Ном ба туршлага, нухацтай сэтгэлгээ

Улсын төсөв жил бүр томорч, зарцуулах мөнгө нэмэгдэж байхад иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарч байна вэ? Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ хэдэн төгрөг зарцуулсныг тоолж чаддаг ч тэр мөнгөөр ядуурлыг хэр бууруулж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хэр сайжруулсныг адилхан тодорхой хэлж чадаж байна уу?

Нийтэлсэн: admin

|

September 10, 2026

|

1 мин унших

|

24 үзэлт

|

Бичсэн: С.Өнөр
Редактор: Б.Пунцаг
2024 оны 10-р сарын 31 · 2026 оны 9-р сарын 10 нэмэлт удиртгал оруулав

Нухацтай сэтгэлгээ нь мэдээллийн орцыг сэтгэн бодож, улмаар зохистой илэрхийлэх (гарц болгох) тухай билээ. Тэгвэл орцыг хэрхэн хүлээж авдаг вэ? Зарим хүмүүс туршлагаар, зарим номоор, зарим цэвэр хийсвэрлэлээр олж авч болно. Аль нь ач холбогдолтой вэ? Ихэвчлэн хүмүүс туршлагыг чухалчлан авч үздэг. Гэсэн ч, туршлагад хязгаар бий.

01

Бодит туршлага яагаад хангалтгүй вэ?

Бодит туршлагыг орлох зүйл үгүй. Мянга сонсохоор, нэг үз гэдэг үг ч бий. Гэхдээ энэ үгийг сайн номын үнэ цэнийг унагах, ач холбогдлыг бууруулах зорилгоор ашиглаад эхэлбэл буруудна. Тухайлбал “Жор үзсэн эмчээс, зовлон үзсэн чавганц дээр” гэх үгийг багахан өөрчлөөд “тэр чавганц жор ч үзэж, зовлонг ч туулсан бол бүр илүү байх биш үү?” гэх асуултаар хариу баримаар. Туршлага яагаад заримдаа хангалтгүй тухай дэлгэрүүлэн тайлбарлая.

02

Туршлагын гурван хязгаар

1

Хүний авах туршлага хязгаарлагдмал

Нэгдүгээрт хүний авах туршлага хязгаарлагдмал. Туршлагыг зөвхөн тухайн цаг үе, орон зай эсвэл өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаас л авах боломжтой. Гэтэл залуу хүний ухамсарт амьдрал үсрээд л 20 жилээр хэмжигдэнэ. Тохиох боломжтой зүйлс ч хязгаарлагдмал, мөн хүн хүнээс хамаарч харилцан адилгүй билээ.

2

Туршлагаа сонгох боломж хомс

Хоёрдугаарт, хүн авах туршлагаа сонгох боломж хомс. Аливаа нэг туршлага тохиох, тохиохгүйг дураараа шийдэх нь ховор. Хаана, ямар цаг үед төрөхөө хүн сонгож чадахгүй. Мөн цаашлаад хувь тавилангийн аз, эз хэрхэн гийхийг бид урьдаас мэдэх аргагүй юм.

3

Туршлагыг хүн бүр ижил хүлээн авдаггүй

Гуравдугаарт, туршлага тохиоход хэрхэн хүлээн авах нь хүн бүрд харилцан адилгүй. Суурь мэдлэг тааруу, юмны наад цаадхыг боддоггүй хүн тохиосон туршлагаас сургамж, ойлголт авахгүй нь элбэг. Бие нь өтлөвч, ухаан нь мунхаг.

Мэкка явсан илжиг бээр илжиг хэвээрээ үлдэнэ

Араб зүйр үг
03

Сайн ном туршлагын хязгаарыг нөхдөг

Сайн ном унших нь туршлагын энэ гурван сул талыг нөхөх ач холбогдолтой. Эрт цагаас олон үеийн турш шигшин бодсон санааг номоос олж авах боломжтой. Оюун санааны маш том өв хөрөнгө бидний өмнө дэлгээтэй байна.

Өрнө дахинаас Сократ, Сенека, Монтэнь нарын үлдээсэн маш өргөн, гүн гүнзгийг бодлын туршцаас эхлэн дорно дахинд Буддагийн гүн ухааны сургаалыг өнөө цагт хэн л гүйцэх билээ дээ? Эрт, эдүгээгийн мэргэд оюун санааны өгөөмөр сангаасаа огтхон ч харамлахгүйгээр өгөхөд бэлэн, интернэт рүү ороод л оюунаа ундаалах боломж нээгджээ.

Хязгаарлагдмал туршлагыг тэлж, өнгөрсөн рүү аялах, олон амьдралыг харьцуулах боломж гагцхүү номоос ундрах билээ. Тиймээс дугуйг дахин шинээр нээх хэрэг байна уу? Мэдээж хоосон ном уншаад суух биш, түүнийгээ эргэцүүлэх, хэлэлцэх тухай санаа энд агуулагдсаныг мартаж болохгүй.

04

Ном өөрөө хангалтгүй

Учир юу гэвэл ном унших нь биднийг аяндаа гүн ухаантан болгочихгүй. Сайн ном байхын сацуу саар бичсэн нь ч бий. Хүний л гараар бүтээгдэж буй тул гуйвуулсан, төөрүүлсэн нь ч бий. Эртний ба одоогийн мэргэдийн үг, сургаалыг “номд бичсэн бүхэн үнэн” хэмээн сохроор дагавал мэдлэг маань эргээд догма буюу хөшүүн үзэл болон хувирах аюултай.

Энэ үед л эхэнд дурдсан нухацтай сэтгэлгээний шүүлтүүр амин чухал ач холбогдолтой болж ирдэг.

Ном + Нухацтай сэтгэлгээ

Нухацтай сэтгэлгээ нь номоос олж авсан мэдээллээ бодит амьдралын туршлагатай тулгаж, цаг үе, орон зай, нөхцөл байдлын онцлогт тохируулан харьцуулан эргэцүүлэх дадлыг суулгадаг.

Товчхондоо, ном бидэнд сэтгэх хэрэглэгдэхүүн өгдөг бол нухацтай сэтгэлгээ түүнийг амилуулж, бодит амьдрал дээр баталгаажсан жинхэнэ хэрэгцээт ухаан болгон хувиргадаг билээ.

05

Ном туршлагын чанарыг сайжруулдаг

Цаашлаад ямар ном уншихаас хамааран аль туршлага олж авахаа сонгож болдог. Хүмүүсийн намтар, улс үндэстний түүхийг харж өөрийн амьдрал болон амьдран буй нийгмийнхээ тухай бодолхийлмээр байна уу? Гүн ухааны эргэцүүлэл хармаар байна уу? Хүний баялаг амьдрал, дотоод ертөнцийг нээсэн уран зохиол ч бас сайн багш болох билээ.

Чингэж номоос олж авсан зүйлс бодит туршлагыг гүйцэхгүй ч гэлээ, бодит туршлага тохиоход зүгээр нэг хар муйхраар хүлээн авах бус, наануу цаануутай харьцуулах боломж бүрддэг.

Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор

Монгол зүйр үг

Үндсэндээ ном сайн уншсан байх нь туршлагын чанарыг эрс сайжруулдаг. Тиймээс туршлага авах нэрийдлээр ном уншихаа зогсоож болохгүй.

Сайн туршлага, сайн ном ерөнхий мэдлэг, ухааныг тэлдэг. Ерөнхий мэдлэг өргөнтэй байх нь нухацтай сэтгэхэд, бүр цаашлаад бүтээлчээр сэтгэхэд маш том суурь, дэмжлэг болдог билээ.

Энэ нийтлэлд

0 Comments

Submit a Comment