Монголын уламжлалт боловсролын систем “цээжлэ, шалгалтаа өг, март” гэдэг гурвалсан эргүүлэгт амьдарсаар иржээ. Шүлэг цээжлэх, томьёо цээжлэх, түүхэн огноо цээжлэх —хүүхдийн авьяас чадварыг бус, ой тогтоолтыг шалгадаг тогтолцоо юм. Гэтэл XXI зуунд цээжлэхээс илүүтэйгээр дүн шинжилгээ хийх чадвар (analytical thinking) шаардлагатай болоод байна.
Боловсрол 2030 тайланд дурдсанаар “Өнөөгийн боловсрол зөвхөн мэдлэг дамжуулах биш, мэдлэгийг ашиглах, асуудал шийдэх, хамтран ажиллах, дүн шинжилгээ хийх ур чадварт суурилсан байх шаардлагатай”-г онцолжээ. (OECD, 2019)
Цээжлэх нь буруу биш, гэхдээ…
Гадаад хэл, математик, шинжлэх ухааны суурь ойлголтыг сурахад цээжлэх хэрэгтэй. Гэхдээ ойлгохгүйгээр цээжлээд л байвал аажимдаа сэтгэлгээг зогсоож, шинэ санаа гаргах чадварыг мохоодог.
Англи үг цээжиллээ гэж бодъё. “resilience” гэх үгийг мэдчихлээ. Гагцхүү хэзээ, яаж, ямар нөхцөлд хэрэглэх вэ, ер нь үгийн гарвал нь юу юм бэ, ямар логиктоор бүтсэн юм бэ гэдэг нь анализ буюу дүн шинжилгээний түвшний чадвар юм. Жишээлбэл үгийн язгуур, логикийг нь анзаарч чадвал resile (үйл үг), resiliency (нэр үг), resilient (тэмдэг нэр)-ийг ч хамтад ойлгох тухай юм.
Хэрхэн шинжлэх вэ?
Шинжилгээ гэдэг бол мэдээллийг задалж, утга учрыг нь ойлгох явдал юм. Үүнд:
- Асуулт тавих: “Яагаад ийм болов?”, “Өөрөөр яаж шийдэж болох вэ?”
- Харьцуулах: Нэг үзэгдлийг нөгөөтэй харьцуулж, ялгаатай болон төстэй талыг олж харах;
- Шалтгаан, үр дагаврыг ойлгох: Үйл явдлын дараалал, логикийг задалж сурах;
- Байр сууриа илэрхийлэх: Бусдын санааг хуулбарлах биш, өөрийн дүгнэлт хийх
Ажил олгогчдын 95% нь дүн шинжилгээ хийх, асуудал шийдэх, хамтран ажиллах чадвар нь мэргэжлийн дипломоос илүү үнэ цэнтэйг онцолжээ. Тиймээс дунд, дээд албан боловсролд зайлшгүй нухацтай сэтгэх, дүн шинжлэх чадварыг зайлшгүй олгох учиртай.
Нэгэн жишээ авъя. Төрийн бодлого, бизнесийн шийдвэрийн тухай сэтгүүлч, олон нийт санал бодлоо илэрхийлдэг. Энэ үед мэдээлэлд хандах хэв маяг нь дүгнэлтэд хүчтэй нөлөөлдөг. Зөвхөн нэг эх сурвалжаас мэдээлэл авч, түүнд итгэвэл ердөө цээжилж буйтай адил. Харин хэд хэдэн эх сурвлаж харж, харьцуулж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг нягталж байвал шинжлэн дүгнэсэнд тооцно.
“Нүүрсний экспорт буурчээ” гэсэн мэдээ сонсоод нухацтай сэтгэгч дараах асуултыг дэвшүүлнэ:
- Яагаад буурсан бэ?
- Хятадын эрэлт өөрчлөгдсөн үү, эсвэл Монголын экспортын бодлого уу?
- Урт хугацаанд ямар үр дагавартай вэ?
- Ямар салбараар энэ уналтыг нөхөх боломжтой вэ?
Ингэж нухацтай сэтгэх нь зөвхөн улс төр, эдийн засаг төдийгүй өдөр тутмын амьдралд ч хамаатай.
Цахим орчинд: Танил маань нэг нийтлэл хуваалцлаа. Би шууд хуваалцах уу, эсвэл эхлээд уншиж, эх сурвалжийг нь шалгаж, дүгнэлт хийж үзэх үү?
Ажил дээрээ: Ажлын гүйцэтгэл буурч байна. Би хэн нэгнийг буруутгах уу, эсвэл үйл явц, дотоод системийг шинжлэх үү?
Гэр бүлдээ: Хүүхдийн маань сурлага мууджээ. Шууд л шийтгэх үү, эсвэл шалтгааныг нь асууж, хамтдаа шийдэл хайх уу?
Яаж цээжлэхээс шинжилгээ рүү шилжих вэ?
Тогтолцоог нь тэр чигээр нь өөрчлөх хэцүү. Иймд эхлээд өөрсдийн өдөр тутмын шийдвэр гаргалтдаа дараах дадлыг хэрэгжүүлж, ерөнхий боловсролын сурагч, их сургуулийн оюутан дүү нартаа сайтар ойлгуулахыг зориорой.
- Асуулт тавих зуршилтай болох: “Энэ яагаад хэрэгтэй вэ?”, “Яагаад ингэж бодов?” гэх мэт асуултаар эхэл.
- Нэг эх сурвалжид хязгаарлагдахгүй байх: Мэдээллийг олон эх үүсвэрээс харьцуулж үз.
- Тайлбарлах, бусдад ойлгуулж сурах: Өөрөө ойлгож чадсан бол бусдад ойлгуулах гэж оролдох нь анализ хийх хамгийн үр дүнтэй арга. Ямар ч төвөгтэй ойлголтыг 8 настай хүүхдэд тайлбарлаж чадаж байвал та тухайн зүйлээ маш сайн ойлгожээ гэж тоооцож болно.
- Буруу зөвийн шүүлтүүрээс ангид байх: “Энэ зөв”, “энэ буруу” гэж шууд ангилахаас өмнө учир шалтгаан, баримт нотолгоо, логик уялдаа, дундын хувилбар зэргийг сайтар шинжлэх хэрэгтэй.
Дүгнэлт:
Ирээдүй маань зөвхөн мэдлэгийн хэмжээгээр шийдэгдэхгүй. Харин мэдлэгийг хэрхэн шинжлэх, хэрэглэх, асуулт тавихаас том ялгаа үүсдэг. Хүүхэд, том хүн, мэргэжилтэн гэлтгүй хэн бүхэн сэтгэлгээний түвшингээ цээжлэхээс дүгнэн шинжлэх түвшин рүү ахиулах ёстой.
Ирээдүйн Монголыг бүтээх гол хүчин зүйл бол нухацтай сэтгэж чаддаг иргэд юм. Харин үүний тулд цээжлэх бус дүн шинжилгээ хийх чадварт суралцахаас эхэлнэ.