлбэрт шилжих эрх зүйн санкцийн өмнө ирээд байна.

27
улс төрийн нам
Бүртгэлээ шинэчилж, дүрмээ хуульд нийцүүлсэн
8
улс төрийн нам
Идэвхгүй төлөвт шилжих эрх зүйн санкцийн өмнө
40%
төлөөллийн доод босго
Удирдах бүтцийн байгууллагууд дахь хүйсийн доод квот
12
улс төрийн нам
Жендэрийн тайлангаа ирүүлсэн

Намын дотоод сахилга бат, ил тод байдлыг бүрэн хангахад Сангийн яам төрийн санхүүгийн дэмжлэгийг хуваарилах замаар хяналт тавьж байгаа бол, намууд жил бүрийн санхүүгийн тайландаа заавал хөндлөнгийн аудитыг хувийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлдэг цогц гинжин хэлхээ үйлчилж байна.

Мөн удирдах бүтцийн байгууллагууд дахь хүйсийн 40-өөс доошгүй хувийн квотын хэрэгжилтэд Жендэрийн үндэсний хороо хяналт тавьж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 12 нам жендэрийн тайлангаа ирүүлсэн байна. УИХ-д суудалтай зарим намууд тайлангаа өгөөгүй хүлээгдэж байна. Уг тайланд Жендэрийн үндэсний хорооноос дүгнэлт гарган СЕХ-нд хүргүүлснээр намуудын дараа жилийн төсвийн дэмжлэгийг шийдвэрлэх хөшүүрэг болох тул намуудад санхүүгийн шууд хариуцлага хүлээлгэх чухал суваг болох юм.

Түүнчлэн шинэ хуулиар намуудад төрөөс авч буй санхүүжилтийнхээ тодорхой хувийг заавал сонгогчдын боловсролыг дэмжихэд зарцуулах үүрэг хүлээлгэсэн бөгөөд СЕХ шинээр Улс төрийн намын санхүүжилтийн газар болон Мэдээлэл, арга зүйн хэлтэс гэсэн хоёр бүтэц байгуулан намуудад зөвлөгөө, сургалт өгч байна.

Олон улсын тавцанд ч 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Катарын Доха хотноо болсон НҮБ-ын "Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай" тогтоолыг Монгол Улс санаачлагчаар оролцож 192 улс дэмжсэн. Мөн СЕХ улс төрийн намуудын санхүүгийн тайланг цахимаар авах цахим платформыг бүтээж байна.

04

Хуулийн амин сүнсийг устгах ухралт

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг чангатгаж, санхүүгийн болон бүтцийн хяналтын механизм амьдрал дээр бодитоор ажиллаж эхлэхийн хэрээр улс төрийн хүрээнийхэнд үүссэн "санхүүгийн шахалт" нэгэн зэрэг хүчтэй эсэргүүцэл, хариу үйлдлийг өдөөж эхэлжээ. Шилэн тогтолцоонд баригдаж, далд мөнгөөр улс төр хийх боломж нь хумигдсан улс төрчид хуулиа дагахын оронд хуулийг өөрсдөдөө зориулан хэрхэн "зөөлрүүлэх" лоббиг УИХ-ын түвшинд хүчтэй өрнүүлж эхэлсэн байна.

Үүний анхны дохио нь 2024 оны сонгуулийн дараа ИЗНН тэргүүтэй долоон нам Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах лоббиг өрнүүлж, УИХ Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дахь заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан юм. Тэд "сонгуулийн дараах богино хугацаанд намууд дүрэм, бүтэц зохион байгуулалтаа хуульд нийцүүлж чадахгүй байна" гэх шалтаг заасан бөгөөд өдгөө энэхүү шилжилтийн хугацаа нэгэнт дуусгавар болж, хууль бүрэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Гэвч хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсантай холбоотой хуулийн бусад заалтууд хэрэгжихэд бэрхшээлтэй тулгарсан, мөн намууд хуулийн шинэчлэлээс ухрах, зарим заалтуудыг өөрт ашигтайгаар зөөлрүүлэх лобби хаалгыг нээж өгсөн.

Өдгөө УИХ-ын түвшинд МАН-аас Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцэхээр зэхэж байна. АН Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна. Энэхүү өөрчлөлтүүд нь хуулийн үзэл баримтлалыг бүхэлд нь унагах ноцтой заалтуудыг агуулж байгаа бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтууд болон түүнийг үзэл баримтлалыг сулруулах гэж буйг дараах хүснэгтээс харж болно.

ХҮСНЭГТ 01

Хуулийн өөрчлөлтийн харьцуулалт

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, ухралтын харьцуулалт

Хүчинтэй заалт
Өөрчлөх, хүчингүй болгох
Эрсдэл
ХУУЛИЙН ТӨСӨЛ МАН
5 заалт

МАН-аас Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл

26.7

Нэг банкны дансны зохицуулалт

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

26.7.Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

26.7.Нам энэ хуулийн 26.1.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авна.

ЭРСДЭЛ

Энэ заалтаас 26.1.2.гишүүний татвар; 26.1.3.хандив; 26.1.4.намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого; 26.1.5.энэ хуулиар зөвшөөрсөн бусад орлого зэргийг хасах гэж байна.

27.8

Улсын төсвөөс олгох санхүүжилт

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

27.8.Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1, 36.3.2, 36.3.3, 36.3.4-т заасан орлогын нийлбэрээс хоёр дахин их, эсхүл түүнээс илүү байж болохгүй.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

27.8.Улсын төсвөөс нэг намд олгох санхүүжилтийн нийт хэмжээ нь тухайн намын энэ хуулийн 36.3.1, 36.3.2, 36.3.3, 36.3.4-т заасан орлогын нийлбэрээс илүү байж болохгүй.

ЭРСДЭЛ

Төрөөс олгох санхүүгийн шууд дэмжлэгийг намын өөрийн орлогоос хэтрүүлэхгүй хязгаарлах нь сонгогчдын дэмжлэг авсан санал, УИХ-д суудал, бусад дэмжлэгээс хэтрүүлэхгүй байгаа нь ТОМ НАМД ашигтай.

33.12

Харьяа байгууллагын санхүүгийн тайлан

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

33.12.Намын харьяа байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулийн Зургадугаар бүлэгт заасан шаардлагын дагуу гаргаж тухайн намд болон сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

33.12.Намын харьяа байгууллага санхүүгийн тайлангаа энэ хуулийн Зургадугаар бүлэгт заасан шаардлагын дагуу гаргаж тухайн намд хүргүүлнэ.

ЭРСДЭЛ

Намын харьяа ТББ-ууд санхүүгийн тайлангаа СЕХ-д хүргүүлэхгүй байхаар байна.

36.14

Намын санхүүгийн нэгдсэн тайлан

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

36.14.Намын санхүүгийн тайланд намын салбар болон бүтцийн нэгж, намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэж, харьяа байгууллагын санхүүгийн мэдээллийг тусгана.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

36.14.Намын санхүүгийн тайланд намын салбар болон бүтцийн нэгж, намын дэргэдэх бодлогын судалгааны байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэж,

ЭРСДЭЛ

Намын харьяа ТББ-уудын орлого, зарлагыг санхүүгийн тайлангаас хасах гэж байна.

35.4

Намын өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

35.4.Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

Хасах

ЭРСДЭЛ

Их хөрөнгөтэй намын өөрийн хөрөнгөөс олох орлогоо нуух, давуу байдлаа хадгалах боломж гаргаж байна.

ХУУЛИЙН ТӨСӨЛ АН
4 мөр

АН-аас Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл

17.2.2.1

Төлөөллийн төв байгууллагын гишүүд

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

Нэмэх

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

17.2.2.1. төлөөллийн төв байгууллагын гишүүдийн дийлэнх олонхын саналаар шинээр болон нөхөн сонгогдсон төлөөллийн төв байгууллагын гишүүдийг батламжилж болно.

ЭРСДЭЛ

Энэхүү нэмэлт нь намын Даргын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж, өөрийг нь хянах ёстой Хяналтын хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох хөшүүргийг гарт нь атгуулж байна. Энэ нь намын дотоод ардчилал, хяналт-тэнцвэрийн зарчмыг устгах сөрөг талтай.

17.2.2.2

Хяналтын байгууллагын гишүүд

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

Нэмэх

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

17.2.2.2. намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн олонхын саналаар хяналтын байгууллагын гуравны нэг хүртэлх гишүүдийг намын Даргын санал болгосноор чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно."

ЭРСДЭЛ

Энэхүү нэмэлт нь намын Даргын эрх мэдлийг хэт нэмэгдүүлж, өөрийг нь хянах ёстой Хяналтын хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох хөшүүргийг гарт нь атгуулж байна. Энэ нь намын дотоод ардчилал, хяналт-тэнцвэрийн зарчмыг устгах сөрөг талтай.

26.7

Төв болон орон нутгийн банкны данс

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

26.7.Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг зөвхөн нэг банкны дансаар хүлээн авах бөгөөд өөр харилцах данстай байхыг хориглоно.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

"26.7. Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг хүлээн авах намын төв, аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллага тус бүрд банкны нэг данстай байна. Нам өөр харилцах данстай байхыг хориглоно."

ЭРСДЭЛ

Амьдралд нийцсэн боловч хяналтыг сулруулна. Орон нутгийн салбарууд үйл ажиллагаа явуулахад дөхөм болох ч СЕХ-ноос тавих санхүүгийн нэгдсэн хяналтыг сулруулна.

33.6

Иргэнээс авах хандивын дээд хэмжээ

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

33.6.Нэг жилд нэг иргэнээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

Улс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн "12" гэснийг "120" гэж, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн "50" гэснийг "500" гэж тус тус өөрчилсүгэй.

ЭРСДЭЛ

Иргэний болон хуулийн этгээдийн хандивыг 10 дахин өсгөж байна. Дутагдалтай хөрөнгөө нэмэх хүсэлтэй байна. Нам олигархиудын гарт орох эрсдэлтэй.

33.7

Хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ

ХҮЧИНТЭЙ ЗААЛТ

33.7.Нэг жилд нэг хуулийн этгээдээс авах хандивын дээд хэмжээ нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнгээс илүү байхыг хориглоно.

ӨӨРЧЛӨХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫН НАЙРУУЛГА

Улс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйлийн "33.8" дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн "34.6.12" дахь заалтыг тус тус хассугай.

ЭРСДЭЛ

Иргэний болон хуулийн этгээдийн хандивыг 10 дахин өсгөж байна. Дутагдалтай хөрөнгөө нэмэх хүсэлтэй байна. Нам олигархиудын гарт орох эрсдэлтэй.

05

Нам байгуулах шинэ тушаа

Улс төрчдийн зүгээс санхүүгийн хяналтыг сулруулах далд довтолгоо хийж буйтай зэрэгцэн, хуулийн хэрэгжилтийн ирээдүйд хамгийн том "тэсрэх бөмбөг" болох өөр нэгэн ноцтой маргаан ойртсоор байна. Энэ бол намуудын оршин тогтнох суурьтай холбоотой Үндсэн хуулийн нэг заалт Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөж байгаа.

Энэ бол 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 191 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна гэсэн заалт батлагдсан. Энэ заалт батлагдахдаа хэрэгжилтийг 2028 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хойшлуулсан.

ХЭРЭГЖИЖ ЭХЛЭХ ОГНОО 2028 01.01
Нам байгуулах шинэ босго
1%
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн

Олон улсын практикт улс төрийн нам байгуулахад ийм өндөр босго байхгүй. Өмнө нь Румын Улс нам байгуулахад 25,000 иргэний гарын үсэг шаарддаг байсан. 2015 онд Шүүхээс энэ нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байна гэж үзэн босгыг бууруулж, ердөө гуравхан хүн нийлж нам байгуулах эрхийг нээсэн. Украин, Словак улсад хамгийн өндөр буюу нам байгуулахад 10,000 иргэний гарын үсэг шаарддаг.

Румын
Өмнө нь 25,000 гарын үсэг
2015 оноос 3 хүн
Украин, Словак
10,000 иргэний гарын үсэг

Үндсэн хуулийн энэ заалт нь иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэж, 2028 оноос өмнө шинээр нам байгуулах иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд бодит саад болоод байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувь буюу 20,000 гаруй хүний дэмжлэг/гарын үсэг шаардах энэхүү өндөр босго нь шинэ ба залуу улс төрийн хүчнүүд зах зээлд орж ирэх боломжийг хааж, хуучин намуудын давуу байдлыг хамгаалсан заалт болж хувирах эрсдэлтэй юм.

20,000+
1%-ийн босго Шинээр нам байгуулахад шаардагдах дэмжлэг / гарын үсгийн хэмжээ
06

Дүгнэлт: Нүсэр бүтцээс цахимжсан бодлогын нам руу

Нам байгуулахад 20,000 хүний "цаасан дээрх гишүүнчлэл" шаардах уу, эсвэл "үзэл бодлын дэмжигчдийг" тоолох уу гэдэг энэхүү хоёрдмол байдал нь эцсийн дүндээ Монголын улс төрийн намууд цаашид ямар дүр төрхтэй, ямар философиор явах ёстой вэ гэх үндсэн шинэчлэл рүү биднийг хөтөлж байна. Ингэснээр бид одоогийн нүсэр, амьгүй бүтцээс татгалзах цаг үеийн шаардлагатай шууд нүүр тулж байгаа юм.

ШИЛЖИЛТИЙН ЧИГЛЭЛ Намын бүтэц, гишүүнчлэлийн шинэчлэл
ӨНӨӨГИЙН ХЭЛБЭР Цаасан дээрх гишүүнчлэл
ШИНЭЧЛЭХ ЧИГЛЭЛ Сонгуульт, жинхэнэ, дэмжигч гишүүний бодит ангилал
ӨНӨӨГИЙН ХЭЛБЭР Орон нутгийн нүсэр салбар, нэгж
ШИНЭЧЛЭХ ЧИГЛЭЛ Хөнгөн, уян хатан, цахимжсан бүтэц
ӨНӨӨГИЙН ХЭЛБЭР Дэд бүтэц, хөрөнгө чинээнд төвлөрөх
ШИНЭЧЛЭХ ЧИГЛЭЛ Үндэсний хэмжээний бодлого боловсруулах чиг үүрэг

Монголын улс төрийн намууд 300 гаруй мянган гишүүнтэй гэж цээжээ дэлддэг хэрнээ жил бүр төвлөрүүлдэг гишүүний татварын бодит хэмжээ нь туйлын бага байдаг нь намуудын бүртгэл бодит байдалтай нийцдэггүй, зүгээр л цаасан дээрх "хууран мэхлэлт"-ийг илтгэдэг. 2023 оны эрх зүйн шинэчлэлээр намын гишүүн татвар төлөөгүй тохиолдолд идэвхтэй статус нь "дэмжигч гишүүн" болж шилжихээр зохицуулсан тул цаашид намууд сонгуульт гишүүн, жинхэнэ гишүүн, дэмжигч гишүүн гэсэн ангиллаар гишүүнчлэлийн баазаа ялгаж, бодит тоо баримтыг жил бүр СЕХ-нд тайлагнадаг тогтолцоог хэвшүүлэх шаардлагатай.

Гишүүнчлэлийн бодит бүтэц
01 Сонгуульт гишүүн
02 Жинхэнэ гишүүн
03 Дэмжигч гишүүн
Бодит тоо баримтыг жил бүр СЕХ-нд тайлагнах

Мөн орон нутгийн бүх шатанд заавал салбар, нэгжтэй байх, нүсэр барилга байгууламж эзэмших гэсэн хуучин сэтгэлгээнээс татгалзах нь зүйтэй бөгөөд орчин үеийн улс төрийн институцийн хувьд нам нь салбар нэгжийн дэд бүтэц, хөрөнгө чинээ гэхээсээ илүү үндэсний хэмжээний бодлого боловсруулах чиг үүрэг бүхий хөнгөн, уян хатан, цахимжсан бүтэц рүү шилжих бүтцийн өөрчлөлтийг хийх нь цаг үеийн шаардлага болоод байна.

5% Цаасан дээрх шинэчлэл Хууль батлах
95% Бодит хэрэгжилт Хамгаалах, хэрэгжүүлэх урт хугацааны хүчин чармайлт

Хууль батлах нь амархан байж болох ч, хууль сахиж, системээ эрүүлжүүлэх нь Монголын ардчилал амьд үлдэх цорын ганц зам юм. Жон Мэнадюгийн хэлсэнчлэн бид цаасан дээрх 5 хувийн шинэчлэл буюу хууль батлах ажлыг түүхэндээ олон удаа амжилттай хийж ирсэн ч, одоо үлдсэн 95 хувийн нөр их хүчин чармайлт, урт хугацааны тэмцлийг амьдрал дээр бодитоор хамгаалж хэрэгжүүлэх үү, эсвэл лоббичдын шахалтаар ухралт хийх үү гэдгийг шийдэх хамгийн хариуцлагатай цаг үе дээрээ ирээд байна.

Хууль батлах нь амархан байж болох ч, хууль сахиж, системээ эрүүлжүүлэх нь Монголын ардчилал амьд үлдэх цорын ганц зам юм.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment