“Хэрхэн борлуулалтаа нэмэгдүүлэх вэ?” гэх асуултад хоёр мэргэжилтэн санал солилцож байв.
Батаа: Хүмүүсийн анхаарлыг татахуйц маркетинг хийе. AI ашигласан зураг бичлэг, сүүлийн үеийн тренд VR (virtual reality) ертөнцөөр бүтээгдэхүүнээ сурталчилъя.
Содоо: Бидний зорилтот хэрэглэгч хэн бэ? Одоогийн хэрэглэгчдийн мэдээллийг шинжвэл таны санаа оновчтой юу? Мөн санхүүгийн хувьд зардал, ашгийн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй гэж бодож байна.
Хоёул чухал санаа. Ялгаа нь сэтгэлгээний хэв маяг юм. Батаа бүтээлчээр сэтгэж байгаа бол Содоо нухацтай ханджээ. Эсрэг тэсрэг сэтгэлгээ мэт боловч нэг нэгнээ дэмждэг, хоорондоо эерэг хамааралтай ур чадвар юм. Онцлог болон уялдааг тайлбарлая.
Бүтээлч сэтгэлгээ нь:
Өвөрмөц, үнэ цэнтэй санаа дэвшүүлэх юм. Сониуч, нээлттэй байдал, хайрцагнаас гадуур сэтгэхэд суурилна. Уран бүтээлч, дизайнер төдийгүй энтрепренер, инженер, улс төрчид хүртэл шинэлэг шийдэл санал болгохын тулд бүтээлч сэтгэлгээг чухалчилдаг.
Юу байж болох вэ?” гэх асуултаас бүтээлчээр сэтгэж эхэлдэг.
Нухацтай сэтгэлгээ нь:
Мэдээллийг баримт ба логикт үндэслэн шинжлэх, үнэлэх, дүгнэх үйл явц юм. Тодорхой, оновчтой, хамааралтай байдлыг сонирхдог.
Зорилго нь алдаа мадаггүй, найдвартай шийдвэр гаргах юм.
“Үүний утга учир юу вэ? Яагаад?” гэх асуултад хариулт эрэх нь нухацтай сэтгэгчийн гол шинж юм.
21-р зууны хамгийн чухал ур чадвар (P21)-ын жагсаалтад нухацтай сэтгэлгээг бүтээлч сэтгэлгээний хамт асуудал шийдвэрлэхэд нэн чухлаар дурджээ.
Хэрхэн уялддаг вэ?
Боломжит бүх бүтээлч санаагаа буулгаад, дараа нь үнэлж, нэгийг сонгох шаардлага гарна. Иймд бүтээлч сэтгэлгээ нь нухацтай сэтгэх эхлэл болдог.
Зарим асуудалд бүтээлчээр сэтгэхгүй бол логиктой байгаад ч сонирхолгүй. Харин нухацтай сэтгэхгүй бол сэтгэл хөдөлгөм, өнгөлөг хэр нь найдваргүй, хэрэгжих боломжгүйд хүрэх эрсдэлтэй.
Гол ялгаа нь:
Эцэст нь дүгнэхэд, аль нэг сэтгэлгээ илүү чухал гэхээс илүү, хоёуланг нь хослуулан суралцах, ашиглахыг зөвлөе. Бүтээлч сэтгэлгээ нь далавч бол нухацтай сэтгэлгээгээр түүнийг нисгэдэг.