Хичээлийн сорил дээр Батаа бодлоо: “Энэ асуултад шууд A гэж хариулна. Өнгөрсөн долоо хоногийн хичээл дээр багш хэлж байсан.” Тэр өөртөө итгэлтэйгээр A-г сонгов. Гэтэл шалгалтын дараа ангийн найз нь “Үгүй ээ, багш B гэж хэлсэн шүү дээ” гэхэд Батаа “Үгүй байх аа. Би бүр сайн санаж байна” гэж ам бардам зүтгэв. Хожим багшаас лавлахад хариулт үнэхээр B байжээ.

Яагаад ийм итгэлтэй байж, буруу хариулсан юм бол? Батаа хэт итгэлтэй байх гажуудалд орсон хэрэг. Бид өдөр бүр иймэрхүү шийдвэр гаргадаг—зарим нь жижиг, зарим нь том. Цаад шалтгаан нь сэтгэл зүйд гүнд орших “гажуудал” хэмээх харагддаггүй хүчин зүйл юм.

Асуудлыг логик үндэслэлтэйгээр дэнслэхэд сэтгэл зүйн нөлөөгөөр бодох үйл явц гажуудахыг сэтгэхүйн гажуудал (cognitive bias) гэдэг.

Сэтгэл хөдлөлөөр шийдсэн зүйлдээ харамсах нь түгээмэл. Иймд оновчтой шийдвэр гаргахын тулд гажуудлаа таньж, нөлөөг бууруулах нь чухал. Энэхүү нийтлэлээр түгээмэл гажуудлыг жишээгээр тайлбарлая.

Үзэл бодлоо хамгаалах гажуудал

Батаа өдөрт 4 аяга кофе уудаг. Найз нь түүнд “Арай л их кофе уугаад байгаа юм биш үү? Биед муу шүү дээ” гэв. Тэр даруйд утсаа авч интернэтээс “Өдөрт 4 аяга кофе уух нь эрүүл мэндэд ямар давуу талтай вэ?” хэмээн хайв. Ямар давуу талтай вэ гэх маягаар шууд л өөрийгөө зөвтгөх мэдээлэл эрж буй нь үзэл бодлоо хамгаалах гажуудал (confirmation bias) юм.

Товчхондоо, хувийн итгэл үнэмшлийг нь няцаах баталгаа, мэдээллийг үл тоон зөвхөн бататгах мэдээлэлд л ач холбогдол өгөх хандлага юм. Хүмүүс харахыг хүссэнээ л хардаг гэдэг дээ.

Ямар үед нийтлэг тохиодог вэ?

  • Улс төр: Зөвхөн дэмждэг нам, улс төрчийнхөө мэдээллийг л сонсох;
  • Эрүүл мэнд: Хэрэглээгээ зөвтгөхийн тулд эрүүл мэндэд хэрэгтэй талыг нь л судлах;
  • Ажлын байр: Үзэл бодол нийлдэг хамтран ажиллагчдаараа санаагаа дэмжүүлэх, эсрэг байр суурьтай байж болохуйц хүмүүсийг үл тоох

Хэрхэн нөлөөг нь бууруулах вэ?

“Надтай санал нийлэхгүй хүн юу гэх байсан бол?” гэж эргэлз. Тэгээд интернэтээс, ойр дотнын хүмүүсээс тодруулаарай. Магадгүй ChatGPT-ээс эсрэг факт юу байх вэ, миний энэ гаргасан санааг сорь, няцаа гэж асууж ч болно.

Зангууны гажуудал

Шинэ пүүз худалдаж авахаар дэлгүүр оров. Хамгийн эхэнд таалагдсанаа хартал 700’000₮ байв. Өөр нэг сонирхсон гутлаа бариад үнийг нь харвал 350’000₮ байлаа. Хоёр дахин хямд тул шууд л худалдаж авна. Гэтэл яг ижил гутал зэргэлдээх дэлгүүрт хямд байсныг анзаарсангүй.

Зангууны гажуудал (anchoring bias) нь нэг (ихэвчлэн анх харсан) мэдээллийг л баримжаа болгож шийдвэр гаргах хандлага юм.

Ямар үед нийтлэг тохиодог вэ?

  • Дэлгүүр хэсэх: “Хямдраагүй үнэ”-ээс нь болж хямдарсан зүйл маш хямд санагдах;
  • Цалин тохирох: Ажил горилогчийн цалингийн хүлээлтэд үндэслэн санал болгох;
  • Үл хөдлөх хөрөнгө: Эхэлж үзсэн байрны үнэтэй дараагийн байраа шууд харьцуулах

Хэрхэн нөлөөг нь бууруулах вэ?

Шийдвэр гаргах гэж бүү яар. Баримжаа авсан үнэ, тоонд төдийгүй үнэ цэнд нь ач холбогдол өгч, олон талаас харьцуул.

Бэлэн байдлын гажуудал

Гэр бүлээрээ онгоцоор аялах болов. Шууд л саяхан мэдээгээр гаднын онгоц осолд орж, олон хүний амь эрсдсэн тухай гарч байсныг санаад айжээ. Гэтэл статистик үзүүлэлтээр онгоц нь хамгийн аюул бага, найдвартай тээврийн хэрэгсэл юм.

Дээрх жишээнд бэлэн байдлын гажуудал (availability bias)-д автжээ. Энэ нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж, ой тойнд тод үлдсэн мэдээллийн чухлын зэрэг эсвэл давтамжийг хэт өндрөөр төсөөлөх хандлага юм.

Ямар үед нийтлэг тохиодог вэ?

  • Хөрөнгө оруулах: Саяхан хувьцааны үнэ огцом буурснаас болж худалдан авахаас татгалзах;
  • Гэр бүл: Сошиал медиад хүний наймааны тухай нийтлэл уншаад хүүхдээ хэт хянах, цагдах;
  • Эрүүл мэнд: “Сахар муу” гэж сонсоод шууд л бүх төрлийн сахартай хүнснээс татгалзах

Хэрхэн нөлөөг нь бууруулах вэ?

Сүр бадруулалгүй статитик, тоон мэдээлэл давхар судал. Үнэхээр түгээмэл асуудал уу эсвэл хүндээр тусгаж аваад байна уу гэдгээ тодорхойлоорой.

Хэт итгэлтэй байх гажуудал

“Англи хэлдээ хэр сайн бэ?” гэхэд хүмүүсийн 80% нь “Дунджаас дээр” гэж хариулдаг байна. Гагцхүү дундаж нь хэр сайн, хэдэн хувь гэх статистикийг ихэнх нь мэддэггүй. Хэт итгэлтэй байх гажуудал (overconfidence bias) нь мэдлэг, чадвар, гүйцэтгэлээ бодит үнэлгээнээс илүүд үнэлэх хандлага юм.

Ямар үед нийтлэг тохиодог вэ?

  • Санхүү: Амархан мөнгө олоод эргээд төлчихнө гэж итгээд хэт их зээл авах;
  • Ажил, хичээл: “Угаасаа чаддаг юм чинь” гээд бэлдэхгүй байх;
  • Эрүүл мэнд: Хэдэн нийтлэл уншаад ойлгочихсон тул эмчийн зөвлөгөө хэрэггүй гэж үзэх

Хэрхэн нөлөөг нь бууруулах вэ?

Мэддэг, чаддаг ч даруу байж, мэдээллийг давхар шалгаарай.

Дүгнэлт

Ахуйн шийдвэрээс эхлээд хэнд саналаа өгөх, хэрхэн мөнгөө зарцуулах, хүүхдээ өсгөх, ажил дээрээ манлайлах гээд бүхий л шийдвэр гаргалтад гажуудал нөлөөлдөг. Гажуудал бүр муу гэсэн үг биш. Зүгээр л их энерги зарцуулахгүйгээр хурдан шийдвэр гаргах сэтгэхүйн товч зам юм. Гэвч шалгахгүй бол үр дүнд нь цаг, мөнгө, харилцаа болон өсөх боломжоо алдана.

Иймд эхний ээлжид хэрхэн бодож, шийдэлд хүрдэг үйл явцаа тодорхойлоорой. Ямар үед сэтгэл хөдлөлөөр хандаж байгааг анзаарч, нөлөөг нь бууруулахад анхаар. Ингэснээр өөрийгөө илүү ойлгож, оновчтой шийдвэр гаргаж сурна.