Синус, косинус, уламжлалыг чинь тэгээд юунд хэрэглэх юм бэ гэх агуулгатай сошиал бичвэр байсныг санаж байгаа болов уу. Яах аргагүй хоржоонтой өгүүлбэр. Нэг талаас ирээдүйд инженер, үйлдлийн шинжилгээ зэрэг чиглэлээр суралцахгүй, ажиллахгүй хүн өдөр тутамдаа шууд ашиглахгүй нь үнэн ч, нөгөө талаас эдгээр ойлголтыг амьдралтай нь ойртуулж заадаггүй нь манай сургалтын дутагдал. Угтаа математикийн боловсрол нь хүнийг эмх цэгцтэй, дараалалтай, логикийн дагуу сэтгэхэд сургаж буй хэлбэр юм.

Хөл бөмбөгийн тамирчин тоглолтын үеэр бөмбөг өшиглөөд л, уран гоё хуураад л гоол оруулдаг. Энэ бол ердөө харагдаж буй хэсэг. Харин бэлтгэл дээрээ биеийн хүчний төрөл бүрийн дасгал хийдэг. Дасгалыг нь дангаар нь харвал ямар ч утга учиргүй, гэхдээ биеийн тодорхой хэсгийг хөгжүүлэх зорилготой. Хоорондоо салангид эдгээр дасгалын ачаар тамирчны бие бялдар хийх ёстой техникээ амжилттай гүйцэтгэх суурь болдог.

Математик яг адилхан. Дан дангаараа орших бодлогыг харвал уйтгартай. Гэхдээ таны тархины булчинг дараа нь юунд ч ашиглахад бэлэн болтол нь хөгжүүлдэг. Жишээлбэл механик физикийн энгийн нэг бодлогыг бодоход л вектор, тригонометр, уламжлал зэрэг математик үзсэн ойлголт хэрэг болно. Харамсалтай математикт судалсан хийсвэр ойлголтыг сэтгэн бодох хэв маягтай нь шууд уялдуулах гүүр яах аргагүй дутаад байгаа юм. Булчин дажгүй хөгжчихлөө, одоо харин бага сага техник хэрэгтэй.

Математикаар хөгжсөн тархины бядыг бодит ертөнц рүү буулгах гүүр нь логик, нухацтай сэтгэлгээ юм л даа.

Харамсалтай нь манай боловсролын бага болон суурь хөтөлбөрт Логикийн хичээл огт байхгүй, ахлах ангийн хөтөлбөрт Логикийн хичээл сонгон суралцах төдий байна. Харин нухацтай сэтгэлгээ гэдэг ойлголт боловсролын хөтөлбөрт огт суугаагүй байна. Логик сэтгэлгээг хөгжүүлнэ, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ гэдэг үгс байгаа ч ихэвчлэн нэг хичээлийн хавсарга шинжтэй, яг яаж, ямар арга замаар гэдэг нь ойлгомжгүй хэвээр. Их, дээд сургуульд ч Логикийн хичээл сонгон суралцах хэмжээнд байна. Зарим сургуульд бүр ийм хичээл ч байхгүй байна.

Сэтгэн бодох хамгийн суурь хэв маягийг шууд хичээлээр олгохгүй, хавсарга хэлбэртэй, хагас дутуу орж байгаа боловсролын тогтолцоо үнэхээр өрөөл татанхай гэж хэлмээр. Магадгүй авторитар дэглэмд хүн чөлөөтэй сэтгэн бодох нь төр засагт аюултай байсан учраас ийм хичээл орохоос болгоомжилдог байсан биз ээ. Гэтэл Дэлхийн эдийн засгийн форумаас зарлаж буй чухал ур чадварт нухацтай сэтгэлгээ, бүтээлч сэтгэлгээ, систем сэтгэлгээ зэрэг ойлголт ямагт дээгүүр байрласаар байна.

Нухацтай сэтгэлгээ нь дан ганц сэтгэн бодох хэв маяг, логикоос гадна, мэдээллийн найдвартай байдлыг үнэлэх, мэдээллийн эх сурвалжийг үнэлэх, өгүүлж буй зүйлээ найруулгын ямар нэг алдаагүйгээр илэрхийлэх тухай асуудлыг авч үздэг (Схемийг харна уу). Энэ ур чадвар нь хүн ямар ч мэргэжил эзэмшсэн, ямар ч ажил хийсэн зайлшгүй хэрэгтэй байх нь. Зарим хүмүүс нухацтай сэтгэлгээг ажил дээр гарч, нэлээд олон бэрхшээлийг туулж, аажмаар буюу хар практикаар нүдэж сурдаг. Зарим хүн сурч ч чаддаггүй.

Схемээс харвал үндэслэл болгож буй мэдээллийн найдвартай байдлаар нухацтай сэтгэх процесс эхэлдэг. Нухацтай сэтгэхийг үйлдвэр гэж төсөөлбөл, түүхий эд орц нь найдвартай мэдээлэл юм. Мэдээллийн найдвартай байдлыг шалгахад наад захын суурь мэдлэг хэрэгтэй. Ядаж л астрономи, астрологи хоёроо ялгаж салгадаг, цаашлаад псевдо ШУ нь автахааргүй байх учиртай. Үүний тулд суурь мэдлэгийн нээлттэй сан, төрийн мэдээлэл ил тод, дата нь нээлттэй олж авахад хялбар байхыг шаарддаг. Цаашлаад хиймэл оюун ухаан, фотошоп хөгжчихсөн энэ үед мэдээллийн анхдагч эх сурвалжийг хайж олох, эх сурвалжийн найдвартай байдлын эрэмбийг мэддэг байх нь маш чухал. Мэдээлэл, мэдээллийн эх сурвалж найдваргүй бол мянгантаа зөв сэтгээд ч оновчтой дүгнэлтэд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, маш сайн үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй хэр нь түүхий эд нь чанар муутай бол эцсийн бүтээгдэхүүн ч тааруухан байдаг. Сайн мэдээлэлтэй болчихлоо, одоо сайн боловсруулах хэрэгтэй.

Харамсалтай өнөөдөр манай боловсролын тогтолцоо унших, цээжлэх, бодож хариу гаргах, цээжилснээ буцааж хариулах маягтай л өрнөж байна.

Гурван эх сурвалж уншаад цээжлээд тест өгөх бус, гурван эх сурвалж дээр нэмээд амьдралын туршлага, бусад эх сурвалжаар баяжуулж байр сууриа цэгцтэй илэрхийлсэн эсээ бичүүлэхийн тулд нухацтай сэтгэлгээ зайлшгүй, бүр зайлшгүй шаардлагатай юм. Хөгжингүй орны их сургуульд суралцах үед та ямар дүгнэлтэд хүрч байгаа нь нэг их сонин байдаггүй, харин уг дүгнэлтдээ хэрхэн хүрэв гэдгийг нь анхааралтай ажигладаг.

Өөрөөр хэлбэл сэтгэн бодож буй арга барил нь бүтцийн хувьд оновчтой юу, логик алдаагүй юү, ямар нэг гажуудлын нөлөөнд автсан уу гэдэгт анхаарлаа хандуулдаг. Сайн мэдээлэл ашиглаж, асуудалгүй эргэцүүлсэн бол дүгнэлт гардгаараа л гарна. Алдарт Эйнштейн “Харьцангуй онолыг няцаасан Зуун эрдэмтэн” номын тухай сонсоод “Миний онол буруу гэдгийг нотлоход нэг эрдэмтэн л хангалттай шүү дээ” гэж хэлсэн нь ч ийм учиртай. Сайн баримт, алдаагүй логик хоёр байгаа үед дүгнэлт өөрөө мөрдөгдөнө. Хүчлэх шаардлагагүй.

Эцсийн бүлэгт тэгээд энэ нухацтай сэтгэлгээний практик хэрэглээ нь юу юм бэ гэж гайхаж магадгүй. Ажил хэрэг өрнүүлэх, нийгмийн асуудлаа амжилтай хэлэлцэж, шийдэл гаргахад зэрэг хүн хоорондын харилцаа, шийдвэр гаргах хэрэгцээ байгаа л бол сэтгэн бодох, тэр дундаа нухацтай сэтгэх зайлшгүй шаардлагатай. Шууд л дүгнэлтийг нь хараад л дайсны тал, манай тал гээд туйлшрах гээд, аливаа асуудлыг өгүүлж буй хүнтэй нь холбож наачих гээд байгаа нь нь ердөө л энэ нухацтай сэтгэх ур чадварт нийтээрээ суралцаагүйн хар гай юм л даа. Мөн хүнийг анхааралтай сонсох, ярьж байгаа зүйлд нь нухацтай үнэлэлт дүгнэлт өгөх, асуулт асууж сурдаг. Энэ бол энгийн харилцан ярианаас эхлээд, бодлого боловсруулах их хурлын танхимд ч хэрэг болох ур чадвар юм. Та синус, косинус ашиглахгүй байх магадлалтай ч хүнтэй ярихгүй харилцахгүйгээр энэ нийгэмд амьдрах, ажил хэргээ бүтээх боломжгүйг ойлгох хэрэгтэй.

Нухацтай сэтгэж чадахгүй бол санал солилцож, эрүүл мэтгэлцэж чадахгүй, улмаар дундын зөвшилцөл ч угсарч чадахгүйд хүрч, нийгэм хуваагдаж, бутрах үүд нээгддэг. Ийм хуваагдсан, талцсан нийгэмд хөгжил дэвшил ярих ямар ч боломжгүй юм. Тиймээс 8 настай балчраас эхлэн 80 настай хөгшид хүртлээ нухацтай сэтгэлгээнд шинээр суралцах, дахин суралцацгаая!

Тасралтгүй боловсрол судалгааны институтийн багш
С.Өнөр 2025.04.09-нд ГэжЮуВэ сэтгүүлд зориулан бичсэнийг 2025.04.13-нд нэмж сайжруулав