Төсвийн хэмжээнээс институцийн чанар руу: Дүрэм, стратеги, хариуцлагын сорилт
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, 2026 оны 6-р сарын 25-ны өдөр Policy 2.0 хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төсвийг зөвхөн орлого, зарлагын мөнгөн дүнгээр бус, бодлого, дүрэм, байгууллага, хариуцлага, хэрэгжилтийн цогц тогтолцоо буюу төсвийн институцийн өнцгөөс тайлбарлав.
Лекц нь түүний 2010–2023 оны нөхцөл байдлыг хамруулсан докторын судалгааны үндсэн үр дүнд тулгуурлахын зэрэгцээ өнөөгийн төсвийн тогтвортой байдлын асуудал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэчлэгдсэн чиг үүрэгтэй холбон тайлбарласнаараа онцлог байлаа.
Улсын төсөв жил бүр томорч, зарцуулах мөнгө нэмэгдэж байхад иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ? Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хэдэн төгрөг зарцуулсныг тоолж чаддаг ч тэр мөнгөөр ядуурлыг хэр бууруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хэр сайжруулсныг адилхан тодорхой хэлж чадаж байна уу?
Энэ асуулт төсвийг зөвхөн мөнгөн дүнгээр бус, үр дүн болон түүнийг бий болгох тогтолцоогоор харах шаардлагыг үүсгэнэ.
Монгол Улсад төсвийн ил тод байдал, хариуцлага, үр дүнгийн тухай асуудал олон жил яригдаж, хууль тогтоомж ч тогтмол шинэчлэгдсэн. Гэвч бодит өөрчлөлт яагаад хангалтгүй хэвээр байна вэ? Үүний шалтгааныг зөвхөн мөнгөний хүрэлцээ, эдийн засгийн тооцооллоос хайх боломжгүй.
Төсвийг хэн, ямар дүрмээр шийддэг, тэр дүрэм бодит амьдралд хэрхэн хэрэгждэг, байгууллагууд хоорондоо хэрхэн уялддагийг хамтад нь харах шаардлагатай.
Зарцуулалт уу, үр дүн үү?
Төсвийг орлого, зарлагын мөнгөн дүнгээр төсөөлөх нь түгээмэл. Гэвч төсөв бол төрийн чиг үүргийг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн зорилгод хүрэх нөөцийн хуваарилалт юм. Энэ өнцгөөс харвал төрийн байгууллагуудын зардлыг бүрэн санхүүжүүлсэн нь төсвийн эцсийн амжилт болж чадахгүй. Төр тухайн мөнгөөр иргэдийн төлөө юу хийж, ямар үр дүнд хүрснээ тайлбарлах ёстой.
Төсвийн бодлого, мөнгөний бодлого өөр өөр хэрэгсэлтэй боловч нийгэм, эдийн засгийн нийтлэг зорилгод чиглэдэг. Ажилгүйдэл бага байх, иргэдийн орлого нэмэгдэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ сайжрах, аюулгүй орчин бүрдэх зэрэг өөрчлөлт нь бодлогын утга учрыг илэрхийлнэ. Иймээс төсвийг үнэлэхдээ зарлагын өсөлт, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг иргэдийн амьдралын чанарт гарсан өөрчлөлттэй холбон харах шаардлагатай.
Монгол Улсын асуудлыг дан ганц нөөцийн хомсдолоор тайлбарлахад улам бүр бэрх болж байна. Төсвийн зарлага өсөж, хууль эрх зүйн шинэчлэлүүд хийгдсэн ч нийгмийн суурь асуудлууд бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Энэ нь гарсан ахиц дэвшлийг үгүйсгэж буй хэрэг биш. Харин зарцуулсан нөөцтэй харьцуулахад бий болсон үр дүн хангалттай юу гэсэн асуултыг тавьж байгаа юм.
14 жилийн дотор төсвийн зарлага мөнгөн дүнгээр 7.29 дахин өссөн.
Тухайн хугацааны нийт төсвийн алдагдал 17.8 их наяд төгрөгт хүрсэн.
Зөвхөн “төсвөө зарцуулсан уу?” гэж бус энэ нөөцөөр нийгмийн ямар асуудлыг шийдсэн бэ гэж асуух зайлшгүй шаардлагатай.
Төсвийн зарлагын хэмжээ ба бүтэц
Эндээс төсвийн судалгааны гол анхаарал мөнгөний хэмжээнээс түүнийг бодит үр дүн болгох чадвар руу шилжинэ. Хөрөнгө мөнгө байлаа ч зөв асуудлыг сонгох, нөөцийг оновчтой хуваарилах, бодлогоо хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг хянах тогтолцоо ажиллахгүй бол зорилго биелэхгүй.
Тиймээс төсвийн асуудал нь зөвхөн санхүүгийн асуудал биш. Энэ нь мөн удирдлага, засаглал, дүрэм, хариуцлагын асуудал юм. Энэ утгаараа төсвийн институци гэх чухал ойлголтыг авч үзэхээс өөр аргагүй.
Төсвийн институц гэж юу вэ?
Институцийг нэг байгууллагын нэр, бүтэцтэй адилтган ойлгож болохгүй. Институци гэдэг нь хүмүүс, байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлдэг дүрэм, хэм хэмжээ, харилцааны тогтолцоо юм.
Төсөвт энэ ойлголтыг буулгавал хэн төсөв боловсруулах, хэн батлах, нийт зарлага болон өрөнд ямар хязгаар үйлчлэх, хэн хяналт тавих, ямар мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгах, шийдвэр гаргагчид хэрхэн хариуцлага хүлээх зэрэг харилцаа багтана.
Тогтвортой, ойлгомжтой дүрэм нь шийдвэр гаргалтын тодорхойгүй байдлыг бууруулдаг. Харин хууль байнга өөрчлөгддөг, дүрэм хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, ижил нөхцөлд ялгаатай шийдвэр гардаг бол иргэн, бизнес, төрийн байгууллагын аль алинд нэмэлт зардал, эрсдэл бий болно.
Төсвийн институцийг албан ба албан бус гэж ялгаж болно. Албан институцид хууль, дүрэм, эрх хэмжээ, төсвийн тогтоосон процесс багтана. Албан бус институцид бичигдээгүй хэм хэмжээ, зан үйл, тогтсон практик, нөлөөллийн харилцаа орно.
Албан институци
Хууль, дүрэм, эрх хэмжээ, төсвийн тогтоосон процесс.
Албан бус институци
Бичигдээгүй хэм хэмжээ, зан үйл, тогтсон практик, нөлөөллийн харилцаа.
Хуульд нэг зүйл заасан ч бодит амьдрал дээр шийдвэр өөр зарчмаар гарч байвал зөвхөн хуулийн текстийг хараад институцийн чанарыг тодорхойлох боломжгүй.
Тиймээс хуульд юу гэж заасан бэ гэдгийг бодит байдал дээр яаж хэрэгжиж байна вэ гэдэгтэй хамтад нь үнэлэх шаардлагатай.
Төсвийн институцийг үнэлэх хоёр хүрээ
тохиролцоо
Доктор Ж.Дэлгэрсайхан өөрийн судалгааны ажилдаа 2010–2023 оны Монгол Улсын төсвийн институцийг шинжлэхдээ энэ ялгааг гол болгосон. Нэг талаас төсвийн үйл явц дахь шаталсан удирдлага, дүрэм, хяналт, ил тод байдал зэрэг шинжийг, нөгөө талаас төсвийн институцийн 12 бүрэлдэхүүнийг үнэлсэн байна.
Ингэхдээ зөвхөн хууль байгаа эсэхийг бус, түүний бодит хэрэгжилтийг мөн авч үзжээ. Энэ нь Монгол Улсын төсвийн асуудлын мөн чанарыг ойлгоход чухал ялгаа юм. Сайн хуультай байх болон сайн институцтэй байх нь ижил зүйл биш.
Сайн хуультай байх болон сайн институцтэй байх нь ижил зүйл биш.
Хууль сайжирсан ч хэрэгжилт яагаад хоцров?
Монгол Улсын төсвийн эрх зүйн орчин сул хөгжсөн гэж шууд дүгнэх боломжгүй. Эрх зүйн орчны үнэлгээний зургаан шалгуураас эрх мэдэл, тодорхой байдал, хариуцлага, ил тод байдал, тогтвортой байдал гэсэн таван үзүүлэлт хангалттай түвшинд нийцсэн бол нэгдмэл байдал сул үнэлэгдсэн.
Гэвч энэ нь хуульд юу туссаныг үнэлсэн дүн болохоос бодит хэрэгжилт сайн гэсэн үг биш. Төсвийн тогтвортой байдал, төсөв, өрийн удирдлага, хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой хуулиудын хүрээнд тогтолцоо бүрдүүлэх оролдлого идэвхтэй хийсээр байна.
Гэвч тогтоосон дүрмийг мөрдөх цаг болоход хойшлуулах, өөрчлөх явдал давтагдсаар ирлээ. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2010–2023 онд 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд өөрчлөлтийн дийлэнх нь төсвийн тусгай шаардлагатай холбоотой байжээ.
Төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдал
| д/д | Хуулийн нэр | Батлагдсан | Өөрчлөлт |
|---|---|---|---|
| 1 | Монгол Улсын Үндсэн Хууль | 1992-01-13 | 5 удаа |
| 2 | Төсвийн тухай | 2011-12-23 | 57 удаа |
| 3 | Төсвийн тогтвортой байдлын тухай | 2010-06-24 | 22 удаа |
| 4 | Өрийн удирдлагын тухай | 2015-02-18 | 9 удаа |
| 5 | Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай | 2020-05-07 | 5 удаа |
| 7 | Ирээдүйн өв сангийн тухай | 2016-02-05 | 5 удаа |
| 8 | УИХ-н тухай | 2020-05-07 | 12 удаа |
| 9 | УИХ-н чуулганы хуралдааны дэгийн тухай | 2020-05-13 | 6 удаа |
| 10 | УИХ-н хяналт шалгалтын тухай | 2021-12-24 | 1 удаа |
| 11 | Монгол Улсын ЗГ-н тухай хууль | 1993-05-06 | 84 удаа |
| 12 | Засгийн газрын тусгай сангийн тухай | 2019-11-13 | 11 удаа |
Төсвийн дүрмийн гол зорилго нь алдагдал, өр, зарлагын огцом тэлэлтэд хязгаар тавьж, богино хугацааны улс төрийн шийдвэрээс үүсэх эрсдэлийг бууруулахад оршино. Гэвч тухайн хязгаарт багтахгүй болох бүрдээ дүрмээ өөрчилбөл хуульд заалт байгаа ч бодит хязгаарлалт ажиллахгүй.
Төсвийн тогтвортой байдал, өрийн удирдлага, хөгжлийн бодлоготой холбоотой эрх зүйн тогтолцоо бий болсон ч тогтоосон шаардлагыг мөрдөх үед хойшлуулах, өөрчлөх практик давтагдсан. Иймээс төсвийн дүрмийн чанарыг зөвхөн хэр сайн бичсэнээр нь бус хэр тогтвортой мөрдсөнөөр нь хэмжих шаардлагатай.
Төсвийн институцийн 12 бүрэлдэхүүний үнэлгээ
Сул
Макро таамаглал; эрсдэл; хараат бус байгууллага; зорилт ба дүрмүүд; дунд хугацааны удирдамж; УИХ-ын хязгаарлалт; сахилга бат.
Дундаж
Нэгтгэл; шаталсан төсөв; гүйцэтгэлд суурилсан төсөв.
Хүчтэй
Тайлагнал; Засгийн газар хоорондын зохицуулалт.
Институцийн 12 бүрэлдэхүүний үнэлгээгээр 7 нь сул, 3 нь дундаж, 2 нь хүчтэй гэж ангилагдсан. Сул үнэлгээтэй долоон бүрэлдэхүүнд макро эдийн засгийн таамаглал, төсвийн эрсдэл, хараат бус байгууллага, төсвийн зорилт ба дүрмүүд, дунд хугацааны төсвийн удирдамж, УИХ-ын төсөв батлах үеийн хязгаарлалт, төсвийн сахилга бат багтжээ.
Харин тайлагнал болон засаг захиргааны түвшин хоорондын зохицуулалт харьцангуй хүчтэй үнэлэгдсэн байна. Нэгдсэн үнэлгээгээр эхний аргачлал 4 онооноос 2.57 буюу боломжит онооны 64.1 хувь, хоёр дахь аргачлал 2 онооноос 0.97 буюу 48.7 хувьтай гарчээ.
Дунд хугацааны төлөвлөлт жилийн төсөвт хязгаар болж чадахгүй байна
Дунд хугацааны төсвийн хүрээ нь хэдэн жилийн орлого, зарлага, эдийн засгийн нөхцөлийг урьдчилан харж, жилийн төсвийг түүний хүрээнд төлөвлөх зориулалттай.
Урт хугацааны хөгжлийн зорилго нь дунд хугацааны төсвийн бодлогод тусаж, улмаар жилийн төсвийн шийдвэрт чиглэл, хязгаар өгөх учиртай. Харин эхлээд жилийн зарлагаа шийдэж, дараа нь түүндээ тааруулан дунд хугацааны хүрээг өөрчилбөл төлөвлөлтийн үндсэн логик алдагдана.
Ингэснээр дунд хугацааны бодлого ирээдүйн шийдвэрийг чиглүүлэх бус, аль хэдийн гаргасан шийдвэрийг зөвтгөх хэрэгсэл болж хувирна.
Макро эдийн засгийн таамаглалын зөрүү энэ асуудлыг улам тод харуулдаг.
Төлөвлөлт, таамаглалын дундаж өөрчлөлт
Тухайлбал 2015 оны эдийн засгийн өсөлтийг 10.2 хувь гэж төсөөлсөн боловч бодит гүйцэтгэл 2.5 хувь байсан буюу 7.7 нэгж хувийн зөрүү гарчээ. Орлогын суурь таамаглал ийм хэмжээгээр зөрвөл төсвийн зарлага, алдагдал, өрийн тооцоо ч дагаад өөрчлөгдөнө.
Тогтвортой байдал гэдэг нь цохилт ирэхэд дүрмээ өөрчлөх бус, бэлтгэлтэй байхыг хэлнэ
Монголын эдийн засаг түүхий эдийн үнэ, гадаад зах зээл, геополитикийн нөхцөлд өндөр мэдрэмжтэй. Гэхдээ гаднын шок бүрийг төсвийн дүрмээ өөрчлөх шалтгаан болгох нь эмзэг байдлыг шийдэхгүй.
Тогтвортой төсөв гэдэг нь таатай үед бүх нэмэгдсэн орлогоо зарцуулах бус, дараагийн таагүй нөхцөлд ашиглах боломжтой нөөц бүрдүүлэхийг хэлнэ. Энэ нь мөчлөг сөрсөн төсвийн бодлогын үндсэн логик юм.
Эрсдэлийг баримт бичигт жагсаах нь хангалтгүй. Тухайн эрсдэл үүсвэл ямар бодлого хэрэгжүүлэх, ямар нөөц ашиглах, төсөв хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай. Монгол Улсын төсөвт тулгарч буй эрсдэлийг гурван түвшинд нэгтгэн харж болно.
Улс төрийн эрсдэл
Богино хугацааны улс төрийн ашиг сонирхол төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг шахаж болно.
Эрх зүйн орчны тогтворгүй байдал
Нөхцөлдөө тааруулан дүрмээ өөрчилдөг бол төсвийн хязгаар, сахилга бодит утгаа алдана.
Эдийн засгийн савлагаа
Уул уурхай, түүхий эдийн экспортод хамааралтай эдийн засгийн хувьд гадаад орчны өөрчлөлт төсөвт хүчтэй нөлөөлнө.
Эдгээр нь тусдаа асуудал биш. Улс төрийн шийдвэр дүрмийг сулруулж, эрх зүйн орчныг тогтворгүй болгох тусам гадаад эдийн засгийн цохилтыг даах чадвар мөн буурна.
Иймээс төсвийн институцийн шинэчлэл нь зөвхөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил биш. Дүрэм тогтвортой мөрдөгдөх, мэргэжлийн байгууллагууд чиг үүргээ хэрэгжүүлэх, шийдвэр гаргагчид тайлбар өгч хариуцлага хүлээх, хараат бус байгууллага бодитой хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх тухай асуудал юм.
Тогтвортой байдал гэдэг нь цохилт ирэх бүрт дүрмээ өөрчлөх бус, цохилт ирэхээс өмнө бэлтгэлтэй байх тухай юм.
Нэгдсэн төлөвлөлтөөс үр дүнгийн тайлагнал хүртэл
Төсөв нь төрийн байгууллагуудын хүсэлтийн нийлбэр байж болохгүй. Боловсролын салбарт сургууль, эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, бусад салбарт дэд бүтэц хэрэгтэй байж болно. Гэхдээ бүх хэрэгцээг зэрэг санхүүжүүлэх боломжгүй.
Тиймээс улсын хэмжээнд хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдэх, ямар үр дүнд хүрэх, түүнд хэдий хэмжээний нөөц зориулах вэ гэдгийг эхэлж тогтоох шаардлагатай. Энэ бол дээрээс доош чиглэсэн төсөвлөлтийн үндсэн утга.
Нийт боломжит нөөцөөс салбарын төсөв хүртэл
Улсын нийт орлого, зарлага, алдагдал, өрийн боломжит хязгаарыг тодорхойлсны дараа үндэсний бодлогын тэргүүлэх чиглэлүүдэд нөөцийг хуваарилж, салбарын төсөв, хөтөлбөр, төслүүдийг энэ хүрээнд төлөвлөх учиртай.
Зөвхөн салбар бүрт мөнгөн дүнгийн дээд хязгаар хүргүүлэх нь хангалтгүй. Тухайлбал боловсролын салбарт хэдэн төгрөг зарцуулахыг хэлэхийн зэрэгцээ тэр мөнгөөр ямар асуудлыг шийдэж, ямар өөрчлөлт бий болгохыг тодорхой болгох шаардлагатай.
Энд макро эдийн засгийн таамаглал шийдвэрлэх үүрэгтэй. Эдийн засгийн өсөлт, инфляц, түүхий эдийн үнэ зэрэг суурь үзүүлэлтийг хэт өөдрөгөөр тооцвол төсвийн орлого мөн хэтрүүлэн төлөвлөгдөнө.
Тэр орлогод тулгуурласан зарлага бодит орлого тасрахад төсвийн алдагдал, өрийн дарамтыг нэмэгдүүлнэ.
Төсвийн суурь тооцоонд нөлөөлөх үзүүлэлтүүд
Иймээс төсвийн төлөвлөлт нь зөвхөн нэг хамгийн боломжит таамаглалд тулгуурлах бус, эдийн засгийн нөхцөл таамагласнаас өөрөөр өөрчлөгдвөл төсөвт ямар нөлөө үзүүлэхийг тооцсон хувилбар, мэдрэмжийн шинжилгээтэй байх шаардлагатай.
Төлөвлөлтийн энэ логик тайлагналын үед мөн үргэлжлэх ёстой.
Монгол Улсын төсвийн тайлагнал институцийн үнэлгээнд харьцангуй сайн гарсан. Гэвч мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхээс гадна тэр зарцуулалт ямар үр дүн авчирсан бэ гэдгийг тайлагнах шаардлага хэвээр байна.
Олон мянган төсөл, арга хэмжээ тус бүр гүйцэтгэлтэй байлаа гээд нийтдээ боловсролын чанар сайжирсан, иргэдийн эрүүл мэнд дээшилсэн, ядуурал буурсан гэсэн үг биш.
Зарцуулах хэмжээнээс бодит өөрчлөлт рүү
Төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг шалгана.
Нийгэм, эдийн засагт бий болсон үр дүнг хэмжинэ.
Үр дүнд чиглэсэн төсөв нь зөвхөн тайлангийн үзүүлэлтийг өөрчлөх тухай ойлголт биш. Юуны өмнө шийдвэрлэх асуудлаа зөв тодорхойлж, түүнд хүрэх бодитой зорилго тавих шаардлагатай. Дараа нь нөөцийг тухайн зорилгод нийцүүлэн хуваарилж, сонгосон арга хэмжээг үр ашигтай хэрэгжүүлнэ.
Харин эцэст нь хэдэн ажил хийснийг бус, тэдгээрийн үр дүнд нийгэм, эдийн засагт ямар бодит өөрчлөлт гарсныг хэмжих ёстой. Төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын аль нэг нь энэ уялдаанаас тасарвал төсвийн систем бүхэлдээ үр дүнгээ алдана.
Төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналын аль нэг нь энэ уялдаанаас тасарвал төсвийн систем бүхэлдээ үр дүнгээ алдана.
Шинэчлэлийг хэн, яаж хэрэгжүүлэх вэ?
Төсвийн стратегитай болох, дүрмээ тогтвортой мөрдөх, макро таамаглалаа сайжруулах, хяналтыг бэхжүүлэх тухай зөвлөмж гаргахад харьцангуй амархан. Харин түүнийг хэн бодитоор хэрэгжүүлэх вэ гэдэг нь институцийн шинэчлэлийн хамгийн хүнд асуултын нэг.
Сайн хууль, дүрэм өөрөө хэрэгждэггүй. Тэдгээрийг мөрдөх мэргэжлийн төрийн алба, шийдвэр гаргагчдын хариуцлага, нийтийн эрх ашгийг хамгаалах соёл шаардлагатай.
Чадахуйн зарчимд суурилсан төрийн алба, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, бодлогын залгамж чанар сул бол хамгийн сайн боловсруулсан тогтолцоо ч цаасан дээр үлдэх эрсдэлтэй.
Энэ асуудал улс төрийн намуудын төлөвшил, төрийн хүний нөөцийн бодлоготой шууд холбоотой. Төрд ямар хүмүүс сонгогдож, томилогддог, бодлогын шийдвэрийг ямар шалгуураар гаргадаг, төсвийн дүрэм улс төрийн богино хугацааны зорилгоос дээгүүр үйлчилж чаддаг эсэх нь төсвийн институцийн чанарыг тодорхойлно.
Хараат бус хяналт яагаад хэрэгтэй вэ?
Төсвийн шийдвэрт Засгийн газар болон УИХ-аас гадна мэргэжлийн хараат бус хяналтын институц оролцох нь төсвийн сахилга, хариуцлагыг бэхжүүлэх нэг механизм юм.
Төсвийн институцийн нэг чухал бүрэлдэхүүн нь хараат бус төсвийн байгууллага юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үүрэг нь дахин нэг байгууллага нэмэхэд бус, төсвийн бодлого, макро таамаглал, төсвийн дүрмийн хэрэгжилтэд хараат бус мэргэжлийн үнэлгээ өгөхөд оршино.
Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг 2018–2024 онд байнгын бус, есөн гишүүнтэй зөвлөл хэлбэрээр ажиллаж, жилийн төсөв, төсвийн хуульд оруулах өөрчлөлт болон хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт хараат бус санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байв.
Төсвийн хяналт зөвхөн төсөв батлагдсаны дараах аудит биш. Үүнийг гурван үе шаттай тасралтгүй цикл гэж үзэж болно.
Батлахаас өмнө → Хэрэгжилтийн явцад → Гүйцэтгэлийн дараа
Ex-ante
Батлахаас өмнөх хяналтТөсвийн төсөл, макро эдийн засгийн таамаглал, төсвийн дүрмийн нийцлийг шалгана.
In-year
Хэрэгжилтийн явцын хяналтУлирал, хагас жилийн гүйцэтгэл, төсвийн тодотгол, санхүүгийн сахилга батыг хянана.
Ex-post
Гүйцэтгэлийн дараах хяналтАудит, тайлагнал, хариуцлагын асуудлыг хамарна.
ТТБЗ-ийн чиг үүрэгт ДХТХМ боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төсвийн төлөвийн таамаглал боловсруулах, тухайн жилийн төсөв болон тодотголын төсөлд дүгнэлт гаргах, төсвийн гүйцэтгэл, тогтвортой байдал, эрсдэлийн талаар шинжилгээ хийх зэрэг чиглэл багтсан.
Хяналт ба шинжилгээний үндсэн чиглэл
ДХТХМ боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төсвийн төлөвийн таамаглал.
Тухайн жилийн төсөв болон төсвийн тодотголын төсөлд дүгнэлт гаргах.
Төсвийн гүйцэтгэл, тогтвортой байдал, эрсдэлийн талаар шинжилгээ хийх.
Хараат бус байдлыг зөвхөн хуулиар “хараат бус” гэж нэрлэснээр бий болгохгүй. Байгууллагын эрх зүйн хамгаалалт, мэргэжлийн чадавх, тэнд ажиллаж буй хүмүүсийн ёс зүй, мэргэжлийн байр сууриа хамгаалах чадвар хамтад нь шаардлагатай.
Зөвхөн хуулийн нэршил хангалтгүй
Мөн хараат бус байгууллагын таамаглал, дүгнэлт, зөвлөмж бодит шийдвэрт нөлөөлөхгүй бол институцийн үүрэг формаль хэвээр үлдэнэ. Харин шийдвэр гаргагчид түүний дүгнэлтийг ашиглах, зөрсөн тохиолдолд үндэслэлээ тайлбарлах тогтолцоо бүрдвэл төсвийн бодлогын хариуцлага нэмэгдэнэ.
Хараат бус байгууллагын шинжилгээ бодит шийдвэрээс тасарсан хэвээр үлдэнэ.
Хяналтын үр дүн шийдвэр гаргалтын хариуцлагатай бодитоор холбогдоно.
Хараат бус хяналтын институцийн үнэ цэнэ нь зөвхөн дүгнэлт гаргахад бус, тэр дүгнэлт бодит шийдвэр, тайлбар, хариуцлагатай холбогдоход оршино.
Төсвийн хэмжээнээс төсвийн чанар руу
Монгол Улсын төсвийн асуудлыг зөвхөн зарцуулах мөнгөний хэмжээгээр ойлговол төсвийн шинэчлэл дахин тооны өөрчлөлтөөр хязгаарлагдана.
Хэдийг зарцуулах вэ?
Төсвийг зөвхөн зарцуулах мөнгөний хэмжээгээр харах.
Ямар асуудлыг шийдэх вэ?
Зарцуулсан нөөц иргэдийн амьдралд ямар өөрчлөлт бий болгосныг харах.
Төсвийн зорилго нь хэдэн их наяд төгрөг зарцуулах бус, тэр мөнгөөр нийгэм, эдийн засгийн ямар асуудлыг шийдэж, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт бий болгох явдал юм.
Үүнд хүрэхийн тулд сайн хууль хангалтгүй. Дүрэм тогтвортой мөрдөгдөх, дунд хугацааны төлөвлөлт жилийн төсөвт бодит хязгаар болох, макро таамаглал найдвартай байх, эрсдэлийг урьдчилан тооцох, төсвийг нэгдсэн бодлогоор төлөвлөх, үр дүнг тайлагнах, хараат бус хяналтыг бодитоор ажиллуулах шаардлагатай.
Сайн хууль бодит институци болохын тулд
Жилийн төсөвт бодит хязгаар болох
Гэхдээ эдгээр тогтолцоо өөрөө ажиллахгүй. Улс төрийн хүсэл эрмэлзэл, мэргэжлийн төрийн алба, хариуцлага, институцийн соёл нь хуулийн заалтыг өдөр тутмын бодит үйл ажиллагаа болгоно.
Тогтолцоог ажиллуулах дөрвөн нөхцөл
Төсвийн шинэчлэлийн гол асуудал нь зөвхөн хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ гэдэгт бус, тэр нөөцийг ямар тогтолцоогоор бодит үр дүн болгон хувиргах вэ гэдэгт оршино.
0 Comments