НУХАЦТАЙ СЭТГЭЛГЭЭ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН
(Critical Thinking in the Age of AI)

“AI бүхнийг шийдвэл бид сэтгэхээ болих уу?”

Өнөөдөр ийм асуулт инээдтэй мэт санагдаж магадгүй. Гэхдээ хариулт нь огтхон ч инээдтэй биш. Хиймэл оюун ухаан (AI) бидний амьдрал, ажил, боловсрол, харилцаа гээд бүх зүйлд нэвтэрч, олон хүний өмнөөс “бодож”, “шийдвэр гаргаж” байна. Иймд хурдацтай технологийн дэвшил, шинэчлэл дунд бид нухацтай сэтгэх чадваргүй бол толгойгоо мэдүүлэх нь дамжиггүй. Нухацтай сэтгэж байж хиймэл оюун ухааныг илүү цаг хэмнэх, бүтээмжтэй суралцах, ажиллахад ашиглах боломжтой.

Нухацтай сэтгэлгээ гэж юу вэ?

Нухацтай сэтгэлгээ бол аливаа асуудлыг гүнзгий, хөндлөнгөөс, олон талаас нь авч үзэх чадвар юм. Энэ нь:

  • Эх сурвалжийг нягтлах
  • Логик алдаа, төөрөгдлөөс ангид байх
  • Хэл, найруулгын алдаагүй, цэгцтэй санаагаа илэрхийлэх
  • Нухацтай, гэхдээ бүтээлч хандлагатай байх оюуны сахилга бат юм.

MIT-ийн Компьютерийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухааны лаборатори (CSAIL)-ийн “Critical Thinking in the Age of AI” судалгааны тайланд “AI хэдий дэвшилтэт технологи ч хүний ухамсар, үнэт зүйл, зорилгыг ойлгохгүйгээр шийдвэр гаргах магадлалтай. Иймд хүний нухацтай сэтгэлгээ л энэ зөрүүг тэнцвэржүүлж чадна.” хэмээн дүгнэснийг энд тодруулах хэрэгтэй байх.

Хиймэл оюун чадна, гэхдээ ойлгохгүй

AI бидэнд мэдээлэл боловсруулж өгнө. AI бидний оронд бичнэ, зураг зурна, төлөвлөнө. Гэхдээ AI:

  • Хүн шиг утгыг ухамсарлаж чаддаггүй
  • Сэдэл, зорилгыг мэдэрч чаддаггүй
  • Ёс зүйн хариуцлага хүлээдэггүй.

Жишээ нь, AI танд мэдээ бичиж өгч болно. Гэвч тэр мэдээ хэний ашиг сонирхлыг илэрхийлж байгаа вэ, хэнийг үл тоомсорлосон бэ, яагаад ийм өнгө аяс сонгосон бэ гэдгийг хүн л ойлгож, асууж чадах ёстой.

Нухацтай сэтгэлгээ бол 21-р зууны дархлаа

Хэт их мэдээлэл, найдвартай байдал тодорхойгүй эх сурвалж, гүнзгийрэл дутмаг энэ цаг үед:

  • Цаг үеийн сэдвийг зөв ойлгох
  • AI‑ийн шийдлийг дүгнэх
  • Логик алдаа, төөрөгдөл ба хуурамч мэдээллээс ангид байх
  • Хариуцлагатай шийдвэр гаргах зэрэг чадварууд нь нухацтай сэтгэхийн гол үр дүн юм. AI таны өмнөөс эдгээрийг хийж чадахгүй.

Нухацтай сэтгэлгээний таван тулгуур

  1. Асуулт тавих чадвар: “Яагаад?” “Хэнд ашигтай вэ?” “Ямар нөхцөлд ийм үр дүн гарсан бэ?” гэх мэт асуулт бол таны оюуны хамгаалалт.
  2. Баримт шалгах дадал: AI‑ийн хэлсэн үг бүр үнэн биш. “Энэ ямар эх сурвалж вэ?”, “Энэ баримтыг юунаас үндэслэв?” гэх мэтээр шалгах.
  3. Ёс зүйн хариуцлага: AI шийдвэр гаргалаа гэж бодъё. Хэрвээ тэр шийдвэр хэн нэгний эрх ашигт сөргөөр нөлөөлбөл хэн хариуцах вэ?
  4. Олон талаас харах: AI нэг л алгоритмаар ажилладаг. Харин та эсрэг байр суурь, олон нийтийн сэтгэл зүй, хүний туршлага, соёлын ялгаа зэргийг уялдуулж сэтгэж чадна.
  5. Бүтээлч сэтгэлгээтэй хослох: AI өнгөрсөнд суурилсан өгөгдлөөр шийддэг. Харин хүн шинэ асуулт тавьж, урьд өмнө огт байгаагүй шийдэл гаргаж чаддаг.

Бид юу хийх хэрэгтэй вэ?

  • Сурагчдад логик сэтгэлгээ, аргументын бүтэц, мэдээлэл дүн шинжилгээ хийх чадвар заах
  • Компани, их сургуулиуд AI ашиглалттай холбоотой ёс зүй, хүний оюуны ялгаа, тэнцвэрт хандлагаар сургалт төлөвлөх
  • Байгууллагууд зөвхөн технологи биш, хүний шийдвэр гаргах процессийг дэмжих соёлыг бий болгох хэрэгтэй байна.

Эцэст нь, AI‑тай уралдах хэрэггүй. Харин:

  • AI-г шүүлтүүртэй, хянамгай хүлээн авах
  • AI-г ёс зүйтэй ашиглах
  • AI-г нөхөж чадах хүний сэтгэлгээгээ хөгжүүлэх гэсэн гурван чиглэлд анхаарах ёстой. Ингэснээр AI бидний оронд биш, бидэнтэй хамт сэтгэгч болж чадна.

Хиймэл оюун ухаан биднийг хэзээ ч өмнөөс маань ёс зүйтэй шийдвэр гаргаж, сэтгэл хөдлөл ойлгож, хүнлэг асуулт тавьж чадахгүй. Тиймээс бидний хөгжүүлэх ёстой чадвар бол зөвхөн программчлал биш, харин нухацтай сэтгэлгээ юм.

Эх сурвалжууд:
  • MIT CSAIL. Critical Thinking in the Age of AI
  • Paul, Richard & Elder, Linda. The Miniature Guide to Critical Thinking
  • Daniel Kahneman. Thinking, Fast and Slow
  • AI and the Futures of Learning (2021)