Нухацтай сэтгэгч болох нь нэг удаа сургалтад суух эсвэл ном уншаад болчихдог зүйл биш юм. Тархиа тогтмол дасгалжуулж байж сэтгэлгээгээ хөгжүүлнэ. Яг л спортоор хичээллэх эсвэл хөгжим тоглож сурахтай адил. Иймд нухацтай сэтгэгч болохоор зорьж байгаа бол суралцах явцаа тогтмол хянаж, урт хугацаанд тууштай хичээх хэрэгтэй.

Үүний тулд (1) бодох, сэтгэх үед асуудал байгаагаа хүлээн зөвшөөрөх, эргэлзэж эхлэх, дараа нь (2) тогтмол дасгал сургуулилт хийснээр сэтгэлгээгээ хөгжүүлж чадна.

Энэ нийтлэлээр бид нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлэх 9 аргыг хуваалцаж байна. Тус бүрийг дэлгэрүүлэн тайлбарлах болно.

  1. Цагийг бүү дэмий өнгөрүүл
  2. Нэг өдөрт нэг асуудал
  3. Оюуны стандартад суралц
  4. Оюунаа цэгцлэх тэмдэглэл хөтөл
  5. Зан аашаа анхаар
  6. Аминчхан бодлоо орхи
  7. Юмсыг харах өнцгөө өөрчил
  8. Мэдрэмжээ ойлго
  9. Бусдын нөлөөллийг шинжиж дүгнэ

Дээрх арга бүрийг заавал хэрэгжүүл гэхгүй. Бүгдийг нь нэг зэрэг хэрэгжүүлэхэд төвөгтэй тул урт хугацаанд аажмаар туршаад, өөрт хамгийн тохиромжтойг үргэлжлүүлэн хэрэгжүүлбэл зохино.

1. Цагийг бүү дэмий өнгөрүүл

Үр бүтээмжгүй өнгөрсөнд харамсаж, эсвэл бүр юу ч бодолгүй цагаа үрэх нь түгээмэл. Заримдаа шийдэж чадахгүй асуудалд бухимдаж, шийдэж болохуйц асуудлыг сайтар төлөвлөөгүйгээс хохирох нь бий. Жишээ нь, оргил цагаар түгжрэхийг мэдсээр байж эрт гараагүйгээс болж хоцордог шүү дээ.

Иймд энэ цаг хугацааг тухайн өдөр юу хийснээ эргэн санаж, давуу сул талаа үнэлэхэд зориулах хэрэгтэй. Нухацтай сэтгэгч болох хамгийн анхны алхмаа дараах асуултыг өдрийн төгсгөлд өөрөөсөө асууж эхлээрэй.

  • Өнөөдөр ямар нэг алдаатай дүгнэлт гаргасан уу?
  • Хэзээ хамгийн сайн төвлөрч тунгаав?
  • Миний олж мэдсэн чухал ойлголт юу байв?
  • Ямар ч уурлах шалтгаангүй зүйлд түүртсэн үү?
  • Өнөөдрийг дахин давтах боломж олдвол ямар нэг зүйл өөрчлөх байсан уу? Яагаад?
  • Өнөөдөр би өөрийн урт хугацааны зорилгын төлөө юу хийсэн бэ?

Асуулт бүрийг хэтрүүлэн бодолгүй, багахан цаг зарцуулж тунгаан бодоход л хангалттай. Дээрх байдлаар өөрийгөө үнэлэн, дүгнэхийг дадал болгосноор сэтгэн бодох хэв маягаа тодорхойлох боломжтой.

2. Нэг өдөрт нэг асуудал

Өдрийг эхлүүлхэдээ (ажил, сургууль руугаа явах замдаа ч юм уу) өнөөдөр ямар асуудалд төвлөрөх вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Тухайн асуудлын үндэс, шалтгааныг логикоор тодорхойлох гэж оролд. Өөрөөр хэлбэл 1) яг гол асуудал нь юу юм, 2) шалтгаан нь юу байж болох, 3) энэ асуудлыг шийдсэнээр ямар давуу тал бий болохыг системтэйгээр бодоод үзээрэй.

Системтэй бодох дарааллыг тайлбарлая.

  1. Шийдэх асуудлаа нэг нэгээр нь сонго. Сонгосон асуудлыг аль чадахаараа ойлгомжтой тодорхойлоорой.
  2. Тус асуудлыг шийдэхэд хэрэгтэй зүйлсийг тодорхойлъё. Үүнээс шийдэх боломжтой, боломжгүйг ялгаад зөвхөн шийдэж болохуйц асуудалд төвлөрнө.
  3. Дараа нь шийдэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулна.
  4. Цуглуулсан мэдээллийн эх сурвалж, найдвартай байдлыг шалгаад дүгнэнэ.
  5. Дүгнэхдээ богино болон урт хугацаанд ямар арга хэмжээ авч асуудлыг шийдэх боломжтойг тодорхойлно. Хийх боломжтойгоо л хэрэгжүүлнэ гэдгийг мартуузай.
  6. Хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон бол давуу, сул талыг нь бодит нөхцөл байдалдаа уялдуулан үнэлэх хэрэгтэй.
  7. Үүнээс хамгийн боломжит арга хэмжээг сонгож аваад хэрэгжүүлэх стратегиа сонго. Шууд л ханцуй шамлаад ажилдаа орох уу эсвэл нухацтай бодож, нөхцөл байдлыг дахин үнэлж байж хэрэгжүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй.
  8. Асуудлаа шийдэж эхлэх үед дээр дурдаагүй гэнэтийн нөхцөл байдал үүсч болзошгүй. Энэ үед стратегиа өөрчлөх боломжтой тул бүү сандар. Тодорхойгүй нөхцөл бий болбол, жаахан харзнаад нэмэлт мэдээлэл цуглуулсны дараа дээрх 7 дарааллаар дахин шийдэл эрэх хэрэгтэй.

3. Оюуны стандартад (intellectual standards) суралцах нь

Долоот бүр тогтмол оюунаа хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ оюуны нийтлэг стандарт болох тодорхой, оновчтой, үнэн зөв байдал ба хамаарал, гүн, өргөн, логик, ач холбогдолтой байдлыг  (clarity, precision, accuracy, relevance, depth, breadth, logicalness, significance) ойлгож, суралцаарай. Бүгдийг нь нэг дор сурах сорилттой. Иймд хамгийн энгийн буюу тодорхой байдлаас эхэлбэл оновчтой.

Жишээ нь ямар нэг мэдээлэл уншихдаа яг юу уншаад байгаагаа тодорхойж, ойлгох хэрэгтэй. Бодлоо бусдад яриа, бичгээр илэрхийлэхдээ ойлгуулахыг хүссэн санаагаа тодорхой эсэхийг шалгах нь чухал.

Юу уншиж, юу хэлж байгаагаа тодорхой эсэхийг мэддэггүй хүн гэж байх уу даа хэмээн бодож магадгүй. Харилцах явцдаа байр сууриа “Яг тодорхой байж чадаж байна уу?” гэдгийг бүтэн өдрийн турш ажиглаад үзээрэй.

Санаагаа тодорхой илэрхийлэх хэдэн аргачлал бий. Үүнд:

  • Хэлж байгаа зүйлээ хоёрдмол утгагүй, яг таг үгээр илэрхийл.
  • Оновчтой үг олдохгүй бол утгыг нарийвлан тайлбарлаж өг.
  • Нэмэлтээр амьдралд ойр, түгээмэл жишээгээр баяжуулан тайлбарла.
  • Бүр дэлгэрэнгүй, энгийнээр тайлбарлая гэвэл түүх, адилтгал, зүйрлэл, зураг эсвэл схемээр харуулаарай.

Товчхондоо тогтмол ТОДОРХОЙЛЖ, ТАЙЛБАРЛАЖ, ДҮРСЭЛЖ, ЖИШЭЭ авч санаагаа тодорхой, ойлгомжтой илэрхийлээрэй. Бусдын хэлэх гээд байгаа санааг ч бас ойлгомжгүй байвал дээрх аргачлалаар тайлбарлахыг зөвлөөрэй.

4. Оюунаа цэгцлэх тэмдэглэл хөтлөх нь

Долоот бүр хэд хэдэн удаа тэмдэглэл хөтлөөрэй. Бичихдээ дараах бүтцийг ашиглана.

  1. Нөхцөл байдал: Таны амьдралд сэтгэлзүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн нөхцөл байдлын тухай бичээрэй. Нэг удаад нэг л нөхцөлд төвлөрнө.
  2. Хариу үйлдэл: Дээрх тухайлсан нөхцөлд ямар хариу үйлдэл гаргаснаа буулга. Нүдэнд харагдахуйц тодорхой бичих хэрэгтэй.
  3. Анализ: Дээр бичсэн үйлдлээ нүдэндээ төсөөлөөд яагаад ийм үйлдэл хийсэн учир шалтгаанаа ухаж, шинжлэн дүгнээрэй.
  4. Үнэлгээ: Дүгнэлтдээ үндэслэн өөрийгөө үнэлээрэй. 1-10 оноо өг гэвэл хэдэн оноо өгөх вэ? Энэ нөхцөл байдал дахин давтагдвал ижил үйлдэл гаргах байсан уу?

Ингэснээр сэтгэл хөдлөлдөө хэрхэн автаж байгаагаа, ямар хариу үйлдэл хийдгээ дүгнэх боломжтой болно.

5. Зан чанараа анхаарах нь

Шаргуу зан, бие даасан байдал, эмпати, эр зориг, даруу төлөв байдал зэрэг аль нэг сэхээтний зан чанараас (intellectual trait) сард нэгийг сонгоод бүрэн ойлгож, эзэмшихэд төвлөрөх хэрэгтэй. Жишээ нь, даруу төлөв байя гэвэл алдаагаа хүлээн зөвшөөрч чадаж байгаа эсэхээ шалгахаас эхэлнэ. Бусад хүмүүс ажил бүтээл, бодох сэтгэхдээ гаргасан алдааг тань олж хараад шүүмжлэх үед та биеэ өмөөрч байгаа эсэхээ анзаар. “Би үүнтэй холбоотой бүх зүйлийг мэднэ. Түүнээс ч илүүг мэднэ. Үзэл бодлоо надад тулгадаг энэ одоо юу вэ?” гэж бодвол илүүг суралцах боломждоо саад болж байгаа хэрэг. Иймд, сэхээтний зан чанар (intellectual trait) бий болгоход анхаараарай.

6. Аминчхан бодлоо орхи

Аминчхан бодол (egocentrism) бол хүнд төрөхөөс өгөгдсөн, шууд л өөрийгөө зөвтгөх ухамсаргүй гажуудал юм. Үүнийг бүрэн арилгах хэцүү. Иймд өдөр бүр өөрөөсөө дараах асуултыг асууж, өөрийгөө анзаарч, аминчхан бодлоо дарах хэрэгтэй.

  • Би ямар нөхцөлд зөвхөн өөрийгөө боддог вэ?
  • Өнөөдөр жижиг зүйлсээс болж бухимдсан уу?
  • Өөрийгөө зөвтгөхийн тулд бодлогогүй (irrational) үг хэлж, үйлдэл хийсэн үү?
  • Үзэл бодлоо хэн нэгэнд тулгасан уу?
  • Асуудалд хүчтэй сэтгэл хөдлөл мэдрээд шууд л үзэн ядсан тохиолдол гарсан уу?

Дээрх байдлаар өдөр бүр хэр аминчхан бодож, үйлдэл хийдгээ анзаарч мэдсэнээр өөрийгөө системтэйгээр дүгнэн үнэлж, илүү нухацтай тунгаахад анхаарч эхэлдэг. “Энэ асуудалд нухацтай сэтгэгч хэрхэн хандах байсан бол?” гэх өнцгөөс бодох хэрэгтэй.

7. Юмсыг харах өнцгөө өөрчил

Бүхий л юмс, үйл явдлыг ямар нэг байдлаар тодорхойлж болно. Тодорхойлохдоо ямар мэдрэмж төрүүлсэн, ямар хариу үйлдэл хийсэн, хэрхэн дүгнэсэн зэргээс хамаарч тухайн үйл явдлыг янз бүрээр тодорхойлдог. Иймд юмсыг илүү сайнаар харах боломж, чадвар бидэнд бий. Ихэнх сөрөг нөхцөл байдлыг хүсэх юм бол эергээр өөрчлөх боломж бий.

Гэтэл бидний сэтгэл үл ханаж, хэвийн нөхцөл байдлыг дордуулан үнэлж, шал дэмий өөрсдийгөө бухимдуулдаг. Ийм үед харах өнцгөө өөрчилж давахад хүнд нөхцөлийг боломж гэж харах хэрэгтэй. Ингэхийн тулд  тандхамгийн төвөгтэй мэдрэмж төрүүлдэг 5-10 нөхцөлийг тодорхойлж, шийдэх зааварчилгааг бэлдээрэй. Тухайлбал, та шийдэж чадах, чадахгүй бүхий л асуудалд санаа зовнидог бол дараах бодлыг хэвшил болгоорой. “Энэ ертөнцийн бүх асуудлыг хоёр л ангилна. Шийдэх боломжтой эсвэл боломжгүй. Шийдэлтэй асуудлын шийдийг олох хүртлээ нухацтай бод. Шийдэлгүй асуудлыг зүгээр л орхи”

8. Мэдрэмжээ ойлго

Сөрөг мэдрэмж төрөх бүрд дараах байдлаар асуулт асуу.

  • Яг ямар бодлоос энэ мэдрэмж бий болов?
  • Энэ нөхцөлийг арай өөрөөр хэрхэн дүгнэж болох вэ?

Жишээ нь их уурласан үедээ “Нөхцөл байдлыг хэрхэн ойлгож дүгнэснээс болж уурлав? Миний бодолгүй орхисон мэдээлэл юу?” гэж асуугаад олон талаас харж дүгнээрэй.

9. Бусдын нөлөөллийг шинжиж дүгнэ

Таны ойр хүрээллийнхэн таны ямар зан араншинг дэмжиж эсвэл эсэргүүцэж байгааг анзаарч байсан уу? Бүлэг хүрээлэл бүрд тодорхой хэмжээний нийцэл бий. Ихэнх хүмүүс бусдын өөрт нь үүсгэсэн хүлээлтэд нийцэхийн тулд хичээж амьдардаг. Иймд бусдаас ирдэг дарамтыг анзаарч дүгнэн, хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдээрэй.

Эх сурвалж:
Paul, R. & Elder, L. (2001). Modified from the book by Paul, R. & Elder, L. (2001). 
Critical Thinking: Tools for Taking Charge of Your Learning and Your Life.