Саяхан Монгол Улсын томоохон намын даргад нэр дэвшигч “Би боловсролгүй. Гэхдээ…” гэсэн урт бичвэр сошиал орчинд түгэж, маргаан дагууллаа. Тэрээр бага насныхаа бэрхшээл, чин сэтгэлээсээ ажилладгаа хуваалцан, намын төлөө үнэнчээр зүтгэнэ гэжээ. Зарим нь энэрэнгүй сэтгэлийг магтсан бол, бусад нь манлайлалд боловсрол чухал биш гэж үү гэж асуужээ.
Энэ үйл явдал өнөөгийн нийгмийн нэн чухал асуудлыг хөндөж байна: Манлайлалд юу чухал вэ — боловсрол уу, хүн чанар уу, эсвэл хоёулаа юу?
Боловсрол бол оюуны хүч, хүн чанар бол сэтгэлийн хүч юм.
Боловсрол бол зөвхөн диплом биш. Мэдээллийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, суурь хэрэгсэл. Манлайлагчид эдийн засаг, гадаад бодлого, технологийн төвөгтэй асуудалтай нүүр тулахад боловсрол гол зэвсэг болдог. Хичнээн сайхан сэтгэл, амьдралын ухаанаар асуудлыг шийдлээ гээд боловсрол, шинжлэх ухааны үндэслэлгүй бол их хэмжээний зардал, хор уршиг дагуулах эрсдэл өндөр.
Гэвч мэдлэг дангаараа хангалтгүй. Судалгаагаар өрөвч сайхан сэтгэл, чин шударга зан нь манлайллын амжилтыг тодорхойлдог гэжээ. Зарим судалгаанаас дурдвал:
- Өрөвч зантай удирдагчид нь хамтран ажиллагчдынхаа бодол, мэдрэмжийг ойлгодог тул илүү үр дүнтэй гүйцэтгэлтэй байдаг.
- Өрөвч сэтгэл нь багийн итгэлцэл, зөвлөгч харилцааг бэхжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлдэг.
- Байгууллагын удирдагч нь ёс суртахууны өндөр мэдрэмжтэй бол нийт хөрөнгийн өгөөж нь бусадтай харьцуулахад тав дахин өндөр байна.
Хувийн үнэт зүйл, ёс суртахуунгүй дээд боловсролын диплом хийрхэл төдий байх түгээмэл. Харин хүн чанартай, сайхан сэтгэлтэй ч мэдлэггүй бол сохроор шийдэх магадлал өндөр.
Зөвхөн аль нэгийг сонгох ёстой юу?
Боловсрол ба сайхан сэтгэлийг эсрэгцүүлэн тавих нь хамгийн том эндүүрэл. Аль нэг талд л орох ёстой мэтээр нийгмийн сүлжээнд хэт нэг талыг барьж бичсэн нийтлэл нийгмийг хүрээлэх гажуудалд (framing bias) автуулж буй хэрэг. Аль нэгийг сонгох албагүй. Жинхэнэ манлайлалд хоёулаа хэрэгтэй.
Нийгэмд мэдлэг боловсролгүй, сайхан сэтгэлтэй удирдагч хэрэггүй. Эсвэл өрөвдөх сэтгэлгүй, ухаантан удирдагч ч хэрэггүй. Боловсрол судлаачид орчин үеийн боловсролын системд мэдлэгийг хүн чанартай хамт заах нь дутагдаж байгааг тодотгон дүгнэжээ.
Өнөөгийн Монголын нийгэмд энэ мэтгэлцээн зөвхөн нэг нэр дэвшигчийн тухай биш юм. Бид нийгмээрээ манлайллыг хэрхэн ойлгож, ямар стандартаар үнэлж буйг илтгэнэ. “Зөвхөн чин сэтгэлийг хангалттай гэж үзэх үү, эсвэл тодорхой мэдлэг, ур чадвар, хүн чанарыг зэрэгцүүлэн шаардах уу? Хамгийн гол нь өрөвдөлтэй түүх нийтэлсэн болгонд итгэх үү?”
Боловсрол чухал. Сайхан сэтгэл чухал. Харин Монголын ирээдүй бол хоёуланг нь нэгтгэсэн манлайллаас хамаарна. Жинхэнэ сорилт нэгийг нь сонгох бус, оюун ухаан ба сэтгэлийг хамтад нь шаарддаг өндөр шалгуурыг тогтоох явдал юм.
Эх сурвалж:
-
https://www.ccl.org/articles/leading-effectively-articles/empathy-in-the-workplace-a-tool-for-effective-leadership
-
https://www.researchgate.net/publication/361952690_Empathy_in_Leadership_How_It_Enhances_Effectiveness
-
https://www.harvardbusiness.org/insight/the-case-for-leadership-character
-
https://www.adelaidenow.com.au/subscribe/news/1/sourceCode=AAWEB_WRE170_a&dest=https%3A%2F%2Fwww.adelaidenow.com.au%2Feducation%2Fschools-hub%2Fsecondary%2Fweve-forgotten-how-to-be-nice-education-expert-lucas-walsh-says-teaching-character-is-the-missing-link-in-aussie-schools%2Fnews-story%2Ff19998e7c2ab7efb9bbf77ba2ec3e903&memtype=anonymous&mode=premium&v21=HIGH-Segment-1-SCORE